Categories
мэдээ цаг-үе

Монголын оюун санааны“ОД” Очирбатын Дашбалбарын мэндэлсний тэгш ойг тэмдэглэн өнгөрүүллээ

“Амьддаа бие биеэ хайрла хүмүүсээ

Алив сайхнаа бусдаас битгий харамла” хэмээх шүлгийг мэдэхгүй хүн гэж үгүй. Төрийн шагналт, яруу найрагч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Очирбатын Дашбалбар агсны энэхүү хоёр мөрт монголчуудын оюун санааны хөтөч болсоор өдгөө 37 дахь жилтэйгээ золгож байна. Их найрагч О.Дашбалбар цэл залуухан хорин гуравхан насандаа энэхүү уран бүтээлээ туурвижээ. Эх оронч, улс төрч, яруу найрагч, хөгжмийн зохиолч, дуучин, зураач зэрэг салбарт нэрээ тамгалсан их найрагчийн мэндэлсний жаран жилийн ой өнгөрсөн баасан гаригт Соёлын төв өргөөнд боллоо. Энэхүү аугаа эх орончийн мэндэлсний жаран жилийн ойд Монголын утга зохиол, улстөрийн нэрт зүтгэлтнүүд, урлаг, соёлын “од”-ууд ах, дүү хамаатан садан, найз, үр хүүхдүүд нь хүрэлцэн ирлээ. Их найрагчийн мэндэлсний тэгш ойн эхлэлд хүү Д.Гангабаатар нь “Өнөөдөр би дөчин хоёр нас хүрлээ.

Өнгөт орчлонгийн нар дөчин хоёр нас хүрлээ

Холхи алсын уулс, хонгор талын толгод дөчин хоёр нас хүрлээ

Хорвоо дээр надтай цуг нарс, горхи дөчин хоёр нас хүрлээ

Аугаа тэнгэр мөнхийн настай, үхэлгүй шидтэй ч

Аяа миний л хувьд дөчин хоёр настай

Асралт нар тэрбум тэрбум жилийг элээсэн ч

Аяа миний л хувьд дөчин хоёр настай” хэмээн аавынхаа уран бүтээлээр энэхүү арга хэмжээг нээв. Тэрбээр “Аав минь өнөөдөр цэл залуу дөчин хоёр настай тэр л дүрээрээ Монголын ард түмэн, үзэг нэгт нөхөд, үзэл бодол нэгтэй андууд, ачит багш, хайрт шавь, амраг садан, үр хүүхдүүд биднийхээ сэтгэлд хүн чанар, мөн чанар, бүтээлээрээ мөнхөрсөн. Нарт хорвоод дөчин хоёр наслахдаа миний аав хорь гаруй ном хэдэн зуун яруу найраг, эсээ, өгүүлэл, уянгын бичлэг, нийтлэл, өөрийн гараар зурсан хорь гаруй уран зургийн бүтээлийг бидэнд үлдээсэн байна. Аавынхаа уран бүтээлийн баялаг сангаас та бүхэнтэйгээ өнөөдөр хуваалцаж байгаад туйлын их баяртай байна” хэмээн үгээ өндөрлөсөн юм. Энэхүү тэмдэглэлт ойг “Болор цом”-ын хошой эзэн, яруу найрагч Баярхүүгийн Ичинхорлоо хөтлөн явуулсан. Ойд зориулан уран бүтээлийн үзэсгэлэн, номын баяр, эрдэм шинжилгээний бага хурлыг “Дашбалбар” сан, Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэн, Улаанбаатарын их сургууль, Монголын Уран зургийн галерей, Хүүхдийн төв номын сан, Сүхбаатар аймгийн угсаатны зүйн музей, Соёл, яруу найргийн академи хамтран зохион байгуулав. Монголын оюуны санааны “Од” О.Дашбалбарын зурсан зураг, бусад бүтээлийн үзэсгэлэн, ойд зориулж шинээр хэвлүүлсэн таван номын нээлт, баярын арга хэмжээ Монголын Уран зургийн галерейд, эрдэм шинжилгээний бага хурал, “Миний мэдэх Очирбатын Дашбалбар” эсээ бичлэгийн уралдааны шагнал гардуулах ёслол Хүүхдийн төв номын санд тус тус болсон юм. Монголын гэрэлт ирээдүй болсон хүүхдүүд чуулах оюуны их өргөөнд Монголын оюун санааны их мэргэдүүд хөл гишгэх зайгүй хүрэлцэн ирсэн байлаа. Ойн нээлтийн үеэр О.Дашбалбар найрагчийн дотны анд “Чингис хаан” хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан “Шилийн богд” хэмээх уран бүтээлээрээ ая дуу өргөсөн юм. Энэ үеэр их найрагчийн гэргий Н.Борхүүхэн “Би 18-тай, хань минь 17-той байхад бид хоёр анх танилцаж билээ. Насны ганцхан ханьтайгаа, нарт хорвоо дээр хорин долоон жил ханилсан. Өнөөдөр хайрт нөхрийн маань 60 насны ой болж байна. Энэхүү тэмдэглэлт ойг нь хамтран зохион байгуулж буй ах, дүү, найз нөхөд, үр, хүүхэд, ач, зээ, хүрэлцэн ирсэн бүх хүмүүстээ баярлаж байна” хэмээв. Их найрагч Очирбатын Дашбалбар бол XX зууны төгсгөл үед ид уран бүтээлээ туурвисан, гайхамшигт, суу билэгт яруу найрагч. Түүний шүлэг уран бүтээл нь эх орноо хайрлах, аугаа их хайр бахархлаар амьсгалдаг. Тэрбээр уран бүтээлийн 10 гаруй номыг хойч үедээ үлдээсэн. Их найрагчийн оюун санаа, үзэл бодлын төлөвшлийн эхлэл гэж хэлж болохоор “Салхиар ганхах цагаан өвсөнд амь нас минь буй” хэмээх шүлэг нь байна. Хээр талд намрын салхинд ганхах ганц цагаан өвсөнд өөрийнх нь амь нас байгаа юм шиг энэхүү шүлэгтээ илэрхийлсэн нь үнэхээр гайхамшигтай. Энэ бол түүний уран бүтээлийнх нь удирдтгал юм. Их найрагч О.Дашбалбар өөрийгөө олж авахын тулд цэл залуухан насандаа гайхамшигтай хөдөлмөрлөсөн хүн гэдгийг Монголын оюун санааны нэрт төлөөлөгчид хэлдэг билээ.


Д.Мөнгөндалай: ААВЫНХАА ЖАРАН НАСНЫХ НЬ ТЭМДЭГЛЭЛТ ОЙГООР ХҮН БОЛГОНЫ МЭДДЭГГҮЙ НЭГЭН ШИНЭ ЕРТӨНЦИЙГ НЬ ДЭЛГЭН ХАРУУЛЛАА

Төрийн шагналт, их найрагч, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Очирбатын Дашбалбарын том охин, “Өдрийн сонин”-ы албаны дарга, нэрт нийтлэлч Д.Мөнгөндалай: -Аавын минь жаран насны тэмдэглэлт ойгоор урлаг, соёл, төр засгийн төлөөлөл болсон нэрт зохиолчид, улстөрчид, найз нөхөд, ах, дүүс, уран бүтээлийг нь шимтэн унших дуртай олон түмэн, дэмжигчид нь хүрэлцэн ирлээ. Аавынхаа мэндэлснийх нь тэгш ойн жилүүдийг бид бүхэн ийн тэмдэглэдэг. Өнөө жил аавын зурсан уран зургуудаар нь том үзэсгэлэн дэлгэж, олон түмэнд сонирхууллаа. Мөн аавынхаа “Миний захидлууд” хэмээх номыг шинээр хэвлэж уншигч түмэндээ бэлэг барилаа. Одооны хүмүүс нэгэндээ захиа бичихээ бараг больсон. Энэхүү номонд хүний сэтгэлээс гарах дотоод харилцааг ил болгож тавьснаараа онцлог болсон болов уу. Зарим хүмүүс миний аавыг яруу найрагч талаас нь түлхүү мэддэг. Гэхдээ аав маань шүлэг, яруу найраг бичихээс гадна хөгжмийн зохиолч, олон төрлийн хөгжмийн зэмсгээр тоглодог, сайхан дуулдаг, зурдгийг нь тэр бүр мэддэггүй. Тийм болохоор аавынхаа болор талст шиг олон талын авьяасыг нь харуулахаар энэ жил уран зургуудыг нь нийтэд дэлгэж байгаа юм. Өөрөөр хэлбэл аавынхаа жаран насных нь тэмдэглэлт ойгоор хүн болгоны мэддэггүй нэгэн шинэ ертөнцийг нь дэлгэн харууллаа. Өмнө нь бид аавынхаа тэгш ойн тэмдэглэлт өдрийг орон нутагт нь бөх барилдуулж, морь уралдуулж, яруу найргийн наадам зохион байгуулдаг байсан. Гэвч энэхүү арга хэмжээ маань төдийлөн хүнд хүрж чадахгүй байгааг мэдсэн. Тийм болохоор өнөө жил нийслэлд буй олон түмэнтэйгээ аавынхаа тэмдэглэлт ойг хамт өнгөрүүлэхээр шийдсэн. Тэр ч утгаараа илүү олон хүн, илүү өргөн хүрээнд энэ удаагийн арга хэмжээ өргөн дэлгэр болж өнгөрлөө” хэмээв.

Т.Галсан: ТҮҮХ САЙН ХҮҮГЭЭР ДУТДАГ Л ЮМ БАЙНА

Монгол Улсын ардын уран зохиолч, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Тангадын Галсан:

-О.Дашбалбарын мэндэлсний жаран жилийн ойгоор түүний хүү Гангабаатар нь аавынхаа улс төрийн үзэл баримтлалынх нь тухай ярьж байхыг сонсоход цаг, түүх надад дахин амилах шиг сайхан санагдлаа. Улсаа худалдсан урвагчидтай, идэж уухын донтонтой, эвлэшгүй тэмцдэг тийм шударгуу улс төрч, сайхан эх оронч хүн байсан даа. Гачлантай нь дэндүү эрт дээд тэнгэрийн оронд дуудагдчихсан. Тэгээгүй бол Монголын улс төрд нүүрлэсэн авлига, энэ “овт шаарууд”, оргож цугтаагчдын шийрүүд ийм олноороо төрөхгүй байсан. Түүх сайн хүүгээр дутдаг л юм байна гэсэн бодолтой байна. Дашбалбар өдгөө амьд сэрүүн байсан бол миний дунд хүүтэй насны хувьд ойролцоо байх байлаа. Ер нь ороо нь ороогоороо, жороо нь жороогоороо гэдэг шиг ахмад үеийг хүндэтгэх сэтгэлээрээ надтай их эрт уулзаж, танилцаж, олон удаа лонхны бөглөө сэтгэлийн таглаа онгойлгож байсан. О.Дашбалбар хуучин нийгмийн хүн атлаа шинэ нийгмийн хувь заяаны төлөө зоригтой тэмцэж явсан улс төрч. Өнөө жил туужийн зохиолын их аварга Чадраабалын Лодойдамба гуайн ой, “Маамуу нааш ир” хэмээх ганцхан шүлгээрээ Монголын зургаан үеийг хүмүүжүүлсэн их яруу найрагч Чойжилжавын Лхамсүрэн нарын 100 жилийн ой тохиож байна. Эх хэлийн дархан аваргуудын ойг Монгол Улс төрийн дэмжлэгээр тэмдэглэхгүй байгаа нь их харамсалтай. Уг зүйдээ их л бага мөнгө орох юм шүү дээ. Гэтэл Засаг аймагт үүрэг өгчихдөг. Аймаг нь төсөв батлаад суманд нь үүрэг өгчихдөг. Нөгөө төсвийн мөнгөө дараа нь цохьчихдог байхгүй юу. Ингээд сумаас үр хүүхдүүд нь тэмдэглэ гэдэг. Тэгээд үр, хүүхдүүд нь аав, ээждээ хайртай юм болохоор нутаг орондоо суварга босгож, бөх барилдуулж, таван насны морь уралдуулаад л өнгөрдөг. Энэ бол авьяас билгийг, эх хэлний дархан аваргуудыг мартахуйн мананд оруулах гэсэн харийн бодлого л юм даа.

Ш.Сүрэнжав: ӨДГӨӨ ДАШБАЛБАРЫГ АЛГАБОЛСОНД БИ БАС ИТГЭЖ ӨГӨХГҮЙ Л БАЙНА

Монгол Улсын ардын уран зохиолч, төрийн шагналт Шаравын Сүрэнжав:

-Дашбалбар бидний одоог хүртэл хийж чадаагүй, хүмүүст уран бүтээлээрээ хэлэхийг хүссэн амьдрал, хүний мөн чанарын тухай ойлголтыг тухайн үедээ гаргаж ирж, олны хүртээл болгож чадсан аугаа найрагч юм. Дашбалбарыг хойшоо явж сурахаас нь өмнө хамт явах гэж буй хүүхдүүдээс математикийн шалгалт авсан юм. Манай хүн ямар юмных нь тоо мэдэх билээ. Ингээд шалгалт автал шалгалтын материалан дээр нь шүлэг биччихсэн байсан юм. Тэгтэл Дээд боловсролын хорооныхон “Манайхаас зохион байгуулсан арга хэмжээг зориуд нурааж, унагаж байна” хэмээн зарга хийснээр Дашбалбарын Оросод сурах нь асуудал болж байлаа. Ингээд томчууд дээгүүр ярьсаар байж Дашбалбарыг хойно хоёр жил сургасан юм. Очирбатын Дашбалбар бидний үед төрсөн энгүй их суу билэгтэн байсан. Тэрээр аав Очирбатыгаа өөд болоход нь “Дээлийг тань өмсөж, бүсийг тань бүслээд

Дэлхий дээгүүр хүү чинь алхаж явна даа

Арван тавны сар оддын адил мэлмэрнэ

Алга болсонд тань нэг л итгэж өгөхгүй байна” хэмээх шүлгээ бичиж билээ. Үүнтэй адил өдгөө Дашбалбарыг алга болсонд би бас итгэж өгөхгүй л байна.

Ц.Хулан: ЭХ ОРОНЧ, ЯРУУ НАЙРАГЧ О.ДАШБАЛБАРЫН УРАН БҮТЭЭЛИЙН ЦӨМ, АГУУЛГААС УЛС ТӨРЧИД ИЧИХ ЁСТОЙ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Цоодолын Хулан:

-Өдгөөгөөс дөчин жилийн дараа О.Дашбалбар найрагчийн 100 жилийн ойгоор нь ЮНЕСКО-оос монголчуудын оюун санааны яруу найргийн сод төлөөлөл болсон Очирбатын Дашбалбарын яруу найргийг соёлын үнэт өвд бүртгэх байх. Магадгүй тэр үед Монголын одон орон хөгжиж Очирбатын Дашбалбар буюу овог, нэрийнх нь эхний үсгээр “ОД” болон гэрэлтсэн энэхүү хүмүүн одыг тэнгэрт нэр зааж, нэгэн одыг Очирбатын Дашбалбар хэмээн нэрлэх байх аа” хэмээн яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо гуай их сайхан зүйлийг ярьж бидний сэтгэлийг бөмбөрүүлж, хөдөлгөлөө. Үнэхээр ч тийм юм. Яруу найрагчтай ард түмэн яруу найрагчгүй ард түмнээс оюун санаа, сэтгэлгээний хувьд илүү баян байдаг. Очирбатын Дашбалбар шиг найрагч нэгэн зуунд ховорхон төрдөг. Одоогоос хорь, гучин жилийн өмнө тэрээр “Газар шорооны төлөөх тулалдаан эхэллээ” хэмээн ярьж, бичиж байсан. Өнөө цагт дэлхий дахинд ийм л байгаа. Ирээдүйг эртнээс харж бичдэг ийм л яруу найрагч хүн. Эх оронч, яруу найрагч О.Дашбалбарын уран бүтээлийн цөм, агуулгаас улс төрчид ичих ёстой. Яруу найргийг хавсралт урлаг мэт ойлгож, яруу найргийг зүгээр толгой холбож, уран ярьдаг хүмүүс мэтээр ард түмэнд ойлгуулахыг улс төрчид хүссээр ирсэн. Санасандаа ч хүрч чадаж байгаа. Гэтэл үүний эсрэг бослого зарлаж буй мэт Дашбалбарын ном бүтээл өнөөдөр жаран жилийнх нь ойгоор дахин ирж байна. Тэгэхээр Дашбалбар судлал бол зөвхөн явцуу хүрээний уншигчид юм уу, түүний найз нөхөд, ар гэрийнхний асуудал биш ээ. Дашбалбар судлалыг улам сайн хөгжүүлж, монголын ард түмэнд яруу найрагчийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх учиртай. Их найрагчийн үзэл санааг Монгол даяараа мэдэж байж гэмээн өнөөдөр манай улс хөгжлийнхөө зөв голдрилдоо орно.

Д.Жаргалсайхан: ДАШБАЛБАР БОЛ ӨӨРӨӨ ТЭР ЧИГТЭЭ БРЭНД ЮМ

“Чингис хаан” хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан:

-Дашбалбар бол өөрөө тэр чигтээ брэнд юм. Тэр байж байгаа, амьдарч байсан хэв маяг, зан ааш нь рок. Шүлэг зохиол нь эрч хүчтэй, галтай цогтой. Ерөөсөө маш хоромхон зуурд амьдраад буцахдаа энэ хорвоог зүгээр бужигнуулчихсан л хүн шүү дээ. Үүнийг хэлэх нь зүйтэй. Дашбалбар маань Их хурлын гишүүн байхдаа тэрхүү хүндтэй индрээс Монголын эстрад, рок попын урлагийг дэмжиж, олон улсын хэмжээнд гаргахад хөрөнгө мөнгийг нь шийдээч хэмээн хэлж байсан ганц хүн юм. “Чингис хаан” хамтлагийг 1991 онд Япон руу явж байхад өөрийнхөө “Зохист аялгуу” хэмээх сониныхоо бүтэн том нүүрийг “Чингис хаан, арлын Японыг байлдан дагуулахаар явлаа” хэмээн гаргаж байсан. Тухайн үед ингэж гаргах нь бас л их зориг шүү дээ. Тэгэхээр энэ хүн өөрөө их өргөн дэлгэр сэтгэж чаддаг, хэнээс ч айж ширвэдэггүй. Үнэхээр шүлэгтэйгээ адил цогтой, зоригтой сайхан амьдарсан хүн юм. Намбарын Энхбаяр Монголын зохиолчдын хороонд орчуулагчаар ажиллаж байхад Дашбалбартай намайг танилцуулж байсан юм. Анх тавдугаар сургуулийн урд байрлах мурий цагаан байранд гэрт нь очиход анд маань хөлөө хугалчихсан байдалтай намайг угтаж билээ. Тухайн үед би гэнэт яваад очсон болохоор Дашбалбар их санаа нь зовсон байдалтай, яахаа мэдэхгүй тэвдэж “За ороорой” хэмээн хэлж билээ. Ингээд дотогшоо орох гэхэд жижигхэн өрөөнд хүүхдүүд нь шалаар нэг тоглоомоо асгаад тоглож байна. Би хаагуур нь гарахаа мэдэхгүй зогсож байсан тэр үе бол найзтайгаа нүүр тулж уулзсан анхны өдөр байсан. Энэ өдрөөс хойш бид хоёрын нөхөрлөл эхэлж, олон сайхан уран бүтээлийн эхлэл тавигдаж билээ. Анх уулзсан өдөр тэднийд гурван цаг гаруй ярьж, суугаад гарахдаа “Бороотой үдшийн дуу”, “Бага насны дурсамж”, “Дарьганга нутаг”, “Наранбулаг”, “Гэгээн наранд ойрхон өслөө” хэмээх бага насны дурсамж шингэсэн маш олон шүлгүүдийг нь аваад гарснаа санж байна. Энэ үе бол 1984 он шиг санагдаж байна. Дашбалбарын гэрт нь зочлохоор анд маань надад өөрийн хийж бүтээсэн бүх зүйлээ харуулж, сүйд болдог байсан. Борхүүхэнийхээ чанаж өгсөн чихэртэй баахуу цайг бид хоёр хөлсөө гартал ууж, андынхаа шүлэг, уран бүтээлийг нь уншаад суух шиг жаргал үгүй байжээ. Бид гэр бүлийн их сайхан найзууд байлаа. Би Борхүүхэний гарын хоолыг олон ч жил идлээ. Дашбалбар ч манай гэргийн цайг олон удаа уусан даа. Миний хүү Тэнгэрийг төрөхөд анд минь “Тэнгэр шиг бай” хэмээх шүлгээ зориулан бичиж байсан. Дашбалбарын гэрт яг хажууд нь суугаад яруу найргийг нь уншихад ер бусын эрч хүч, энерги мэдрэгддэг шүү. Тухайн үед Дашбалбарыг ажиглаж байхад яг гараанаасаа гарах гэж буй хурдан морь шиг нэг л аугаа зүйл хийх нь мэдрэгдэж, эрч хүч нь буцалж байсан. Ер нь хүнтэй анх уулзаж, хэдэн үг солиход л тэр хүний ямархуу сэтгэлтэй, мөн чанартай хүн болохыг нь мэдэрдэг шүү дээ. Тэр утгаараа бид хоёрын нөхөрлөл их удаан, сайхан байх нь ээ хэмээн зөнгөөрөө мэдэрч билээ.

Ай.Төмөр-Очир: ЖИНГИЙН ЦУВАА ХОЛДОХ ТУСАМ, ЭНЭ ХҮНИЙ НЭР АЛДАР, УРАН БҮТЭЭЛ НЬ УЛАМ ТОДОРНО

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ай.Төмөр-Очир:

-Очирбатын Дашбалбар хэмээх эгэлгүй хүн 1957 оны тахиа жил төрсөн. Жаран насных нь ой тахиа жил тохиож байна. Би Сүхбаатар аймгийн Наран сумын хүн. Бид хоёр гэмгүй сайхан найзалж, нөхөрлөж байсан. Балбар маань надаас ганц хоёр ах байх. УИХ-ын XXXI тойрог гэж Монголын улс төрийн түүхэнд анх удаа улс төрийн гурав дахь хүчин гарч ирэн УИХ-д суудал авсан. 1996 онд Балбарыг УИХ-ын сонгуульд нэр дэвшихэд нь миний бие менежерээр нь ажиллаж байлаа. Очирбатын Дашбалбар бол төрийн шагнал, төрийн түшээдийн тэмдгийг энгэртээ зүүсэн ганц улстөрч. Тэрбээр бурхан болохдоо “Сэгэн дээр минь битгий уйлаарай, Сэвсэн дээр минь олигтойхон дуугараарай” хэмээн гэрээслэсэн. Энэ үгийг хэн нэгэнд нэр зааж хэлээгүй ч Монголын яруу найрагч, орчин үеийн залуустаа эх орончийн дуу хоолой тасрахгүй шүү, иртэй байгаарай хэмээн хэлсэн үг гэж ойлгодог. Жингийн цуваа холдох тусам, он цаг алсрах бүр энэ хүний нэр алдар, уран бүтээл нь улам тодорно.

Д.Нямаа: МОНГОЛЫН УТГАЗОХИОЛЫН НАЯАД ОНЫХОН ГЭДЭГ БОЛ АЛТНЫ СУДАЛ ШИГ ҮЕ ЮМ

Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч, “Улирал ба Зохиолч” сэтгүүлийн эрхлэгч Данзангийн Нямаа:

-Их найрагчийн амьдралынх нь гэрэлт агшин гэнэт санаанд буулаа. Дашбалбар маань анх удаа Улаанбаатар хотод зураач болох санаатай орж ирж билээ. Балбартай би 1970-аад оны дундуур танилцсан. Монгол Улсын Их сургуулийн С.Дулам багшийн дугуйлан дээр Багшийн дээдийнхэн, “Гал” нэгдлийнхэн ирж шүлгээ уншдаг байв. Тэнд Балбар маань ирж шүлгээ уншдаг, их гал цогтой яруу найрагч байсан. Манай “Улирал ба Зохиолч” сэтгүүлийн анхны дугаарт Очирбатын Дашбалбарын яруу найрагч Бямбажавын Хүрэлбаатарт бичсэн захиа нийтлэгдэж билээ. Тэр захианд “Би яруу найргийг өөрийнхөө амьдралын утга учир болголоо” хэмээн бичиж байсан юм. Тэгэхээр арван долоохон настай хүү амьдралынхаа утга учрыг тэр үед, ингэж тодохойлно гэдэг бол аугаа их авьяастайн шинж. Би ч бас 16, 17 настай явсан. Хэзээ ч амьдралынхаа тодорхой итгэлийг хүнд ингэж хэлж байгаагүй. Ийм насны хүүхдүүд амьдралын утга учрыг ойлгох нь битгий хэл таниа ч үгүй, дэрвэж, дарвиж л явдаг шүү дээ. Гэтэл Балбар маань цэл залуугаараа хүний амьдралын утга учир, мөн чанарыг ойлгочихсон байсан нь аугаа хүний төрөлхийн билэг, танхай авьяас, суу билэг юм. Он цаг өнгөрч, түүхийн шаргал хуудас зузаарахын хэрээр Очирбатын Дашбалбарын яруу найраг, уран бүтээлийн өнгө, агуулга нь улам л тодорно. Биднийг наяад оныхон гэдэг. Энэхүү өндөрлөгөөс эргээд харахад Монголын утга зохиолын наяад оныхон гэдэг бол алтны судал шиг үе юм. Ухаандаа яруу найрагч Очирбатын Дашбалбар, Нямсүрэн, сумын заан алдарт Мягмарсүрэн, яруу найрагч Цэндийн Чимэддоржгүйгээр Монголын уран зохиолын яруу найргийг ярих ямар ч боломжгүй болчихож байгаа юм. Мөн Пүрэвжавын Баярсайхан зохиолчийг ярихгүйгээр тууж өгүүллэгийг, Соргодогийн Жаргалсайханыг ярихгүйгээр орчин үеийн уран зохиолын кино, жүжгийг тодорхойлох боломжгүй болчихно. Ингээд яриад байвал наяад оныхны авьяас билгийн тэрхүү сондор бол ёстой алтны судал шиг гялалзаж байсан юм аа” хэмээв.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *