Categories
мэдээ цаг-үе

Монгол Улсын өсөх идэр начин, Даншигийн арслан Р.Пүрэвдагва: Улсын ч бай, Даншигийн ч бай арслан гэдэг өөрөө бэлгэ дэмбэрэлтэй цол

“Даншиг наадам – Хүрээ цам 2015” шашин соёлын наадмын үндэсний бөхийн барилдаанд нийт 256 бөх зодоглосон билээ. Тус наадамд Архангай аймгийн Булган сумын харьяат Алдар спорт хороо, “Бөх­билэгт” дэвжээ, “Хера холдинг” компанийн бөх Монгол Улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва түрүүлж Даншиг наадмын арслан цол хүртсэн бол Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, Баянзүрх дүүргийн бөх, Монгол Улсын гарьд Б.Гончигдамба үзүүрлэж заан цол хүртсэн юм. Ингээд Даншиг наадмын арслан, Монгол Улсын өсөх идэр начин Рэнчинбямбын Пүрэвдагватай ярилцсанаа хүргэе.

-Энэ олон жилийн дараа зохиогдсон Даншиг наадмаас арслан цол хүртсэнд баяр хүргэе.

-Баярлалаа. Бурхан шашны соёл, аугаа их түүхийг үр хойчдоо таниулж ойлгуулах, цаашлаад гадны жуулчдыг татах зорилгоор Даншиг наадмыг 93 жилийн дараа зохион байгууллаа.

Миний тухайд гэвэл энэ сайхан наадамд түрүүлж арслан цол хүртсэндээ баяртай байна. Учир нь хамгийн сүүлд 1924 онд зохиогдсон Даншиг наадамд манай Архангай аймгийн бөх Луу гүний Вандан аварга түрүүлж байсан бол энэ олон жилийн дараа би түрүүллээ. Энэ удаад мөн л манай аймгаас Даншигийн арслан төрж байгаад миний хувьд их бэлгэшээлтэй байгаа.

-Даншигийн арслан цол хүртэнэ гэдэг таны хувьд хэр хүндэтгэлтэй байна?

-Мэдээж хүндэтгэлтэй байлгүй яахав. Улсын ч бай, Даншигийн ч бай арслан гэдэг өөрөө бэлгэ дэмбэрэлтэй цол. Тиймээс миний хувьд их бэлгэшээж, хүндэтгэж байгаа. Даншигийн арслан араасаа улсын арслан, цаашлаад аварга дагуулах ерөөлтэй ч юм билүү.Бөх хүн цолныхоо хэмжээнд, цолоо дүүргэж барилдах их чухал гэж ярьдаг шүү дээ. Тийм болохоор олон жил тасарсан Даншиг наадамд амжилттай барилдаж гараагаа сайхан эхлүүлсэндээ сэтгэл дүүрэн байна. Цаашдаа ч тогтмол сайн барилдана гэж бодож байгаа.

-Бөхийн барилдаан сугалааны зарчмаар явагдсан болохоор үзэгчид ч найраагүй, ёстой бяр чадалтай нь түрүүллээ гэж ярьж байна…

-Ерөнхийдөө наадмын зохион байгуулалтын тал дээр ард түмэн ам сайтай байгаа санагдсан. Бөхчүүд ч сайхан барилдлаа.

-Архангай аймаг аргагүй бөхийн нутаг юм аа. Гэхдээ ихэнх бөхчүүдийн гараа Буян гэдэг хүнтэй салшгүй холбоотой гэж сонссон. Та ч гэсэн Буян багшийн шавь гэв үү?

-Тийм ээ. Миний төрж өссөн Архангай аймаг бөхийн өлгий нутаг. Улсдаа хамгийн олон улсын цолтонтой аймаг. Ийм сайхан нутаг усанд төрснөөрөө би үргэлж бахархдаг. Дархан аварга Г.Өсөхбаяр, улсын гарьд Д.Рагчаа, заан Ч.Санжаадамба гээд энэ олон алдар цуутай бөхчүүдээ залгамжилж яваадаа өөрийгөө хувьтай хүн гэж боддог шүү. Архангай аймгийн БТСГ-ын дасгалжуулагч Ч.Буян гэж багш байсан. Манай багш аймгийн хурц арслан цолтой. Дархан аварга Г.Өсөхбаяр, гарьд Д.Рагчаагаас эхлээд Архангайн олон сайхан бөхийн анхны багш. Би отгон шавь нь. Манай багш намайг сайн бөх болно гэж ярьдаг байсан. Би одоо ч мартдаггүй. Цаашид миний араас нутгийн олон дүү нар улсын цолны босгоор алхана гэдэгт итгэл дүүрэн байгаа. Сэтгэл гаргаад хөдөлмөрлөж яваа хэнд ч давахгүй даваа гэж байхгүй болов уу.

-Та Монгол Улсын гарьд Д.Рагчаатай ураг төрлийн холбоотой байх аа?

-Тийм ээ. Би эцэг, эх хоёр талаасаа бөхийн удамтай. Гарьд Д.Рагчаа аавын талаас ураг төрөл. Мөн улсын харцага М.Батжаргал, аймгийн арслан Бат-Отгон, Гансүх гээд олон бөх бий. Мөн ээжийн аав нь Архангай аймгийн Өгийнуур сумын харьяат аймгийн заан Шагдар гэж хүн байсан. Сумандаа агент хийдэг байсан болохоор хүмүүс андахгүй. Үеийн хөгшчүүл өвөөг бас сайн бөх болох байсан гэж ярьдаг.

-Тэгэхээр бөх болох замнал аль бага наснаас тавигджээ?

-Тэгсэн шүү. Аав, ээжийн хамаатан алинд ч очсон бүгд л намайг ерөөсөө л бөх болох хүн гэдэг байсан. Би ч бөхөд дуртай.

-Аав тань бас бөхийн засуул гэсэн. Гэр бүлийнхнээ танилцуулахгүй юу?

-Миний аавыг Рэнчин­бямба, ээжийг Оржпагма гэдэг. Манай аав нутагтаа бөхийн цол дууддаг засуул хүн. Би хоёр дүүтэй, айлын ууган хүү. Бага байхдаа үеийнхэнтэйгээ сав л хийвэл ноцолддог, их хөдөлгөөнтэй хүүхэд байлаа. Намайг хүүхэд байхаас л аав маань бөх болгоно гээд наадам дагуулж хэсдэг байсан. Бүр наадам болгоноор ирж хүүгийнхээ дээлийн захыг мушгиж дэмждэг миний ганц фэн шүү дээ. Би аавынхаа ачаар улсын цол хүртээд өдий зэрэгтэй зүлэг ногоон дэвжээнд зодоглож яваа гэж боддог. Аав, ээжээрээ бахархаж, тэднийгээ хүндэлж явах шиг сайхан зүйл энэ орчлонд үгүй шүү дээ.

-Та Бөхийн өргөөний барилдаанд зодоглох гээд бүртгүүлж чадахгүй буцсан түүхээ ярьсан байсан. Энэ дурсамжаасаа манай уншигчидтай хуваалцахгүй юу?

-Би биеийн тамирын “Аварга” дээд сургуулийг төгссөн. Тухайн үед заалны бүх л барилдаанд зодоглохын тулд өглөө эрт Бөхийн өргөөний гадаа дугаарлаж бүртгүүлдэг байсан юм. Тэгсэн нэг удаа өвлийн хүйтэн өглөө эрт дугаарлаж зогсч зогсчихоод хасагдчихдаг юм. Шарандаа гэртээ харих замдаа уйлж билээ. Одоо хүртэл тэр өдрийг мартдаггүй юм. Сүүлдээ ч яахав гайгүй барилдаад ирэхээр хоцорч ирсэн ч гэсэн оруулчихдаг болсон. Барилдаад давах тусам түүндээ урамшаад, ер нь бөх гоё шүү дээ.

-Та гурван жилийн өмнө улсын цол хүртэж байсан. Ер нь бөхийн спортоор хэчнээн жил хичээллэж байна?

-Би арав гаруй жил барилдаж байна. Ардын хувьсгалын 91 жилийн ойн улсын их баяр наадмаар тав давж улсын начин цол хүртсэн. Төрийнхөө наадамд гурав дахь жилдээ зодоглодог жил И.Доржсамбуу гарьдаар начин болсон. Улсын цол хүртэнэ гэдэг хүссэн аавын хүү болгоны аваад байдаг зүйл биш юм билээ. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг. Нутаг ус, аав ээждээ залбираад, бөхийн ёс жудгаа сахиад, бэлтгэл сургуулиа тогтмол хийгээд, хувийн сахилга батаа анхаараад явж байхад хүссэн цолоо авах өдөр заавал ирдэг гэдэгт би итгэдэг. Тиймээс цаашдаа илүү их амжилт гаргах болно.

-Та заал, танхимын барилдааныг алгасалгүй оролцож, жигд амжилттай барилддаг бөхчүүдийн нэг. Тэгэхээр энэ амжилт таны уйгагүй хөдөлмөрийн үр дүн биз?

-Тэгж хэлж болно. Миний хувьд улсын цолтных ч бай, аймгийн цолтных ч бай аливаа барилдааныг алгасахгүй барилдахыг хичээдэг. Тэгээд ч хүний туршлага гэдэг ямар ч мэх, ямар ч бярнаас илүү байдаг гэдгийг би мэдэрсэн.

-Ер нь зан чанарын хувьд нэлээд хурц санагддаг. Учраа бөхтэйгөө барилдахдаа ч дайрч барилдаж харагддаг…

-Би их шартай. Ер нь шулуухан ч зантай байх. Дэвжээн дээр гарсан л бол унасан ч, давсан ч шуудхан дайраад л барилдчихдаг.

-Өөр спортоор хичээллэдэг үү?

-Чөлөөт бөхөөр л нэг үе барилддаг байсан. Олон улсын хэмжээний мастер. Анх чөлөөт бөхөөр барилдаад өсвөр, идэрчүүдийн УАШТ-д ордог байлаа. Чөлөөтийн улсын аваргын тэмцээнд орж л анх удаа Бөхийн өргөөтэй танилцаж байсан. Тэмцээний үеэр даралтад орчихоод дээшээ харахад гадаа байгаа юм шиг их л том санагдаж билээ.

-Одоо таны жин, өндөр хэд вэ?

-Өндөр 183 см, жин 120 кг.

Д.Даваасүрэн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *