Хулгайн хэрэг ихэслээ гэж цагдаагийнхан мэдээлэх болов. Халаасны, орон, байрны гээд хаа сайгүй хулгай. Төрийнхөн ч бас улсын мөнгөнөөс хулгай хийлээ, авлига авлаа гэдгийг ч бид сонсч л байдаг. Аль ч талаасаа хулгай хийх муухай л даа. Хулгайч нарт юмаа алдсан хүн тэднийг элдвээр л харааж зүхдэг. Угаасаа ямар сайн байх билээ. Муу муухай л хэрэг шүү дээ. Гэхдээ тэр хулгайч нарт бас өөрсдийн гэсэн “хууль” байна. Хэд гурваараа хулгай хийгээд баригдсан нэг нь хэргээ өөрөө л хүлээдэг. Тэрэнтэй хамт хийсэн гэж матаад байдаггүй. Нэг талаас бүлэг гэмт хэрэг нь бүр хүнд ялтай учраас хэргээ ганцаараа үүрсэн нь дээр гэж үздэгийнх байх. Мөн тэд муу үйл хийсэн ч өөрсдийнх нь баримталдаг “хууль”-ийг ямар ч үед дагадаг. Нэг үгээр хэлбэл хулгайч нарт хүртэл өөрийн гэсэн жудаг үйлчлээд байдаг аж. Нэг нь хэрэг хүлээгээд шоронд явлаа гэхэд нөгөөхийнхөө арыг дааж, эхнэр хүүхэд, эцэг эхэд нь туслах ч гэдэг юм уу. Хэргээ ганцаараа хүлээгээд орсон эр бол хулгайч дээрэмчдийнхээ дунд нэр хүнд сайтай, “хоншоортой овоо эр дээ, жинхэнэ эрийн хуйх даа” гэх мэтээр хэлэгдэж, нөгөөдүүл нь хүндлэх маягтай. Харин баригдаад нөгөөдүүлээ матчихвал тэр хүн хулгайч нартаа ч нэр хүндгүй, ад шоо болно. Төр ч өршөөхгүй ялаа өгнө, дээр нь гэмт хэрэг хамтарч хийсэн хүмүүс нь ч “бууны нохой, матаач, ховч, хамт явамгүй ханилгаа, муухай амьтан, араас чинь хутгалж мэдэх хүн” гээд үзэхгүй. Тэгэхээр нөгөө хулгайч байх газаргүй хэцүүддэг. Ирээдүйд өнөөх матаач нөхөрт итгэх хэн ч байхгүй болчихож байгаа юм. Энгийн иргэд, төр мэдээж түүнийг нийгмийн хог шавхруу гээд үзэхгүй. Адилхан хулгайч нь хуншгүй, матаач, эрийн шинжгүй гээд үзэхгүй. Тиймээс амьдрахын тулд дуртай, дургүй ч хулгайч нарын “хуулиа” л дагах нь гарцаагүй.
Ямар ч төр хулгайг үздэггүй. Бүр аль ч нийгэмд үүнийг “Дутагдлын хажуугаар дуугүй өнгөрч болохгүй, нийгмийн өмчийн эс ширхэг бүрийг арвилан хамгаалах ёстой, төрөөс хулгай хийх нь ард түмний татварын мөнгийг хулгай хийж байна” гэдэг. Гэвч өнөөгийн төрд хэн нэгэн очоод хулгай хийдэг. Албан ёсоор баригдаж, их хэмжээний мөнгө авсан нь л баригдаад байгаа болохоос их, бага хэмжээгээр хулгайлж хумсалж байдаг. Шударга үнэнийг яаж ч ярьдаг байлаа гэсэн эрх мэдэл хүнийг хулгай хийх боломжийг бүрдүүлдэг аж. Ялангуяа ядуу улсад энэ байдал илт. Гэвч төр, хууль хэзээ ч хулгайг зөв гэж байгаагүй. Төр барьж буй эрх мэдэлтэн өөрөө мөнгө завшдаг байлаа ч хулгай хийх нь зөв гэж хэзээ ч ярихгүй. Төр хулгайчийг матаж байх ёстой гэдэг ч амьдрал дээр өгүүлсэнчлэн хулгайч хүртэл биесээ матдаггүй. Төрийн сургаал, бодит байдал хоёрын нийцдэггүй юмны нэг энэ.
Саяхан Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг өрөөндөө их хэмжээний мөнгө хүнээс аваад байхад нь Авлигатай тэмцэхийнхэн барьсан гэдэг. Нэлээдгүй хугацаанд үүнээсээ болж хоригдсон. Эрхэм сайд намын санхүү хэцүү байсан учир таньдаг хүнээсээ мөнгө зээлж авсан гэж тайлбарлаж байгаа. Ямартай ч Г.Шийлэгдамба Цагдан хорих төвөөс батлан даалтаар гарч ирснийхээ дараа телевизэд яриа өгөхдөө шуугиан тарив. “Намын санхүүжилт хий, шийд гэдэг байсан. Тиймээс тэр мөнгийг танилаасаа гуйж авсан. Н.Энхбаяр даргад 50 мянган ам.доллар аваачиж өгсөн” гэж ирээд л ярилаа. Тийм юм болсон ч байж болох юм. Н.Энхбаярын үгээр бол үгүй ч байж болох. Үүнийг шүүх л шийдэх биз.
Хүмүүс Г.Шийлэгдамбын яриаг сонсоод Н.Энхбаярыг нь муулж, сайдыг шударга үнэнийг хэллээ гэлцэж байна. Нөгөө талаас Г.Шийлэгдамбын хувьд маш харамсалтай зүйл болж байгаа юм. Одоо түүнд хэн итгэх билээ. Н.Энхбаяр нь муу, муухай авлигачин хүн байж болно. Тэртэй тэргүй Г.Шийлэгдамбын хэлсэн хэлээгүй Н.Энхбаярыг авлигын хэргээр шалгагдаж, асуудал нь одоо ч ямар шатандаа явж байгааг хүмүүс мэднэ. Авлига авсан гэсэн ч гайхахааргүй болсон. Аваагүй гэсэн ч авлигачин гээд нийтээрээ ойлгодог болчихсон. Харин Г.Шийлэгдамба залуу хүн, дараа дараагийн бүх карьер нь ингээд дуусгавар болж байгаа юм. Бүүр эртнээс л Н.Энхбаярын хүн, эхнэр Цолмонгийнх нь хүн гэлцдэг. Тэр нь ч оргүй биш. Яалт ч үгүй улс төрийн карьер нь өнөөдрийг хүртэл энэ хүнтэй л холбоотой явж ирсэн. Тэр бүр залуу хүн түүн шиг өндөр албан тушаалуудыг хорин хэдтэйгээсээ хашаад байдаггүй. Тэгж амжилттай яваа хүн Монголын улс төрд цөөхөн. Сайн сайхан явахдаа өөрийгөө өдий зэрэгт хүргэсэн хүнд баярлаж л явсан байлгүй. Гэхдээ нэг өдөр баригдлаа гээд нөгөө хүнээ бариад өгч байгаа нь муухай юм. Дагах ёстой хууль журмаас гадна хүн ёсны жудаг гэж юм бий. Халаасны хулгайч нарт хүртэл байдаг гэж дээр хэлсэн шүү дээ. Гэтэл өөрийгөө хамгаалахын тулд өнөөх Н.Энхбаяраа бариад өглөө. Дарга нь даалгавар өгсөн ч өөрөө гүйцэтгэсэн нь үнэн л болж таарлаа. Тэгэхээр хулгайч нарынхаар бол хам хэрэгтнүүд болж байгаа биз дээ. Ингэхээр одоо Н.Энхбаяр урууддаг ч бай, өгсдөг ч бай цаашид Г.Шийлэгдамбад итгэхгүй. Итгэл алдарсан энэ явдал ганц Н.Энхбаяраар дуусвал одоо яая гэхэв. Улс төр байтугай жирийн хүмүүс ч энэ хүнд итгэхгүй болчихож байгаа юм. Цаашид улс төрөөр явах боломжгүй, хэн нэгэн түүнтэй мөнгө төгрөгний асуудал ярихад бүр ч хэцүү. Нөхөрлөж явсан хүн нь муу хүн байж болно. Харин түүнийгээ матаж, бүр олны өмнө гарч байгаад хов хүргэсэн нь өнөөдөр өөрт нь хэрэгтэй байсан ч ирээдүйд өөрийнхөө замыг баллаад хаячихлаа. Цаашид түүнтэй хэн нэгэн улс төр, бизнес ярих гэж ширээний хоёр талд суух нь юу л бол. Суулаа ч гэсэн итгэх үү. Улс төр, бизнесийг угаас далд л ярьдаг. Бас аль аль нь итгэлцэл дээр тогтдог. Одоо Г.Шийлэгдамба дэлхийг аварч баатар гавьяа байгуулдаггүй л юм бол Н.Энхбаяраасаа дээрдэхгүй болж харагдаад эхэлчихлээ. Ядаж байхад Н.Энхбаяр “Шийлэгдамба миний хайртай дүү нарын нэг. Арай ч тэгж хэлэх хүн биш” энэ тэр гээд хэлчихсэн. Энэ залууг ашиглаад, Авлигатай тэмцэх газрынханд баригдахад нь нүүр буруулсан ч, “Намын санхүүг босго” гэж дарамтлаад мөнгө авчруулсан байлаа ч дээрх хайрлаж байгаа мэт, “Шийлэгдамбын өөрийнх нь үг биш” гэж эргэлзэж байгаа зэрэг нь ч Шийлэгдамбад энэ хүн итгэж байхад цаадах нь арай ч дээ гэсэн ойлголтыг төрүүлж байгаа юм.
Г.Шийлэгдамба тэр хүнийг матах хэрэггүй байсан юм. Угтаа хүмүүс Г.Шийлэгдамбыг дуугарахаас өмнө “Н.Энхбаяр намын санхүүжилт олж ир гээд энэ залууг их мөнгөний асуудалд унагаад баллачихлаа” гэлцэж байлаа. Яг энэ үед хэрэг өөрөө хүлээгээд суудаггүй юм гэхэд, ядаж дуугүй байх эрх нь байсан шүү дээ.
Б.Дарам