Categories
мэдээ нийгэм

Монголын Сайтын Холбооноос мэдэгдэл гаргалаа

Монголын Сайтын Холбооны гишүүн AMJILT.COM сайтыг 2014 оны долоодугаар сарын 4-ний үдшийн 20 цагийн орчим Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос зөрчилтэй сайтуудын жагсаалтад оруулан хаасантай холбогдуулан тус холбооноос мэдэгдэл гаргав. Тэрхүү мэдэгдэлд ““Хаан жимс” амралтын газар нь Туул гол руу бохир усаа асгаж, байгаль орчинг бохирдуулж байгааг Монголын Сайтын Холбооны гишүүн, Монгол улсын тэргүүлэх топ сайтын нэг, Монголын анхны вэбсайтуудын нэг, зургаан жилийн түүхэн замналтай AMJILT.COM сайтын сэтгүүлчид шүүмжлэн, баримт нотолгоотой, гэрэл зураг бүхий сурвалжлага бэлтгэн олон нийтэд хүргэсэн юм.

Харамсалтай нь, тус компани хууль зөрчиж, байгаль орчин бохирдуулж байгаа үйлдлээ засаж залруулан арга хэмжээ авахын оронд ХХЗХ-г ашиглан хэвлэл мэдээллийн хэрэгслийг хааж, дур зоргоороо авирлахыг илүүд үзжээ. Зүй нь дээрх мэдээ мэдээллийн эсрэг гомдолтой байгаа бол гомдлоо ном журмын дагуу гаргаж, шийдүүлэх учиртай. Гэтэл ХХЗХ-г вэбсайтуудын “Дээд шүүх” гэж хараад байгаа бололтой юм” хэмээн дурьджээ.

Мөн “AMJILT.COM сайтад 2014 оны долоодугаар сарын 3-ны өдөр “Хаан жимс амралтын газар Туул гол руу бохироо асгаж байна” гарчигтай фото сурвалжлага нийтлэгдсэний дараа ХХЗХ-оос өөрийгөө Алтай гэж танилцуулсан эмэгтэй сайтын редакц руу утсаар ярьж “Энэ мэдээллийг устга, залруулга гарга. Тэгэхгүй бол сайтыг чинь нэг цагийн дотор хаана” хэмээн сүрдүүлж, улмаар хэлсэн үгээ нотлон тус вэбсайтын Монгол дахь дотоод хандалтыг хаасан байна. Энэ нь Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа олон хууль тогтоомж, тухайлбал, Монгол Улсын хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль, Монгол улсын компанийн тухай хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Оюуны өмчийн тухай хууль зэргийг ноцтойгоор зөрчжээ.

Мөн Монгол Улсын Эрүүгийн хуулийн 139 дүгээр зүйлд “Өөрийн болон бусдын ашиг сонирхлыг хөндсөн аливаа мэдээллийг нийтэд тараах болон тараалгахгүй байхын тулд сэтгүүлчийн хуульд нийцсэн мэргэжлийн үйл ажиллагаанд саад хийсэн, энэ гэмт хэргийг албан тушаалаа ашиглаж үйлдсэн бол Эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай заалт бий. Ардчилсан нийгмийн үнэт зүйл болоххүний эрх, мэдээлэл олж авах, дамжуулах, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөнд  ноцтойгоор халдаж, түүний хууль бус үйлдлийг хаацайлахын төлөө Харилцаа холбооны зохицуулах хороо сэтгүүлчдийг дарамтлан хэвлэн нийтлэх үйл ажиллагаанд нь саад хийж, хэвлэл мэдээллийн байгууллагын амыг барьж байгаад Монголын Сайтын Холбооны гишүүд гүнээ харамсаж байгаагаа илэрхийлье” гэжээ.

Цааш нь, “Байгуулагдаад 5 жил болж байгаа, вэбсайтуудын орчин дахь хамгийн ууган ТББ болох Монголын Сайтын Холбоо ТББ нь гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалж шат дараатай арга хэмжээнүүдийг шуурхай авч ажиллах болно” хэмээн мэдэгджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *