Categories
мэдээ улс-төр

Монголыг онцгой анхаарав

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний Монголд хийж буй ажлын айлчлалын талаар “Associated Press” агентлаг дараахь байдлаар дамжуулжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар тус улсад таван цагийн хугацаатай ажлын айлчлал хийж байна. Путин нийслэл Улаанбаатар хотод байрлах Чингис хаан олон улсын нисэх буудалд албаны хүмүүсийн хамт хүрэлцэн ирэх үед тус улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон Гадаад хэргийн сайд Л.Болд хүлээн авчээ.

В.Путинийг Монгол Улсад ирэхтэй зэрэгцэж АНУ-ын Вашингтон хотноо “НАТО”-ын удирдлагууд Украины хямралын асуудлаар шуурхай хуралдав. Тус хуралдаанд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуг оролцохыг урьсан ч тэрбээр татгалзсан хариу өгсөн юм.

Тус улсад Путинээс өмнө БНХАУ-ын дарга Си Зиньпин хоёр хоногийн хугацаатай төрийн айлчлал хийж, томоохон гэрээнүүдэд гарын үсэг зурсан билээ. Монгол байгалийн баялаг арвин боловч хүн хүч, техник технологийн хувьд Орос, Хятад хоёр хөршөөсөө бүрэн хамааралтай гэхэд буруутахгүй. Тус улс гурван сая хүн амтай. Путин тус улсын Ерөнхийлөгчтэй биечлэн уулзсаны дараа Засгийн газрын хүндэтгэлийн танхимд уригдаж, хоёр орны ирээдүйн асуудлаар өөрсдийн байр сууриа солилцжээ.

Олон улсын ажиглагчдын үзэж буйгаар “Путин Украины хямралын асуудлаар ярилцахаас татгалзаж, Монгол Улсад айлчлал хийж буй. Путинийг дагалдаж Гадаад хэргийн сайд Сергей Лавров ирсэн нь энэхүү айлчлалд Орос ямар их анхаарал хандуулж байгаа нэг хэлбэр” гэжээ. “Орос болон Монголын удирдлагууд 16 гэрээ үзэглэх болно” гэж Путиний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдэв.

Энэхүү айлчлалын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Орост шинээр тавих хоригийнхоо асуудлаар Германы канцлер Ангела Маркельтэй утсаар ярьсан тухай  “Yahoo.com” мэдээллээ. Путин тус улсад гурав дахь удаагаа айлчлал хийж буй юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *