Өнгөрч буй энэ долоо хоногт Монгол Хятадын болон Монгол Японы бизнес форумууд боллоо.
Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Японы Шизүока муж хооронд үйлдвэр хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай санамж бичгийг өнгөрсөн тавдугаар сард байгуулжээ. Энэ хүрээнд бизнес форум зохион байгуулсан юм.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж долдугаар сарын 21-24-нд Япон улсад айлчилсан. Энэ үеэр Монгол улсын Засгийн газар Японы KEIDANREN-тай хамтарн Монгол-Японы бизнес форум зохион байгуулсан юм. Үүний үргэлжлэлийг Улаанбаатарт баасан гарагт зохион байгуулсан нь энэ юм.
Манай улс болон Японы хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах тохиролцоонд хэдийнэ хүрсэн. Мөн Монгол-Японы худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх тухай хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зураад байгаа. Ийм чухал цаг үед дээрх форум болж өнгөрлөө.
Японы Шизүока мужийн албаны хүмүүс болон бизнесмэнүүд Монголын бизнэс эрхлэгчидтэй ойртон танилцах, хамтран ажиллах боломж эрэлхийлэн, Монголд ирцгээжээ. Харин манай үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ Японд экспортлох сонирхлоо илэрхийлсэн юм.
Жишээ нь Халхын ногоон цайг Японд борлуулах сонирхол байгаа юм. Мөн тус улсаас шинэ болон хуучин тоног төхөөрөмжийг зээлд хамрагдан импортлох хүсэлт манай бизнес эрхлэгчдэд байна. Япон тоног төхөөрөмжүүд нь өндөр үнэтэй байдаг нь манай үйлдвэрлэгчдэд тодорхой саад үүсгэдэг байна. Санхүүгийн механизмаа бүрдүүлсэн цагт тоног төхөөрмж импортлох бүрэн боломжтой аж.
Форумын үеэр Шизүока мужийн дунд бүсийн цахилгаан станцуудад манай инженерүүд урт хугацааны сургалтад хамрагдах болжээ.
Дашрамд хэлэхэд Монгол Солонгосын эдийн засгийн форум маргааш Их тэнгэрт эхэлнэ.