Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Шагжийн Ванчаарайн уран бүтээлд зориулсан “Хорьдугаар зууны хүүрнэл зохиолын шинэ хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал Хүүхдийн төв номын сангийн уншлагын их танхимд өчигдөр боллоо. Эрдэм шинжилгээний хурлыг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, хэл бичгийн ухааны доктор Гаадамбын Билгүүдэй нээж удирдсан бол доктор С.Байгалсайхан “XX зууны хүүрнэл зохиолын шинэ хандлага” хэмээх үндсэн илтгэлдээ “Өнгөрөгч зуун Монголын түүхийн нэн сонирхолтой үе.
Их хаадын хагарал, бага хаадын үе, харийн дарлал гэх мэт түүхэн үеэс хойш энэ л зуунд Монгол Улс үндэсний эрх чөлөөний хувьсгал, ардын хувьсгал, баруунтан, зүүнтний нугалаа, Халхын голын болон чөлөөлөх дайн, тусгаар тогтнолоо баталгаажуулсан, социалист нийгмийг байгуулахаар тэмцсэн гээд маш олон үйл явдлыг туулсан. Энэ үед МЗЭ-ийн их хурлуудаас утга зохиолд шинэ хүний дүрийг бий болгох талаар их ярьсан ч Б.Ринчений “Үүрийн туяа”, С.Удвалын “Их хувь заяа”, Ж.Пүрэвийн “Зүрхний хилэн”, Ш.Нацагдоржийн “Болор толь”, “Мандухай цэцэн хатан” зэрэг түүхэн романуудыг эс тооцвол зохиолч Жигжидийн Бямбын “Үнэний хорвоо”, Ш.Ванчаарайгийн “Хүний мөс” хоёр роман шиг шинэ хүний дүрийг бүтээсэн нь ховор” гэж дүгнэлээ. Ш.Ванчаарай 1933 онд Засагт хан аймаг буюу Завхан аймгийн Яруу-Алдар суманд ард Ядамжавынд төрсөн ч хожим өөр хүнээр овоглож Ванчинпүрэв нэр нь ч солигдон Шагжийн Ванчаарай хэмээх дуудах нэртэй болсон түүхтэй аж.
Тэрээр “Анхны дурлал” өгүүллэгээ 1958 онд хэвлүүлсэнээс хойш олон арван номын зохиогч болж “Эрүүл мэнд” сэтгүүлийг эрхлэн гучин мянгаас зуун мянган хувь болтол өсгөсөн нэртэй зохиолч, сэтгүүлч хүн юм. Хуралд МУБИС-ийн профессор, доктор Б.Энхээ “Зохиолч Ш.Ванчаарайн “Нарны сургууль” романы туурвил зүйн асуудалд”, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн доктор Д.Цэвээндорж “Сэхээтний “төөрөгдөл”-ийн уран сайхны баатрууд буюу Ш.Ванчаарайн тууж, романы дүрүүд”, Монгол Улсын хүний гавьяат эмч, анагаах ухааны доктор С.Бадамжав “Зохиолч Ш.Ванчаарайн эрүүл мэндийн сэдэвт бүтээлийн тухайд”, Улаанбаатарын их сургуулийн доктор А.Мөнх-Оргил “Монголын орчин үеийн хүүрнэл зохиолын уламжлал, шинэчлэлийн асуудалд” зэрэг илтгэлүүд тавьснаас ШУА-ийн ХЗХ-гийн доктор Б.Мөнхбаярын “Монголын орчин үеийн уран зохиолын шүүмжлэлт сэтгэлгээний уламжлал, шинэчлэл” сэдэвт илтгэл анхаарал татаж байлаа. Б.Мөнхбаяр “Ямар ч улс үндэстний уран зохиол, утга соёлын хөгжил нь тасралтгүйгээр үргэлжилдэг уран сайхны туурвил зүйн сэтгэлгээний үйл явц байдаг. 1910-аад онд “Үдэш бүхэн асаад байдаг
Өмхий ламп нь унтраа биз ээ
Үеийн үед жанжлаад байдаг
Өнөөх Сандо нь зайлаа биз ээ” гэж Сандо амбаны тухай шоглон дуулж,
“Түшмэл түшмэл, ноён ноён хэмээвч
Түнш иргэн амтат идээ бариваас
Түвшин цаазыг барих судас, шөрмөс
Түмэн мэргэн бодол шороон дор шургамуй” гэж гашуудан байжээ.
Эдгээр дуу шүлгийг өнөө үеийн гоозүйн ухаарлын үүднээс үзвэл уран сайхны чадал чансаа дутуу мэт боловч, нийтлэлийн аяс үнэн бодит баримт, гүн ухааны тодорхой хандлага, шүүмжлэлт чиглэл зэргээрээ тухайн цагийнхаа туурвил зүйн сэтгэлгээний өндөр түвшинд бүтээгдсэн, ур чадлын хувьд егөөдөл, шоглол, далд утгаар илэрхийлэх зэрэг арга барилыг ашиглан шүүмжлэлт утга санаагаа илэрхийлсэн байна. Өөрөөр хэлбэл, тухайн үеийн нийгэм цаг үе, улс төрийн нөхцөл байдал, үйл хэрэг хүсэл зорилгоо тэр бүр ил тод тунхаглах нөхцөл боломжгүй байснаас ийн далд дүр, дүрслэл, ёгтлол, егөөдөл, нууц нэр хэрэглэж ирсэн гэсэн үг юм. Зохиолч Д.Нацагдорж, Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен, Ш.Гаадамба, яруу найрагч Р.Чойном нар уран бүтээлээрээ Монголын ард түмэнд гэгээрэл боловсрол юу юунаас илүү чухал гэдгийг, оюуны болоод ахуйн хоцрогдол их байгааг, нийгмийн баялагийг шударга бусаар хүртэж буй явдлыг хурц шүүмжилсэн байдаг.
Тэдний зохиолын баатрууд нь танин мэдэхүй, гэгээрүүлэх үзлийг хамтад нь илэрхийлдэг, өөрийн дэвшилтэт үзэл санаандаа тууштай, бат зогсож чаддаг. Үүнд, Нацагдоржийн “Хуучин хүү”, Ш.Гаадамбын “Чөдөр өвс”, “Элбэг дээл” зэрэг өгүүллэг, Чойномын нийгмийг шүүмжилсэн улс төрийн шүлгүүдийг дурдахад хангалттай. Тэгвэл туурвил зүйн сэтгэлгээний энэ уламжлал буюу нийгэм уран сайхны шүүмжлэлт сэтгэлгээний баялаг өвөөс өнгөрөгч зууны дал наяад онд хэд хэдэн төлөөлөгч төрөн гарсны дотор зохиолч Ш.Ванчаарай, Ж.Бямба нар томоохон байр эзэлнэ. ЗХУ-ын эрдэмтэн Л.Герасимович “Монголын зохиолчдоос нийгмийн тулгамдсан асуудлыг үзүүлэхэд анхаарлын төвд байгаа нэг асуудал бол хотод суурьшигчид элбэгшиж байгаатай холбоотойгоор хүний амьдрал, ахуйд олон жил хэвшсэн зүйлс өөрчлөгдөхөд хүрч байгаа, үүнээс хүмүүсийн харилцаанд илэрч байга зөрчлийг шүүмжлэн гаргахад анхаарч байна” гэсэнчлэн Ш.Ванчаарайн “Балга сүү” өгүүллэгт Улаанбаатар хотын шинэхэн орон сууцанд амьдардаг иргэд хүүхдэдээ сүү халаалгах эхэд хаалгаа онгойлгох дургүй байгаа, тэр тэвдэж сандарсан агшинд уурын зуухны галч тусалж байгаа тухай гардаг.
Эндээс хотжилт хүний сайхан сэтгэлийг хэрхэн үгүйсгэж буйг Ш.Ванчаарай тэртээ тавиад онд хөндөн бичиж байж гэж дүгнэж болно. Монголын ХХ зууны уран сайхны шүүмжлэлт сэтгэлгээ бүхий уран бүтээлийн өвд тодорхой байр эзэлдэг томоохон сэдэв бол гэр бүлийн сэдэв. Гэр бүлийн байдлыг харуулахдаа өрхийн тэргүүлэгч ажлын төлөө бүхнийг зориулдаг ч гэр бүлдээ анхаарал хандуулахгүй байгааг Ш.Ванчаарай “Зүрхний айзам” туужаараа харуулжээ. Туужид нэгэн гэр бүлийн энгийн харилцааны ард нуугдсан ээдрээт байдал, эмэгтэй хүний сэтгэл зүйн асуудлыг нарийн үзүүлсэн. Монголын уран зохиолын шүүмжлэлт сэтгэлгээнд томоохон байр суурь эзлэх зохиол бол зохиолч Ш.Ванчаарайн “Эмч нар”, “Шагнал шийтгэл” хоёр роман юм. Романд дэвшүүлэн тавьсан асуудал өнөөдөр ч гэсэн хуучраагүй, нийгмийн тулгамдсан асуудал хэвээр байна. Утга зохиол судлалд нэг тогтсон ойлголт байдаг. Нэгэнтээ төлөвшин тогтсон имижийн тухай өгүүлэх нь тэрхүү имижийн хүрээнд багтдаг төлөөлөгчийн хувьд нэн амар байдаг.
Ванчаарай зохиолч анхны нэр нь “Эмч нар” буюу “Хүний мөс” романдаа Монголын эрүүлийг хамгаалах үйл ажиллагааны тухай бус ерөөс нийгмийн зөрчилт асуудлыг үзүүлсэнд оршино. Энэ бол аль ч улс орон, нийгэмд түгээмэл байдаг нийгмийн ялзрал, хуйвалдаан, сөрөг зан суртахуун, хувиа хичээсэн хэдхэн хүний үйл ажиллагаа ямар муухай урхагтай байдаг, хуйвалдаан хийгээд шударга ёс хоорондын зөрчлийг хурцаар үзүүлсэнээрээ өнөө цагт ч үнэ цэнээ алдаагүй зохиол юм. Зохиолч Ш.Ванчаарай ХХ зууны Монголын олон нэрт зохиолч төлөөлөгчдийн уран бүтээл, туурвил зүйн сэтгэлгээний уламжлалыг өвлөн залгамжлахын зэрэгцээ уран сайхны сэтгэлгээний шинэчлэл хийж, улмаар шүүмжлэлт сэтгэлгээний реалист хандлага бүхий шүүмжлэлт реализмын монгол “formula” гэдэг зүйлийг төлөвшүүлсэн зохиолч гэж үзэж болно” гэсэн юм. Эрдэм шинжилгээний хуралд Монгол Улсын ардын багш, доктор С.Дулам, соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Дожоогийн Цэдэв зохиолчийн охин, доктор В.Батмаа, сэтгүүлч В.Батмөнх, кино судлаач Д.Мягмарсүрэн, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Б.Хүрэлбаатар, М.Баттөмөр нарын олон хүн хүрэлцэн ирсэн юм.
One reply on “Монголын их туурвигчдын шүүмжлэлт сэтгэлгээг зохиолч Ш.Ванчаарай өвлөн хөгжүүлсэн гэв”
Having read this I thought it was extremely informative.
I appreciate you taking the time and energy to put this content together.
I once again find myself spending a significant amount of time both reading and commenting.
But so what, it was still worthwhile!