Categories
мэдээ цаг-үе

Монгол Улсын гавьяат багш Г.Банзрагч: Багшийн мэргэжлийн хамгийн сайхан нь шавь нарынхаа сайн сайхан явахыг харах юм

Булган аймгийн нэгдүгээр сургуулийн бага ангийн багшаар 34 жил ажиллаж, олон зуун шавь төрүүлсэн Монгол Улсын гавьяат багш Гомбожавын Банзрагчтай ярилцлаа.

-Та багш гэсэн хүндтэй мэргэжлийн эзэн болсон тухайгаа дурсаач?

-Миний багын мөрөөдөл энэ гэгээн мөртэй багш мэргэжил. Сургуульд байхдаа хичээл зааж буй багш нарыгаа хараад л энэ мэргэжилд сонирхолтой болсон доо. Манай ангийг удирдаж төгсгөсөн уран зохиолын багш Дашням гэж сайхан хүн байлаа. Тэр багш маань намайг их дэмжиж багшийн сургуульд явуулсан. Би Архангай аймгийн Багшийн сургуулийг 1968 онд төгсөж байлаа. Төгсөж ирээд Булган хотын нэгдүгээр бага сургуульд хуваарилагдсан юм. 20 гаруй багштай манай сургууль Улсын тэргүүний сургууль болох үүрэг, амлалт авчихсан ид ажилтай байсан үе л дээ. Дөнгөж сургуулиа төгссөн залуу багш гуравдугаар анги дааж авахаар болж байлаа. Тэр нэг жилийн хугацаанд маш их хөдөлмөрлөж, хонон өнжин бэлддэг байж. Дааж авсан анги минь дөрөвдүгээр ангиа ч дүүргэж, сургууль минь Улсын тэргүүний сургуулиар өргөмжлөгдсөн юм. Ахмад багш нараасаа ч их зүйл сурч мэдсэн ололт, амжилт ихтэй санаанаас гардаггүй сайхан үе дээ. Түүнээс хойш нэгдүгээр бага сургуульдаа есөн жил ажиллаад дараа нь Нэгдүгээр арван жилийн дунд сургуульд тасралтгүй 25 жил ажилласан. Энэ хугацаандаа нийт арван нэгэн анги дааж, 500 гаруй шавь бэлтгэжээ. Сургуулийнхаа аварга багшаар ес, Булган аймгийн шилдэг багшаар дөрөв, хотын аварга багшаар хоёр удаа шалгарсан.

-Анх хичээл заахаар самбарын өмнө зогсож буй мөч багш хүнд хэзээ ч мартагддаггүй байх…

– Анх 18-тай л жаахан охин төгсөж ирж байсан. Дааж авсан ангидаа ороод хүүхдүүдтэйгээ танилцаад, журналаа аваад нэрсийг нь дуудсан юм. Хамгийн эхэнд Ц.Ариунаа гэж дуудтал өндөр, ухаалаг нүдтэй, урт гэзэгтэй сайхан охин босч ирсэн нь ангийн дарга нь байсан. Тэр охин залуу багш надад их түшиг болж, тусалдаг сайн ангийн дарга байлаа. Дааж авсан анги маань 36 хүүхэдтэй. Тэр жилээ 100 хувийн амжилттай, 52 хувийн чанартай төгсөж байсан. Мөн сургуулийн хөлөгт тоглоомын аварга анги болж байлаа. Миний дааж авсан арван нэгэн ангийн чанарын үзүүлэлтийг дундажлахад 100 хувийн амжилттай, 88 хувийн чанартай байсан.

-Танай сургуулийн багш нар таны заах арга барилыг тэргүүн туршлага болгон ашигладаг гэсэн. Өөрийнхөө багшлах арга барилын талаар яриач?

– Миний гол зорьдог зүйл ангийнхаа бүх хүүхдийг хоцрогдолгүй уншиж, бодож сургадаг. Өөрийн гэсэн арга барилтай. Энэ нь юу вэ гэхээр, хүүхдүүд сурсан мэдсэн зүйлээ анги хамт олон, сургуулийн удирдлага болоод эцэг эхдээ тайлагнадаг юм. Хүүхэд бүр бүлэг сэдэв үзэж дууссаны дараа сурсан зүйлээ тайлагнах ёстой гэсэн үг. Харин сурсан зүйлээ тайлагнасан хүүхдүүдийг алдаагүй, сайхан бичгийн, уншлагын гэх мэтчилэнгээр шалгаруулж, урамшуулдаг. Тэгснээр хүүхдүүд илүү шамдаж, сурсан зүйлээ тогтоох чавдар нь сайжирдаг юм. Мөн жижиг бичвэрүүд болон зурсан зургаар нь үзэсгэлэн гаргана. Энэ тайлагнах хичээл, үзэсгэлэнг эцэг эхчүүд үзэж хүүхдээ ямар түвшинд уншиж, бодож сэтгэж байгааг мэдэх юм. Ингэснээр хүүхдийнхээ ямар чадвар дээр илүү ажиллах хэрэгтэй гэдгээ мэдэж авдаг давуу талтай.

Миний хувьд хоцрогдолтой хүүхдүүдтэйгээ ганцаарчлан тулж ажилладаг байсан. Тэр маань “Идэвхжүүлэх дугуйлан” гэсэн нэртэй байлаа. Энэ арга барил маань багш нарт туршлага болж орон нутгийнхаа хэвлэл мэдээлэлд нийтлэгдэж байсан. Ингэж хичээсний минь үр дүнд дааж авсан ангийнхан маань монгол хэл, математикийн олимпиадад 22 удаа оролцож, Булган аймгийн аваргаар 10-аад удаа шалгарсан.

Мөн 1980-1983 онд улс даяар ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш нар “Бүтээлч багшаас бүтээлч хамт олон хүртэл” гэсэн уриалгын дор ажилласан. Энэ хугацаанд Боловсролын яам, Сурган хүмүүжүүлэх ухааны хүрээлэнгээс гурван жил дараалан унших бичиг, математик, монгол хэлний хичээлүүдээр шалгалт явуулсан юм. Миний удирдаж байсан анги гурван жил дараалан түрүүлж байлаа. Тэр үед надад Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэг өгч байсан.

-Хүүхдүүд бага ангийн багшийнхаа үйл хөдлөл бүр бичгийн хэвийг нь хүртэл дуурайчихсан байдаг. Энэ талаар таны бодол?

-Тэр үнэн шүү. Би Волейболын спортын мастер мөн теннис тоглодог. Тиймээс даасан ангийнхан маань бага болохоор волейбол төдийлөн тоглохгүй ч теннис сайн тоглож сурна. Эцэг, эхтэй нь хамтарч цохиур бөмбөг авч өгөөд Булган аймгийн спортын дунд сургуулийн теннисний ширээн дээр долоо хоногт хоёроос гурван удаа хичээллүүлдэг байв. Манай ангийнхан аймгийн теннисчдийн аварга шалгаруулах идэр насны ангилалд оролцоод эхний байруудыг эзэлж байсан удаатай.

-Хүүхэд бол гэр бүлийн толь байдаг. Янз бүрийн зан араншинтай, харьцахад бэрх хүүхдүүд ирдэг болов уу?

– Нэг ангид 35 хүүхэд ирлээ гэхэд бүгд өөр орчинд өссөн, зан ааш нь өөр байдаг. Төв газар өссөн хүүхдүүд хэлэх гэснээ хэлчихдэг нүүрэмгий байдаг бол хөдөөнөөс ирсэн хүүхдүүд бүрэг ноомой, асуусан асуултад барагтай бол хариулдаггүй. Би хүүхдүүдийнхээ өссөн орчныг их судалдаг юм. Хаана өсөж төрсөн, айлын хэд дэх хүүхэд, ямар орчинд амьдарч байгаа зэргийг анхаарна. Мөн гэрт нь ямар хүн хичээлийг нь давтуулах боломжтой, ойр дотно байж чадахаар байна гэдгийг нь хүртэл судлах шаардлага гардаг. Миний хувьд хүүхдийн хичээлийн хэрэгслийг бүрдүүлэх тал дээр хэрэгжүүлдэг нэг арга байдаг. Мэдээж айл бүрийн амьдралын түвшин өөр учраас бүгд хэлж захисан зүйлийг бүрэн гүйцэд авчирна гэж байдаггүй. Тиймээс эхэлж эцэг эхийн хурал хийж ямар хичээлийн хэрэгсэл шаардлагатайг сануулна. Дараа нь эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ хамтарсан хичээл заадаг. Энэ хичээл дээрээ бүх хичээлийн хэрэгслүүдээ бүрэн эсэхийг шалгадаг. Тухайлбал, эхлээд хайч, харандаагаа гаргаарай гэнэ. Дараа нь улаан өнгийн будаг, бичгийн цаасаа гаргаарай гэх зэргээр хичээлийн хэрэгслүүдийг нь шалгана. Энэ үед эцэг эхчүүд хичээлийн хэрэгсэл дутуу байх үед хүүхдэд нь ямар байх талаар өөрсдөө мэдэрдэг юм. Хичээлийн хэрэгслийг төдийлөн анхаарахгүйгээс болж хүүхэд өөртөө итгэлгүй, зарим үед хичээлээ ч хийж чадахгүй тохиолдол гардаг.

-Таны бодлоор багш мэргэжлийн хамгийн сайхан нь юу вэ?

-Багш мэргэжлийн хамгийн сайхан нь шавь нараа сайн, сайхан явахыг л харах гэж би хэлнэ. Миний төгсгөсөн ангиас Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Үенчийн хүү ОХУ-ын Буриад улсын ардын жүжигчин Б.Баттүвшин, Анагаах ухааны доктор О.Болорсайхан, тэшүүрийн спортоор Монгол Улсын 22 рекорд эвдсэн, олон улсын спортын мастер Г.Ууганбаатар, Монгол Улсын бүтээлч багш М.Дорж, Оны тэргүүний цэцэрлэгийн багш Л.Бумбат гээд мундаг шавь нар бий. Миний шавь нараас 40 гаруй нь багш мэргэжилтэй. Үүнд нь их талархаж явдаг юм. Багш мэргэжил сайхан шүү дээ. Мөн саяхан Булган аймгийн баяр наадам болж өнгөрлөө. Наадмын үндэсний бөхийн барилдаанд отгон шавь Г.Ганбаатар түрүүлж аймгийн арслан цол хүртсэнд баяртай байна. Миний сургаж хүмүүжүүлсэн хүүхдүүд өөрийн минь хүүхдээс ялгаа байхгүй. Сайн сайхан яваад нь магнайгаа хагартал баярлаж, саар яваад нь сэтгэл зовниж суудаг юм даа. Би шавь нартайгаа үргэлж л холбоотой байж баяр, тэмдэглэлт ой болгоноор шавь нартайгаа уулзана. Мөн цагаан сараар шавь нар маань ирж золгодог.

-Багшилж байх үед тань мартагдахгүй дурсамж их л тохиолдож байсан байх…

-Хүүхэд гэгээхэн болохоор сайхан дурсамжууд их үлдээдэг. Нэг дурсамж ярихад, тав хүртэлх тоогоор дүгнэдэг байсан үе л дээ. Ангийнхнаасаа шалгалт авчихаад дэвтрийг нь тарааж өгөхөд хүүхдүүд “Би тав авсан байна” зарим нь “Би гурав авжээ” гээд л хоорондоо ярилцаж байлаа. Гэтэл манай ангийн Дулмаа гээд охин “Би ангийн хүүхдүүдээс илүү долоо авсан” гэв. Би ч гайхаад Дулмаа багшдаа дэвтрээ аваад ир дээ гээд хартал анхааруулах тэмдэг тавьсныг долоо болгож харсан байж билээ. Тэр үеэс хойш ангийнхан нь “Долоо авдаг Дулмаа” гээд хочилдог болчихсон байсан. Бас Могод суманд, хөдөө эмээ, өвөө дээрээ байж байгаад сургуульд орсон Алтангэрэл гээд хичээлдээ их сайн хүү байсан. Хөдөө малд ойр өссөн болохоор их малч ухаантай. Хүүхдүүд завсарлагаар гүйлдээд гарахаар Алтангэрэл гарахгүй, миний хажууд ирээд гараа урдаа барьж байгаад тэнгэр лүү хараад л “Багш аа, өнөөдөр тэнгэр их аятайхан байх нь ээ” гэнэ. Зарим өдөр “Багш аа, өнөөдөр тэнгэр ямар эвгүй байх нь вэ, үүл ихтэй байна бороо орох нь дээ” гэх мэтчилэн хэвлүүхэн ярина. Тэгэхэд тэр жаахан хүүтэй чацуу хүүхдүүд битгий хэл би ч тэнгэр анзаарах сөхөөгүй явж байгаа юм чинь. Нэг бодлын монгол ахуй хүүхдийг тийм сүрхий, ажигч ухаалаг болгож байгаа юм. Бас манай ангийнхан урлагийн үзлэгт дандаа түрүүлчихдэг. Би урлагт авьяас байхгүй хүн л дээ. Тийм болохоор багш нар хошигноод “Та дуулж хуурдахдаа тиймхэн мөртлөө ангийнхан чинь урлагийн үзлэгт дандаа түрүүлчих юм” гэдэг. Тэгэхээр нь би “Та нар хүүхдүүдээ сайн хөгжүүл л дээ, энэ чинь багш нарын биш хүүхдүүдийн уралдаан шүү дээ гэнэ. Энэ мэтчилэн олон сайхан дурсамж сэтгэлд хоногшсон байдаг даа. Хааяа бодож суухад их сайхан байдаг шүү.

-Та залуу халаа болж буй багш нарт юу гэж зөвлөмөөр байна вэ?

-Бидний үед хүүхэд бүрийг сургахын төлөө тулж ажилладаг байсан. Дээр хэлсэнчлэн хоцрогдсон хүүхдүүддээ зориулж дугуйлан хүртэл ажиллуулдаг байлаа. Харин одоо тэр байдал дутмаг байгаад байна уу даа гэж ажиглагддаг юм. Зөвхөн олимпиадад бэлтгэж буй хүүхдүүддээ анхаарал хандуулаад байх шиг. Тиймээс энэ тал дээр анхаарах нь зүйтэй. Бас бага ангийн багш нар үсэг үзчихээд дуурайж бичүүлэхийн тулд дэвтэр дээр нь бичдэг. Харин хүүхэд нэг удаа багшийнхаа бичсэнийг хараад л цааш нь өөрийнхийгөө дуурайлгаад биччихдэг юм. Жижгэрүүлсэн бол улам жижгэрүүлээд, далийлгаж, томруулсан бол тэр чигээрээ ч гэх юм уу. Энэ нь бичгийн хэв сайжрахад муугаар нөлөөлдөг учраас сурагч нартаа багшийнхаа бичсэнийг л дуурайж бичихийг сануулах хэрэгтэй. Би шавь нартаа нэг үсэг биччихээд л багшийнхаа улаанаар бичсэнийг харж байгаарай тэгж байж чи гоё бичдэг болно шүү дээ гэж захидаг юм. Мөн хүүхдүүд хүнд үгнүүдийг их алддаг. Үүнийг засаж алдаагүй гоё бичүүлэхийн тулд давтан бичүүлэх, алдсан үгийг нь өөрөөр нь олуулах хэрэгтэй. Давтан бичүүлэх бол их үр дүнтэй байдаг. Ингэж байж л хүүхэд монгол хэлийг алдаагүй, цэвэр бичиж сурдаг юм даа.

О.Ариунцэцэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *