Ам.долларын ханш эдийн засагчдын таамгийг эвдэж байна. Долларын ханш цойлоод 2600-гаас хэтрэхгүй гэсэн таамаг өнгөрсөн саруудад голлосон ч ногоон валют уржигдар 2640 төгрөг рүү өгсөж, ганцхан хоногийн дараа буюу өчигдөр 2660 руу цойллоо. Ханшийн зах дээр үүссэн тодорхойгүй байдал энэ янзаараа үргэлжилбэл цаашид ч өсөх магадлал өндөр гэж эдийн засагчид сануулж эхэллээ. Ноён ногооны ханш тойрсон сүүлийн үеийн таагүй мэдээ гэвэл банкууд ам.долларын гүйлгээнд хязгаар тавьсан гэх шум. “Нэг удаадаа 1900 ам.доллараас илүү хэмжээний гүйлгээ хийхгүй байна” гэсэн мэдээлэл манай редакцид ирсэн юм. Энэ мэдээллийн бодитой эсэхийг тодруулахаар хандсан эх сурвалжууд бидэнд тийм гэсэн хариу өгсөн юм. Банкуудын тухайд гүйлгээ хийх долларын дээд хэмжээгээ харилцан ялгаатай тогтоожээ. 1900, 2000, 3000, 5000 ам.доллар гээд янз бүрийн тоо тавьчихаж . Өөрөөр хэлбэл иргэд ам. долларын гүйлгээг банкнаас тогтоосон хязгаараас давуулж хийх аргагүй болжээ. Хүүхдийн сургалтын төлбөр, ахуйн элдэв хэрэглээний шилжүүлэг, цахим худалдаа захиалга гэх мэт зайлшгүй хэрэгцээнүүдийг жагсаагаад харвал 5000 ам.доллараас дaвсан гүйлгээ хийхээс аргагүй нөхцөл байдал нэгэнт бүрдчихсэн. Их хэмжээний долларын гүйлгээ байнга хийгдэхээс аргагүй импортын өндөр хамааралтай улс гэж ирээд яривал ноён ногооны гүйлгээнд хязгаар тавьснаас үүдэх хор хохирлыг хэмжиж барахгүй. Эдийн засагт ийм өндөр эрэлт байхад банкууд нь долларын гүйлгээнд хяналт тогтоогоод эхэлбэл ханш галзуурах нь эрэлт нийлүүлэлтийн зарчмыг гадарладаг хэнд ч хэтэрхий тодорхой гаргалгаа. Эндээс харахад Монголын банкууд 1900-гаас илүү ам.доллар шилжүүлж чадахгүй дампуурахдаа тулжээ . Ийм чадваргүй банкуудтай байснаас гадны том банк оруулаад ирсэн нь дээр дээ. Дэлхийн топ банкуудыг тэргүүлдэг Bank of China гэхэд л манай улсад салбараа нээх сонирхлоо хэдэн жилийн өмнөөс илэрхийлсээр ирснийг энэ дашрамд онцолъё.
М.НАРАН