Categories
мэдээ нийгэм

“Монголд үйлдвэрлэв, Цагаан сар-2015” нээгдэв

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор ес дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж буй “Монголд үйлдвэрлэв, Цагаан сар-2015” үзэсгэлэн худалдааны албан ёсны нээлт өнөөдөр “Мишээл экспо”-д боллоо.

Нээлтийн арга хэмжээнд Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа болон бусад холбогдох албаны хүмүүс оролцсон юм.

Энэ үеэр сайд Д.Эрдэнэбат хэлсэн үгэндээ “Монгол Улс өнөөдөр гурван сая дахь иргэнээ өлгийдлөө. Хүн нэмбэл хүнс нэмнэ гэдэг. Тэгэхээр бид улам бүр өсөн нэмэгдэж буй хэрэгцээгээ дотоодын бүтээгдэхүүнээр хангаж, хамтдаа бүтээж, хамтдаа сайхан амьдарцгаая. Хэдийгээр эдийн засгийн хүндрэлтэй жил тохиосон ч энэ нь нэг талаараа бидэнд боломж олгож байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ хүндрэлийг бид үйлдвэрлэгчдээ дэмжиж, хамтын хүчээр даван туулах болно” хэмээн онцолсон юм. Мөн үйлдвэрлэгчидтэй уулзаж, тэдний санал, бодлыг хуваалцав. Түүнчлэн Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат худалдан авалт хийж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн юм.

Үзэсгэлэн худалдаа ирэх сарын 04-ий өдрийг хүртэл “Мишээл экспо”-дүргэлжилнэ. “Драгон төв”, Үндэсний үйлдвэрийн худалдааны төв буюу хуучнаар /Шөнийн зах/ болон нийслэлийн төвийн зургаан дүүрэгт Цагаан сарын сарын баяр хүртэл зохион байгуулагдаж байгаа юм. Үзэсгэлэн худалдаанд нийт 800 гаруй аж ахуйн нэгж оролцож, байгаагаас “Мишээл экспо” 226, Үндэсний үйлдвэрлэлийн худалдааны төв буюу хуучнаар /Шөний зах/ 140, “Драгон” төв 40 гаруй, Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 400 гаруй аж ахуйн нэгж тус тус оролцож байна.

Энэ удаагийн үзэсгэлэн худалдаа нийслэлийн төвийн зургаан дүүрэгт зохион байгуулагдаж байгаагийн зэрэгцээ байнгын ажиллагаатай Үндэсний үйлдвэрийн худалдааны хоёр төвийг ашиглалтад оруулж байгаараа онцлог юм.

Түүнчлэн үзэсгэлэнд, худалдаалагдаж байгаа бараа бүтээгдэхүүнүүд үйлдвэрийн үнээрээ зарагдаж байгаад иргэд таатай байна гэв. Тэр ч бүү хэл зарим үйлдвэрийн бараа бүтээгдэхүүн 50 хувь хүртэл хямдарчээ.

Энэ удаагийн үзэсгэлэн худалдааны Ерөнхий зохион байгуулагчаар Монгол Улсын Аж үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам, НЗДТГ оролцож байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *