Categories
мэдээ нийгэм

Монголын сэтгүүлчид тайландын туршлагаас суралцав

Гадаад харилцааны яамнаас санаачлан зохион байгуулсны дагуу Тайландын ГХЯ-ны Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (ТАЙКА)-аас манай сэтгүүлчдэд зориулан “Олон улсын сэтгүүл зүй ба дипломат арга ажиллагаа” сэдвээр 2017 оны 1 дүгээр сарын 17-ноос 27-ны өдрүүдэд зохион байгуулсан сургалт Тайландын Рангситын Их сургуульд амжилттай болж өнгөрөв.

Сэтгүүлчдэд зориулсан сургалтад Рангситын Их сургуулийн Олон улсын харилцааны болон Сэтгүүл зүйн танхимуудын багш, профессоруудаас гадна Тайландын Ерөнхий сайдын ажлын алба, Гадаад хэргийн яамны Мэдээллийн газар, мөн Тайландын Хааны гэрэл зургийн нийгэмлэгийн мэргэжилтнүүд ирж лекц уншив. Тухайлбал, Тайландын Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгчийн орлогч, дэслэгч-генерал Вийрачон Суконтапатипак (Deputy Government Spokesman Lieutenant General Weerachon Sukontapatipak) манай сэтгүүлчдэд зориулан төрийн албан хаагчид, ялангуяа гадаад харилцааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагын төлөөлөгчид хэвлэл, мэдээллийнхэнтэй хэрхэн харилцах талаар лекц уншиж, туршлагаасаа хуваалцав.

Сургалтын хугацаанд Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа Элчин сайд Т.Төгсбилгүүн нийт төлөөлөгчдийг ЭСЯ-нд хүлээн авч уулзаж, Монгол- Тайландын харилцааны талаар сэтгүүлчдийн сонирхсон асуултуудад хариулж, ярилцлага өгөв. Сургалтын төгсгөлд сэтгүүлчид Тайландын орон нутагт зочилж, түүх дурсгал, соёлын цогцолбор газруудтай танилцсан болно.

Энэхүү сургалт манай сэтгүүлчдийг олон улсын харилцаанд тулгамдаж буй асуудлуудын талаарх мэдлэг, мэдээллээ дээшлүүлэх, түүнчлэн гадаадын төр, засгийн тэргүүн, өндөр албаны төлөөлөгчидтэй харилцаж мэдээлэл олж авах, ярилцлага хийх соёл, арга барилаас суралцах, мөн сүүлийн үеийн дэвшилтэт техник технологитой танилцаж, тэдгээрийг эзэмшихэд ихээхэн ач холбогдолтой болов.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *