Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголын сайхан байгалийг мал сүйтгэх, нинжа сүйтгэх хоёрт чанарын ялгаа алга

Сүүлийн хэдэн жил “нинжа” нарын тухай ярих болсон. Тэд хууль бусаар, гар аргаар олборлолт явуулан байгаль дэлхийг сүйтгэж байгаа. Ядаж байхад алт байгалийн хамгийн үзэсгэлэнтэй газар байх юм. Хаана л ус мөрөн урсаж, гол горхи шуугьж байна тэнд алттай байх нь бишгүй. Нуур цөөрмөөр хүрээлэгдсэн, ой мод шуугьсан байгалийн үзэсгэлэнт газар ихэнхдээ алттай байдаг. Гэвч тиймэрхүү газрыг сүүлийн хэдэн жил “нинжа” нар там болгон хувиргаж байгаа. Хэдхэн жилийн өмнө байгалийнх нь сайхныг биширч дуу алдаж байсан газраа эргээд очиход нүд халтирмаар болсон байх нь бий. Яг үүнтэй ижил хаана гол горхи, нуур цөөрөм байна тэнд мал битүү шавчихсан байдаг.

Уг нь зуны орой нар жаргахын алдад голын эргээр сүрэг мал багширсан байхыг хараад сэтгэл хөдөлдөг байлаа. Монголын унаган байгаль, баялаг гэдэг чинь л энэ шүү дээ гэж эрхгүй сэтгэлд буун сайхан санагддаг байв. Ер нь иймэрхүү дүр зураг харсан ямар ч монгол хүн өөрийн эрхгүй огшиж эх сайхан нутгаараа бахархдаг биз. Зуны дэлгэр цагт ийм дүр төрхийг л олж харах гэж хөдөө нутгийг зорьдог. Харин сүүлийн үед нуур, голын эрэг дагуу багшралдан бэлчиж буй мал сүргийг хараад дэндүү харам санагдах болж. Дэлхийн цаг уур өөрчлөгдөж хаа сайгүй ган гачиг болж буй. Ийм үед нуур, цөөрөм ширгэн алга болж байна. Хүн төрөлхтөн байгалийн үзэсгэлэнг бие биеэсээ нуун харамлаж байхад Монголын хамгийн сайхан байгальтай газар малын хөлд сүйдэж байгаа нь хайран санагдаад байх юм. Жижиг цөөрмийн дэргэд адуун сүрэг өдөржин бөөгнөрч байгаад оройн сэрүүнд бэлчээрлэж явсан хойно тэнд юу үлддэг билээ дээ. Хөл тавихын аргагүй битүү адууны хомоол, шээсэнд дарагдсан байдаг.

Дэргэд нь суугаад байгалийн сайхныг бахдах аргагүй болгочихдог. Түүнтэй яг ижил малчин айлын зуслан хавьд амрах аргагүй болно. Малчид бас л хамгийн гоё модтой, гол горхитой газар очоод буучихдаг нь гаслантай. Тухайн нутгийнхаа хамгийн сайхан, цэл ногоон сэргэлэн дэнж дээр малчин айл зусландаа буудаг. Харин тэднийг нүүх үед хашаатай хонь уг дэнж дээр дахин хэдэн жил айл буухааргүй болтол шавар шавхай болгочих юм. Нүүгээд явсан хойно нь тэнд хог новш, малын баас л үлдэнэ. Тэр сайхан байгалийн өнгө гурваас таван жилдээ сэргэхгүй хэмжээнд очдог. Ингээд бодохоор байгаль дэлхий малын хөлд ч тэр уул уурхайд ч тэр ялгаагүй сүйдээд байна.

Нэг ёсондоо 60 сая эвэртэй “нинжа” монгол даяарын хамгийн үзэсгэлэнтэй байгалийг сүйдлээд байна. Уг нь бидний сэтгэхүйд бэлчээрийн мал аж ахуй ингэж явахаас өөр замгүй мэт санагддаг. Одоог хүртэл ингэж бодсон хэвээр байгаа. Мал сүрэг нь байгалийнхаа хамгийн сайханд бэлчээрлэж усны тунгалгийг ууж өвсний соргогийг идэж байх нь жирийн, байх л ёстой зүйл мэт бодогддог. Гэвч байгаль дэлхийг сүйтгэж байгаа нь “нинжа” нартай адилхан байгаа юм. Тиймээс мал бэлчээрлэх газрыг хуулийн зохицуулалтаар зааж өгмөөр байна. Малчид тухайн жилд хаагуур нутаглана, дараа нь тэндээ цэвэрлэгээ хийдэг болох хэрэгтэй. Айл амьтан нутагласан л бол ойр орчимд нь хог, цаас үлдэхгүй байна гэж үгүй. Бас малын сэг зэмээ газарт булж үгүй болгомоор байна. Тэгэхгүй бол нэг сайхан өдөр гэрээсээ гарч зугаалж явсаар уулын бэлд суух гэтэл ойрхон малын сэг өмхийрчихсөн хэвтэж байхтай таарах энүүхэн. Энэ бүхнийг хуульчилж өгмөөр байгаа юм. Малчин өрх малынхаа хороог хаана яаж барих, малаа хаана бэлчээх, орчноо хэрхэн өөд татах гэхчилэн тусгай зүйлүүдийг нарийн заалтаар хуульчлаад өгчих хэрэгтэй. Бас малыг гол, нууранд оруулдгийг зогсоомоор байгаа юм. Тунгалаг сайхан уснаас хутгаад цай чанах гэтэл дээр нь адуун сүрэг орчихсон ялаагаа үргээж байдаг.

Түүгээр ч үл барам гол мөрний дэргэд мал услах газрыг тусгайлан бий болгоё. Эрэг рүү уруудаж ирээд шууд уудаг биш хажуудах шуудуу юмуу онгоцноос уулгахыг малчдад хэвшүүлчих. Бас жижиг нуур, цөөрмийн дэргэд адуу хонуулдгийг болиулмаар байна. Энд л сайхан байгальтай даа гээд очоод хоноглох гэхээр малын хөлд дарагдаад майхан барих ч зайгүй болчихсон байх нь бий. Битүү аргал хомоол, малын баасан дунд тухтай амрах боломж олдохгүй юм. Тэгэхээр энэ бүхнийг хуульчлаад өгчихвөл хэн хэндээ амар байхсан. Малын бууц уул уурхайтай ижил хүлэмжийн хийг асар ихээр ялгаруулдаг гэж эрдэмтэд яриад байгаа. Үүнд ч гэсэн анхаарал хандуулах хэрэгтэй. Ер нь ингэж аль сайхан газраа мал амьтан багшралдуулахын оронд хүн шавуулдаг болъё. Тэгэхгүй бол аль сайхан газар бүхэн, байгалийн үзэсгэлэнтэй тохой бүрт мал шаваад байхаар хүнд ямар ч хүртээлгүй болчихоод байна. Ингэж нүүдлийн аж ахуйг байгаль орчинд хэр зэрэг ээлтэй байна вэ гэдэг талаас нь бодохгүй бол болохгүй цаг иржээ. Манай улсын хүн амын тоо ч өсөөд байна. Мал сүргийн тоо ч өсөж байгаа. Яваандаа багталцаж шингэхээ байх тул эртнээс хууль дүрэм гаргаж зохицуулалт хийе.

С.АЛТАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Монголын сайхан байгалийг мал сүйтгэх, нинжа сүйтгэх хоёрт чанарын ялгаа алга” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы бямба гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Ардчилсан нам өчигдөр морин цагт Сонгуулийн ерөнхий хороонд УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлж, мөрийн хөтөлбөрөө хүргүүллээ. Үүний дараа АН-ынхан мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд “Экспортыг нэн тэргүүнд гэдэг зорилт тавьж байгаа” хэмээн сонгуулийн мөрийн хөтөлбөрийнхөө тухай ярьсан юм. Та энэ талаарх дэлгэрэнгүйг нэг, хоёрдугаар нүүрнээс уншаарай.

Бямба гариг бүрт хүргэдэг уламжлалт “Нэг ангийнхан” буланд Баруун-Урт сумын нэгдүгээр арван жилийг 1982-1992 онд суралцаж төгссөн ангийг урьжээ. Эдний ангиас УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Монголбанкны дэд ерөнхийлөгч асан Б.Жавхлан, Сүхбаатар аймгийн АН-ын дарга З.Энхтөр, Орхон аймгийн ХҮН-ын дарга У.Амарзаяа гээд салбар бүрт нэр хүнд бүхий яваа эрхмүүд байгаа аж. Энэ ангийнхны тухай тэмдэглэлийг VI нүүрнээс уншаарай. Улс төрийн нүүрнээс УИХ-ын чуулганаар хэлэлцэж баталсан асуудал болон цаг үеийн мэдээ мэдээллийг унших боломжтой.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг, нийгмийн нэгэн залуур чиг болж байдаг Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Монголын сайхан байгалийг мал сүйтгэх, нинжа сүйтгэх хоёрт чанарын ялгаа алга” нийтлэл хэвлэгдлээ. Та энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг III нүүрнээс уншаарай. Харин “Үйл явдал” булангаас “Галт зэвсгийн сум хэрэгсэл хууль бусаар худалддаг бүлэг илрүүлжээ” болон цаг үеийн үйл явдлууд нийтлэгдлээ.

Мөн бямба гариг бүрт хүргэдэг “Дэлхийн хүмүүс” нүүрт Адольф Гитлерийн талаарх сонсоогүй сонирхолтой мэдээллийг унших боломжтой. Та энэ талаарх дэлгэрэнгүйг VIII нүүрнээс уншаарай. Мөн “Өдрийн сонин”-ы уламжлалт булан болох “Хэлэх эрхийн индэр”, “Өд, бэх”, “Амрах агшин”, “Ном ярьж өгье” булангуудад сонирхолтой мэдээ мэдээлэл хэвлэгдлээ.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.
“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.
“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *