Categories
мэдээ цаг-үе

.Монгол улсын статистик олон улсын түвшин

МОНГОЛ УЛСЫН СТАТИСТИКИЙН СИСТЕМД ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГУУД ЦОГЦ ҮНЭЛГЭЭ ХИЙЖ, ҮР ДҮНГ ТАНИЛЦУУЛЛАА

Монголын статистикийн байгууллага нь үйл ажиллагаандаа олон улсын шинжээчдийн багаар цогц үнэлгээ хийлгэж, статистикийн салбарын үйл ажиллагаа дэлхийн жишигт хэр нийцэж байна, өнөөдөр ямар түвшинд хүрсэн, цаашид юу хийх шаардлагатай байгаагаа тодорхойлох хэлбэрээр урьд өмнөхөөс, ер нь улс орны хэмжээнд хэвшиж тогтсон жишгээс арай өөр хэлбэрээр түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэж байна.

Үндэсний статистикийн хорооны ажлын ололт, амжилтыг Европын холбооны статистикийн комисс, Европын чөлөөт худалдааны нийгэмлэг, Норвеги улсын статистикийн байгууллагын төлөөлөл бүхий олон улсын шинжээчдийн багийн өндрөөр үнэлсэн дүгнэлтийг хамтран ажиллаж буй гадаадын 20 гаруй орны түншүүдтэйгээ, дотоодын хамтын ажиллагаатай байгууллагуудтайгаа хоёр өдрийн турш хэлэлцэх үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Олон улсын цогц үнэлгээ нь олон улсын түвшинд болон Европд ашиглагддаг стандарт, зарчим, зөвлөмж, түүний дотор НҮБ-аас баталсан Албан ёсны статистикийн үндсэн зарчим, Европын статистикийн Үйл ажиллагааны журмын дагуу тухайн улс албан ёсны статистик мэдээллээ эрхлэн гаргаж буй эсэхэд хийдэг институцийн, бүтэц зохион байгуулалтын болон мэргэжлийн чадавхийн хүрээг хамарсан нарийвчилсан, цогц дүн шинжилгээ юм. Иймд олон улсын цогц үнэлгээ нь улс орнуудын төр, засгийн байгууллага, эрх бүхий байгууллага, хэрэглэгч, үндэсний болон олон улсын түвшинд хамтран ажиллагч байгууллагуудад тухайн орны статистикийн системийн хөгжлийг цогц байдлаар харах боломжийг олгодог байна.

Евростатын санхүүгийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй энэхүү уулзалт семинарын үндсэн зорилго нь 2013-2014 онд Монгол улсад хэрэгжүүлсэн Олон улсын цогц үнэлгээний үр дүнг тархаахын сацуу статистикийн системд чанарын соёлыг нэвтрүүлэх арга хэрэгсэл болж буй олон улсын үнэлгээний давуу талыг Азийн улс орнуудад таниулж, туршлагаа хуваалцах, статистикийн үйл ажиллагаанд чанарын тогтолцоог нэвтрүүлэх, хэрэгжүүлэхэд оршиж буй аж.

Ийнхүү Монгол Улсад олон улсын цогц үнэлгээ хийсэн жишээ нь бусад улс орнуудад олон улсын цогц үнэлгээг таниулахад үнэтэй хувь нэмэр оруулахын зэрэгцээ энэ төрлийн таниулах сурталчилгааг Монгол Улсын статистикийн системд хийсэн олон улсын цогц үнэлгээний үр дүн зэрэг бодит ажилтай шууд холбосноор илүү үр дүн гарна гэж үзэж болох юм.

Улс орныхоо хөгжлийг тоон танилцуулж буй статистикийн алба нь ийнхүү өнөөдөр 90 жилийнхээ нөр их хөдөлмөрийг олон улсын байгууллагуудаар үнэлүүлж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага боллоо.

Монгол Улсын хувьд статистик нь өнө эртний уламжлалтай, эдийн засгийн ууган салбарын нэг юм. Бидний өвөг Хүннү нар хүн, малаа тоолж, мод хэрчин тэмдэглэж байсан тухай болон 13 дугаар зуунд хүчирхэг төр улсыг байгуулсан монголчууд байлдан дагуулсан улс орныхоо хүн амыг тоолж, түүнд үндэслэн албан татвар ногдуулж байсан тухай түүхийн баримт бичгүүдэд тэмдэглэгдэн үлдсэн нь тэр үед бүртгэл, статистикийн тодорхой үр дүнг ашиглаж байсныг харуулж байна. Өнө эртний түүхтэй статистикийн алба нь өнөөдөр Монгол Улсын статистикийн тухай хуулийнхаа дагуу аж ахуй нэгж байгууллага, өрхөөс үндсэн мэдээллээ цуглуулахаас гадна яамд, агентлагуудаас албан ёсны болон захиргааны 236 төрлийн давхардсан 46000 мэдээллийг сар, улирал, жилийн давтамжтайгаар цуглуулж, боловсруулан, хэрэглэгчдэд тархааж байна.

Монгол Улсын “Хүн ам, орон сууцны тооллого”, “Аж ахуйн нэгж байгууллагын тооллого”, Хөдөө аж ахуйн тооллого, мал тооллого зэрэг томоохон тооллогуудыг эрхлэн зохион байгуулж, явуулсны зэрэгцээ “Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа” “Цаг ашиглалтын судалгаа, “Ажиллах хүчний судалгаа, Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа зэргийг улсын төсөв, НYБ-ын Хүн амын сан, Хүүхдийн сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр явуулж үр дүнг нийтийн хүртээл болгож байна. Статистикийн байгууллага нь салбарынхаа хэмжээгээр 340 шахам өндөр мэргэжлийн статистикчид, эдийн засагчдаас бүрдсэн, орчин үеийн электрон, цахим техник, боловсронгуй технологи, интернет сүлжээ, программыг ашиглан статистикийн мэдээллээ боловсруулах чадавхитай, олон улсын адил, төстэй байгууллагуудтай хөл нийлүүлэн зэрэгцэж, нийтлэг хэлээр нь харьцаж чаддаг мэргэжлийн хүчирхэг алба болж, НҮБ-ын статистикийн комиссын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

ҮСХ-НЫ ДАРГА С.МЭНДСАЙХАН

СТАТИСТИКИЙН АЛБА МААНЬ ЗОРИЛГОО АМЖИЛТТАЙ БИеЛҮҮЛЖ 90 ЖИЛИЙНХЭЭ ОЙГ УГТАЖ БАЙНА

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД АСАН,

ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ Д.БЯМБАСҮРЭН

Статистикийн алба нь нийгмийн амьдралын бодит

үнэнийг нийтэд мэдээлэх нь чухал

Танд статистикийн албаны түүхт 90 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Статистикийн алба нь амжилт бүтээл дүүрэнтэй их ойгоо угтаж байна. Энэ албанд сүүлийн жилүүдийн зорилт, анхаарах асуудлуудын талаар мэдээлэл өгнө үү?

Улс орны болон бүс нутаг, аймаг, сум, багийн түвшинд статистикийн мэдээллийн хэрэгцээ шаардлага өсөн нэмэгдсээр байна. Тиймээс бид энэ шаардлагыг хангаж, статистикийн мэдээллийг үнэн бодитой, шуурхай гаргах асуудалд улам их ач холбогдол өгч ажиллаж байна.

Ер нь статистикийн мэдээллийг олон улсад хүлээн зөвшөөрөгдөх аргачлалын дагуу цуглуулж,боловсруулж, нэгтгэн гаргаснаар зөвхөн улс орныхоо хөгжлийн түвшинг тооцохоос гадна Монгол Улс маань олон улсын хэмжээнд ямар түвшинд үйл ажиллагаагаа явуулж байгааг тодорхойлох ажил чухал болж байна. Түүнчлэн статистикийн мэдээллийн чанарыг улам сайжруулж, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцүүлж, орчин үеийн шинжлэх ухаан, дэвшилтэд технологийг ашиглан богино хугацаанд ойлгомжтой хүргэх зэрэг ажлууд бидний өмнө тавигдаж буй гол зорилтууд юм.

Энэ бүх зорилтоо амжилттай гүйцэтгэж, идэвх чармайлттай ажилласаар түүхт 90 жилийнхээ ойтой золгож байгаадаа баяртай байна. Өнөөдөр 90 жилийн ойгоо тэмдэглэж байгаа түүхт баярын өдрийг тохиолдуулан Монгол Улсын статистикийн салбарын суурийг тавихаас эхлээд одоогийн олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага болсон амжилтанд хүрэхэд хувь нэмрээ оруулсан үе үеийн статистикчид, ахмад буурлууд, бидэнтэй хамтран ажилладаг олон улсын болон дотоодын байгууллагууд, хэрэглэгч та бүхэндээ баярын мэнд хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Төрд зүтгэж байгаа хүн бүрийн үйл хэрэг үнэ цэнэтэй байх нь мэдээж. Тэр дундаа байнга тоотой харьцаж, судалгаа хийдэг статистикийн байгуулагын ачаалал харьцангуй их байдаг гэдэгтэй та санал нийлэх үү?

-Статистикчийн мэргэжил их сонин. Алт олборлогчид баахан шороог түмпэнд хийгээд угааж угааж шүдэнзний толгойн чинээ шар юм гаргаж авдаг шиг статистикч хүний ажил тийм юм. Статистикийн ажлын хамгийн хүнд нь мэдээлэл цуглуулах бүрдүүлэх ажил юм. Нэгэнт цуглуулсан мэдээллийг зангидаад тэр дундаасаа аналитик дүгнэлт гаргана гэдэг бол мэргэжлийн чадварын асуудал юм.

Улс орны хөгжилд статистикийн тоо мэдээлэл маш чухал үүрэгтэй. Тиймээс ч статистикийн байгуулага нь улс төрийн аливаа нөлөөлөлд авталгүй статистикийн үнэн бодит мэдээллээр ард түмнийг хангах үүрэг зорилготой байдаг. Тэгэхээр энэ чухал байгууллагын үйл ажиллагаанд цаашид анхаарах асуудлаар ахмад статистикчийн хувьд та санал бодлоо хуваалцана уу?

-Үе үеийн статистикчдийн зорилго ойролцоо болов уу. Хамгийн чухал нь нийгмийн амьдралын үнэн зөв дүр төрхийг харуулах асуудал юм. Улс орны хөгжлийг зөвхөн үйлдвэрлэлийн өсөлт, бууралтаар бус тогтвортой хөгжлийн филисофиос урган гарсан синтетик үзүүлэлтүүдээр дүгнэдэг болсон. Жишээлэхэд орчин үеийн статистик дотор байгалийн нөөц, баялаг нөхцөл энэ талаарх баталгаатай тоо материал хэрэгтэй байна. Орд газрын төлбөр гэдгээр үнэлэгддэг өв баялгийг орд газар бүрээр үнэлгээг нь гаргаж, төлбөрийг нь тооцоод макро эдийн засгийн балансад нөөц, баялаг гээд үйлдвэрлэлийг нь хүчин зүйл гээд тусгаж оруулж чадах юм бол статистикт маш том дэвшил болно.

ҮСХ-НЫ ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.БАДАМЦЭЦЭГ

Статистикийн байгууллага байгаа нөөц боломждоо тулгуурлан илүү ихийг хийж бүтээнэ гэдэгтээ итгэл дүүрэн байна

Статистикийн алба үүсч хөгжсөний 90 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Статистикийн алба маань түүхт их ойгоо ямар амжилтаар угтаж байна вэ?

Монгол улсад статистикийн алба байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан мэргэжил нэгт хамт олондоо чин сэтгэлийн халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье.

Энэхүү түүхт ой маань статистикийн байгууллагын хөгжлийн түвшинг бүхэлд нь үнэлж дүгнэсэн, олон улсын цогц үнэлгээний дүнг хэлэлцүүлэх томоохон арга хэмжээтэй хамтдаа тохиож байгаагаараа түүхэн онцлогтой ой болж байна.

Энэхүү дээд хэмжээний уулзалт нь “Үндэсний статистикийн системийн хөгжилд олон улсын цогц үнэлгээний гүйцэтгэх үүрэг” сэдвийн дор зохион байгуулагдаж, дэлхийн 19 орны 20 гаруй төлөөлөгч, олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцож, санал бодлоо илэрхийлэх боломжийг олгож байгаа юм.

Уулзалтын үеэр Монгол улсын албан ёсны статистикийн үйл ажиллагаанд хийсэн цогц үнэлгээний үр дүнг тал бүрээс нь хэлэлцэж, энэхүү үнэлгээнийхээ үр дүнд суурилан бусад улс орнуудад туршлага, үр шимийг нь түгээн дэлгэрүүлэх зорилгыг агуулж байгаагаараа бидний хувьд ихээхэн ач холбогдолтой, бас хариуцлагатай үйл явдал болж байна.

Монгол Улсын статистикийн байгууллагын үйл ажиллагаанд өгсөн ерөнхий үнэлгээний талаар товч танилцуулана уу?

-Монгол Улсын статистикийн байгууллага нь “Статистикийн тухай” хуулинд заасны дагуу Улсын Их хурлын шууд харьяалалд байж, үндэсний хэмжээнд мөрдөх дунд хугацааны хөтөлбөрөө батлуулан, үр дүнгээ Их хуралд тайлагнадаг онцлогтой байгууллага бөгөөд олон улсын нийтлэг аргачлал, арга зүй, баримтлах зарчим, ангиллыг үйл ажиллагаандаа цаг алдахгүй нэвтрүүлэхэд ихээхэн анхаарч ирсэн бөгөөд энэ нь үнэлгээний үр дүнгээр ч мөн нотлогдож буйг юуны өмнө тэмдэглэхийг хүсэж байна.

Олон улсын цогц үнэлгээг Европын Чөлөөт Худалдааны Ассоциац, НҮБ-ын Ази, Номхон далайн орнуудын Эдийн засаг, нийгмийн комисс, НҮБ-ын Европын эдийн засгийн комисс хамтран хийж, ерөнхий дүгнэлтэндээ: “Сүүлийн жилүүдэд Монгол улсын статистикийн байгууллагын үйл ажиллагаанд үсрэнгүй хөгжил, дэвшил гарсан бөгөөд олон улсын өнөөгийн чиг хандлагын дагуу урагшилж байна” гэж дурьдсаныг энд онцлон тэмдэглэж байна.

Үнэлгээг үндэсний статистикийн системийг хамруулан хийсэн бөгөөд хууль эрх зүйн хэм хэмжээ, байгууллагын тогтолцоо, мэдээллийг цуглуулах, боловсруулах, тархаах бүх үйл явц, статистикийн үйл ажиллагаанд баримтлах нийтлэг зарчим, арга, аргачлал болон боловсон хүчний чадавхи, хүрэлцээ хангамж, орчин үеийн техник, технологийн хөгжил дэвшил зэрэгт нарийвчилсан үнэлгээг хийж, холбогдох зөвлөмжүүдийг гаргаж тавьсан. Энэ бүхний үр дүнд статистикийн байгууллага дунд хугацааныхаа зорилго, зорилтоо оновчтой тодорхойлж, байгаа нөөц боломждоо тулгуурлан илүү ихийг хийж бүтээх чиглэлд ажиллах шаардлага гарч байна. Бид ажиллах болно, улам ихийг бүтээнэ гэдэгтээ итгэл дүүрэн байна.

Эцэст нь, өнөөдөр ойгоо тэмдэглэж байгаа статистикийн байгууллагын үе үеийн ажилтнууд, хамт олондоо, бидний үйл ажиллагааг байнга дэмжиж, бидэнтэй хамтарч ажилладаг иргэд, аж ахйун нэгж, байгууллагадаа, бидний гаргасан мэдээллийг үйл ажиллагаандаа байнга хэрэглэж, санаа бодлоо илэрхийлж байдаг бүх шатны хэрэглэгчиддээ гүн талархал илэрхийлье.

НҮБ-ын Европ, эдийн засгийн комисс

бүсийн зөвлөх Габриел Гамез

Монголын статистикийн системийн сүүлийн үеийн үнэлгээний үр дүн нь зөв зам дээр байгааг бид харж байна

Та Монголын статистикт хийгдсэн цогц үнэлгээний талаар болон 90 жилийн ойг тохиолдуулан мэргэжил нэгт статистикчдадаа хандан сэтгэгдлээсээ хуваалцана уу?

-Монгол Улсын орчин үеийн статистикийн 90 жилийн ойг тохиолдуулан НҮБ-ын статистикийн системийн нэрийн өмнөөс баярын мэнд хүргэе.

Үнэн зөв, найдвартай статистик нь улс орны нийгэм, эдийн засгийн хөгжил дэвшлийн хяналт болж, байгаль орчин, биологийн төрөл зүйлийг хамгаалах чухал хэрэгсэл юм. Дэлхийн хэмжээнд санхүүгийн урсгал, бараа, үйлчилгээний олон улсын солилцоог нэмэгдүүлэх, өсөн нэмэгдэж буй шилжилт хөдөлгөөн зэрэг нь үндэсний эдийн засаг, даяаршлын үйл явцтай үндэсний болон олон улсын статистикийн хамтын нийгэмлэгийн хариу арга хэмжээ болон дуудагддаг.

Статистикийн хувьсгал нь олон улсын үндэсний хэмжээнд бүх талуудын оролцоотойгоор хийгдэж байгаа бөгөөд тэдний дунд Монголын Үндэсний Статистикийн хороо голлох байр суурьтай билээ.

Байгууллагын хувьд 90 жил гэдэг нь Монголын статистикийг залуу эрч хүчтэй гэж үзэж болохоор санагдаж байна. Би Монгол Улсын Үндэсний Статистикийн хороо өөрсдийн төлөө бус, харин бодлого боловсруулагчид, судлаачид, бизнесийн болон олон нийтийн байгууллага, иргэний нийгмийн олон улсын байгууллагууд зэрэг бүх нийтийн төлөө мэдээллийг гаргаж байна гэж онцлон хэлмээр байна.

Монгол Улсын статистикийг дэмжиж, 10 жилийн хугацаанд бид хамтдаа хамгийн дэвшилтэт үндэсний статистикийн системийг ашиглан 100 жилийн ойг хамт тэмдэглэх боломжтой болгох нь бидний хамтын үүрэг хариуцлага мөн болов уу.

Монголын статистикийн системийн сүүлийн үеийн үнэлгээний үр дүн нь зөв зам дээр байгааг бидэнд харуулсан болохоор энэ нь боломжтой юм гэдэгт би итгэлтэй байна. Цаашдын амжилтад хувь нэмэр оруулах залуу статистикчдыг мэргэшүүлж, ур чадварыг нь сайжруулах нь ирээдүйд Монголын статистикийн амжилтын үндэс байх болно. Учир нь байгууллага тусгай зориулалтын ажилтангүй бол цэрэггүй армитай адил билээ.

Байгууллагын энэхүү түүхэн ойг тэмдэглэх нь өдөр шөнөгүй статистик төлөө ажиллаж байгаа шаргуу ажилтнуудын баяр юм. Тиймээс бүх ажилтнууд та бүхэнд баярын мэнд хүргэж, амжилт хүсье. Монголын Статистик мандан бадраг!

НҮБ-ЫН СТАТИСТИКИЙН ХЭЛТСИЙН ДАРГА СТЕФАН ШВАЙНФЕСТ

Тогтвортой хөгжлийг статистикийн тогтвортой мэдээллээр дэмжиж байх хэрэгтэй юм

Миний бие Нью-Йорк дахь НҮБ-ын төв байрнаас Монгол Улсад орчин үеийн үндэсний статистикийн алба үүсч хөгжсөний 90 жилийн ой тохиож буй энэхүү онцгой үйл явдлыг тохиолдуулан Та бүхэнд баяр хүргэн мэндчилж байгаадаа таатай байна.

Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын гишүүнээр 2012-2015 оны хугацаанд ажиллаж байна. Статистикийн комисс дэлхийн хэмжээнд сонгуулиар сонгогддог 24 гишүүнтэй (Ази тивээс зөвхөн 4 улс) байдаг гэдэг нь Монгол Улс олон улсын статистикийн системийг тодорхойлох онцгой үүрэг, хариуцлагыг хүлээж байгаа гэсэн үг юм. Монгол Улсын Үндэсний статистикийн хороо Статистикийн комиссын үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулж байгаа нэг тодорхой чиглэл нь Байгалийн нөөцөд суурилсан эдийн засагтай улс орнуудын статистикийн асуудлаарх Улаанбаатар хотын группыг 2012 онд байгуулсан явдал юм. Монгол, Австралийн хамтран гаргасан энэ санаачилгаар байгуулсан тус групп нь уул уурхайн салбарын үйл ажиллагааг бүрэн гүйцэд бүртгэх, түүний эдийн засагт оруулах хувь нэмэр, нийгэм, байгаль орчны салбарт үзүүлэх нөлөөллийг бодитой тооцох чиглэлд арга зүй, практик зөвлөмжийг боловсруулахад голлох үүрэг гүйцэтгэж байна.

Цаашид хийх ажлаа төсөөлж харвал, манай үндэсний статистикийн байгууллагууд, дэлхийн статистикийн системд тулгарч буй олон хүндрэл бэрхшээл байна. Тоо мэдээллийн хувьсгалыг хийх хэрэгтэй байна. Үндэсний түвшинд улс төрчид, олон нийтийн найдвартай мэдээллийг цаг тухайд нь авах сонирхол улам бүр нэмэгдэж байна гэдгийг зүй ёсоор хэлэх хэрэгтэй юм. Мэргэжлийн статистикийн хамтын нийгэмлэгийнхэн бид энэ шинэ эрэлт хэрэгцээг хангах үүднээс статистикийнхаа тогтолцоог шинэчлэх, өөрчлөх талаар гаргаж буй хүчин чармайлтаа улам бүр нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Харин дэлхийн түвшинд НҮБ, өөрийн олон улсын түншүүдтэйгээ 2015 оноос хойшхи хөгжлийн шинэ хөтөлбөрийг боловсруулахаар нягт хамтран ажиллаж байна. Манай статистикийн хамтын нийгэмлэгийнхэн хөгжлийн энэ шинэ хөтөлбөрийн зорилго, зорилтод хяналт шинжилгээ хийх ажилд гол үүрэг гүйцэтгэх шаардлагатай байна.Үүнийг энгийн үгээр хэлвэл Тогтвортой хөгжлийг Тогтвортой статистикийн мэдээллээр дэмжиж байх хэрэгтэй юм.

Азийн үндэсний статистикийн байгууллагуудад зориулан статистикийн салбарын чанарын тогтолцоог нэвтрүүлэх олон улсын цогц үнэлгээний уулзалт семинарыг зохион байгуулж, 2015-2019 оны статистикийн салбарыг хөгжүүлэх дунд хугацааны үндэсний хөтөлбөрөө боловсруулахаар зэхэж буй энэ үед Монгол Улсын Үндэсний статистикийн хороо энэхүү тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулан өнгөрснөө эргэн харж бахархах төдийгүй ирээдүйгээ, цаашид хийх ажлаа төлөвлөж байгаа гэж ойлгож байна. НҮБ-ын Статистикийн хэлтэс энэ аялалд та бүгдийн хамтрагч байж хамтран ажиллана гэдгээ дахин тэмдэглэхийг хүсэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *