Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв

Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.12.11) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг дагаж мөхдөж журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Ж.Ганбаатар нараас 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн дээрх төслүүдийг 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэхийг шийдвэрлээд, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хороо 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг, тус ажлын хэсэгт мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын дэд хэсгийг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Гадаад хэргийн яамнаас төлөөлөл оролцуулан байгуулж ажиллуулжээ.

Төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, уг хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд танилцуулав. Төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Ерөнхийлөгчийн Тамгын газар, Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Гадаад хэргийн яам, Үндэсний аудитын газраас төсөлтэй холбоотой саналуудаа ирүүлжээ. Мөн Улсын Их Хурал дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналыг ажлын хэсгийн хурлаар тухай бүрд нь хэлэлцэн шийдвэрлэж төсөлд тусгажээ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсэгт заасны дагуу төслийг зүйл бүрээр нь хэлэлцэн ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулж шийдвэрлэн энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтсон байна.

Ингээд хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооноос дэмжсэн зарчмын зөрүүтэй 70, дэмжээгүй 1, найруулгын 3 багц саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хурааж шийдвэрлэв. Тухайлбал, төслийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсгийг “нэр дэвшигч” гэж тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын уугуул иргэнийг” гэж өөрчлөн найруулахыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 59.1 хувь нь, төслийн 5 дугаар зүйлийн 5.7, 5.8 дахь хэсгийг 5.6 дахь хэсэг болгож “Иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлах, сонгогчоос саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хөндлөнгөөс нөлөөлөх, саад учруулахыг хориглоно” гэж өөрчлөн найруулахыг гишүүдийн 57.6 хувь нь дэмжив.

Төслийн 3 дугаар зүйлд ““эвсэл” гэж Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу ерөнхийлөгчийн сонгуульд хамтран оролцож байгаа Улсын Их Хуралд суудал бүхий намуудыг;” гэсэн агуулгатай 3.1.11 дэх заалтыг, төслийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “Аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд тухайн шатны цагдаагийн болон улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн байгууллагын төлөөлөл орсон байна” гэсэн 2 дахь өгүүлбэрийг нэмэхийг гишүүдийн олонх нь дэмжлээ.

Мөн төслийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг “Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороодын даргаар тухайн шатны Засаг даргын Тамгын газрын дарга, эсхүл Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгчийг томилно. Сонгуулийн хороонд сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийг нээлттэй бүртгэсний үндсэн дээр томилон ажиллуулна” гэж, 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийг “Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо нь санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө энэ хуулийн 12.3-т заасны дагуу сум, дүүргийн сонгуулийн хороог дарга, нарийн бичгийн дарга болон гурав, эсхүл таван гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд нийтэд мэдээлнэ” гэж тус тус өөрчлөн найруулахаар болов.

Төслийн 19 дүгээр зүйлд “Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийг төлөөлөх эрх бүхий этгээдийн хүсэлтийн дагуу сонгогчдын эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, регистрийн дугаар, байнга оршин суугаа газрын хаяг бүхий энэ хуулийн 19.9-д заасан сонгогчдын нэрийн жагсаалтыг сонгуулийн хэсэг тус бүрээр санал авах өдрөөс 10-аас доошгүй хоногийн өмнө цахим хэлбэрээр нэг удаа олгоно” гэсэн агуулгатай 19.15 дахь хэсэг, 19 дүгээр зүйлд “Энэ хуульд заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн нам, эвсэл, төрийн бус байгууллагын төлөөлөл сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, давхардлыг арилгах, нягтлан шалгах, хүргүүлэх үйл ажиллагаатай танилцаж болно” гэсэн агуулгатай 19.21 дэх хэсгийг тус тус нэмэхээр тогтов.

Түүнчлэн төслийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсгийн “Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа хүн нэр дэвшихийг хориглоно” гэснийг “Гэмт хэрэг үйлдэж шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор гэм буруутай нь тогтоогдсон хүн нэр дэвшихийг хориглоно” гэж, төслийн 31 дүгээр зүйлийн 31.5 дахь хэсгийг “Нэр дэвшигч өөрийн итгэмжлэл олгосон нэг ерөнхий менежер, аймаг, нийслэл, сум, дүүрэг тус бүрд нэг менежер, хороо, баг тус бүрд нэг шадар туслагч, 200 сонгогч тутамд нэг ухуулагчтай байж болно. Сонгогчийн тооноос хамаарч аймаг, дүүргийн хэмжээнд 200 хүртэлх сонгогчийг хариуцсан нэг ухуулагч ажиллаж болно” гэж тус тус өөрчлөн найруулахаар болов.

Мөн төслийн 33 дугаар зүйлд “өдөр тутмын болон бусад сонин сэтгүүлд сонгуулийн сурталчилгааны материал нийтлүүлэх” гэсэн агуулгатай 33.2.8 дахь заалт, 35 дугаар зүйлд “Энэ хуулийн 33.2.8-д заасан сонин, сэтгүүл нь сүүлийн 12 сарын турш тогтмол гарсан байх бөгөөд түүнд нийтлүүлэх сурталчилгааны төлбөр нь ээлжит сонгуулийн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд баримталсан зар сурталчилгаа, мэдээ, мэдээллийн үнийн дунджаас хэтрэхгүй байна” гэсэн агуулгатай 35.11 дахь хэсгийг тус тус нэмэхийг гишүүдийн олонх нь дэмжив.

Түүнчлэн хуулийн төслийн 39 дүгээр зүйлд “Ухуулах байрын хаяг нь энэ хуульд заасан сонгуулийн сурталчилгааны зурагт самбар, дэлгэцэнд хамаарахгүй бөгөөд түүнийг байрлуулахдаа замын тэмдэг, тэмдэглэгээ, гэрлэн дохио, хөдөлгөөн зохицуулах бусад хэрэгслийг халхлах, бусдын эд хөрөнгө, явган зорчигчдод аюул учруулж болзошгүй байдлаар байрлуулах, замын хөдөлгөөнд саад учруулахыг хориглоно.” гэсэн агуулгатай 39.3 дахь хэсэг, төслийн 40 дүгээр зүйлд “Нам, эвсэл, нэр дэвшигчийн зүгээс бэлтгэсэн сонгуулийн сурталчилгаа нь хөгжлийн бэрхшээлтэй хүний мэдээлэл авах эрхийг хангах зорилгоор хадмал тайлбар, эсхүл дохионы хэлний орчуулгатай байна” гэсэн агуулгатай 40.27, “Радио, телевизийн мэдээллийн хөтөлбөр, сургалтын болон хүүхдэд зориулсан нэвтрүүлэг дундуур сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлэг нэвтрүүлэхгүй.” гэсэн агуулгатай 40.28 дахь хэсгийг тус тус нэмэх зарчмын зөрүүтэй санал дэмжигдлээ.

Мөн төслийн 41 дүгээр зүйлд “Харилцаа холбооны зохицуулах хороо нь Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг үндэслэн цахим орчин дахь олон нийтийн сүлжээний хандалтыг хязгаарлах, тархалтыг бууруулах технологийн арга хэмжээг сонгуулийн сурталчилгаа дууссан өдрөөс санал авах өдрийн дараах өдөр хүртэл авч болно”; “Энэ хуулийн 41.1.3-т заасан цахим хуудас ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах төлбөр нь ээлжит сонгуулийн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд баримталсан зар сурталчилгаа, мэдээ, мэдээллийн төлбөрийн дундаж хэмжээнээс хэтрэхгүй байна.” гэсэн агуулгатай 41.11, 41.12 дахь хэсгийг нэмэхээр болов.

Гишүүдийн олонх нь хуулийн төсөлд “Нэмэлт санал хураалт явуулах” гэсэн агуулгатай 77 дугаар зүйл нэмэхийг дэмжсэн юм. Төслийн энэ зүйлд сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчийн тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй бол тавин хувь нь оролцоогүй хэсэг тус бүрд нэмэлт санал хураалт явуулах; нэмэлт санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоог эхний санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоон дээр нэмж тооцох; нэмэлт санал хураалтад эхний санал хураалтад оролцоогүй, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдыг оролцуулах; нэмэлт санал хураалт явуулах тухай шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хороо гаргах бөгөөд шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор зохион байгуулж явуулахаар зохицуулжээ.

Хуулийн төслийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсгийг “Энэ хуулийг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж өөрчлөн найруулах Байнгын хорооны ажлын хэсгийн саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон 62 гишүүний 44 нь буюу 71.0 хувь нь дэмжлээ. Эцэст нь Байнгын хорооноос дэмжээгүй болон төслийн талаарх найруулгын саналуудаар санал хураалт явуулж шийдвэрлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.01.09/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

Тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн С.Бямбацогт уншиж танилцууллаа.

Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд уг нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх ажлыг Улсын Их Хурлаас баталсан хуваарийн дагуу хийхээр заасантай холбогдуулан Улсын Их Хурал 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн билээ.

Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед УИХ-ын гишүүдээс санал хэлсэн бөгөөд УИХ-ын даргаас Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-т заасны дагуу тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ гишүүдээс гаргасан санал болон төсөл, түүний хавсралтын үг, найруулгыг Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалд нийцүүлэн гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу ажлын дэд хэсгийг байгуулан ажиллалаа хэмээн танилцуулсан юм.

Тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх үед тогтоолыг дагаж мөрдөх хугацаа, тогтоолын хавсралтад “төрийн нийтийн өмч”-ийн зохицуулалттай холбоотойгоор холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар нэмэх болон хавсралтаас зарим давхардсан хуулийн төслийг хасахтай холбоотой зарчмын зөрүүтэй 4 санал, тогтоолын төслийн хавсралтын үг, найруулгыг Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалтай нийцүүлэх найруулгын шинжтэй 3 бүлэг саналаар санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн гэлээ.

Тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй саналуудаар санал хураалт явуулж дуусан, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар тогтоолыг эцэслэн баталлаа.

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Мөн хуралдаанаар Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Хуулийн төслийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.

Мөнгө угаахтай тэмцэх, санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллагаас 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хурлаар Монгол Улсыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтад оруулснаа зарлан, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх тогтолцоог сайжруулах талаар хугацаатай ажлын төлөвлөгөө өгсөн.

Монгол Улсын хувьд тус жагсаалтаас гарахгүй удсан тохиолдолд эдийн засгийн өсөлт саарах, улс орны нэр хүндэд сөргөөр нөлөөлөх эрсдэл дагуулж болзошгүй тул ФАТФ-тай тохирсон ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна хэмээн Сангийн сайд мэдээллээ.

Үүнтэй холбогдуулан уг жагсаалтаас Монгол Улсыг гаргах талаар холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх ажлыг уялдуулан зохицуулж, удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллах үүрэг бүхий ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 172 дугаар захирамжаар байгуулж, энэхүү ажлын хэсгээс боловсруулсан Монгол Улсыг ФАТФ-ын стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтаас гаргах талаар авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний төлөвлөгөөнд холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулахаар тусгасан байна. Тиймээс хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, “мэдээлэх үүрэгтэй этгээд”-д хамаарах хуульд заасан үүргийн хэрэгжилтийг хангах, тэдгээртэй холбоотой зохицуулалтыг нийцүүлэх, “мэдээлэх үүрэгтэй этгээд”-д тавигдах хяналт шалгалтын тогтолцоог сайжруулах, хууль зөрчсөн хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх хариуцлагын тогтолцоог сайжруулах, төрийн байгууллагын хамтын ажиллагааны уялдааг бэхжүүлэх зорилгоор хуулиудын төслийг боловсруулсан гэлээ.

Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж танилцуулав.

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор зарим нэр томъёог тодорхой болгох, мэдээлэх үүрэгтэй этгээдээс мэдээллийг цахимаар Санхүүгийн мэдээллийн албанд хүргүүлэх, мөнгө угаахтай холбоотой зарим гэмт хэрэг, зөрчилд хүлээлгэх хариуцлагыг чангатгах, мэдээлэх үүрэгтэй этгээдэд тавих хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох, төрийн байгууллагын хамтын ажиллагааны уялдааг сайжруулах зохицуулалтыг тусгасан хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Ж.Батзандан Олон Улсын Санхүүгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэх байгууллагаас манай улсад тодорхой зөвлөмжүүдийг ирүүлж байгаа бөгөөд тухайлбал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа хэргийг шийдвэрлэхэд ахиц гарахгүй байгааг дурддаг, үүнийг хуулийн төслөөр шийдвэрлэсэн эсэх, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар саарал жагсаалтаас гарах талаар авч хэрэгжүүлж байгаа төлөвлөгөө болон гарч байгаа хүндрэлтэй асуудлын талаар асуулт асууж, хариулт авсан гэлээ.

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлсэн. Гишүүд авлигын гэмт хэргээс үүдэлтэй эдийн засагт учирч буй хохирол, түүний тооцоо, судалгаа, мөнгө угаахтай холбоотой гэмт хэргийг шийдсэн байдал яагаад тийм цөөн байгаа талаар тодруулж байлаа. Хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан танилцуулав.

2015 онд Сонгуулийн тухай хууль батлагдсанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль, Улсын Их Хурлын, аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуультай холбоотой бүхий л харилцааг нэгдсэн нэг хуулиар зохицуулах болсон.

Эдгээр сонгуулиудыг нэг хуулиар зохион байгуулж явуулахад учирсан хууль хэрэглээний болоод зохион байгуулалтын хүндрэлтэй нөхцөл байдлууд нь сонгуулийн онцлог харилцааг тусгайлан зохицуулсан, зөвхөн тухайн сонгуульд үүсч буй харилцааг зохицуулах хуулийн зохицуулалт, тусгайлсан хууль шаардлагатай болохыг харуулсан юм гэлээ.

Тиймээс Улсын Их Хурлын сонгууль, аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль болон Ерөнхийлөгчийн сонгуулийн үндсэн зарчим, журмыг тодорхой болгох, улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралын хөгжлийн явц, түүнээс үүдэн гарсан нөхцөл байдал, хууль тогтоомжийн чанарыг сайжруулахад чиглэсэн тусгайлсан хууль боловсруулах шаардлагын үүднээс УИХ-аас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг баталсан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлж эхлээд байна гэлээ.

Хуулийн төслүүдийн талаар улс төрийн намууд, төрийн бус байгууллагуудыг оролцуулсан хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж саналыг тусгаад байгааг дуулгасан.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөлд сонгууль зохион байгуулах үйл ажиллагаанд хуулиар үүрэг хүлээн оролцдог төрийн байгууллагуудын чиг үүрэг, түүнд холбогдон гарах зардал, зохион байгуулалтыг нарийвчлан тусгасан байна. Түүнчлэн сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн эсэх асуудлыг харьяалан шиыдвэрлэх байгууллага, гомдол маргаан хянан шийдвэрлэх журмыг Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх журмын тухай хуулиар нарийвчлан зохицуулахаар оруулсаныг мөн онцолсон.

Гадаад улсад ажиллаж, амьдарч буй Монгол Улсын иргэд сонгуульд оролцож саналаа өгөх зохицуулалтыг боловсронгуй болгожээ.

Хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг Төрийн байгуулалтын байнгын хороо 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжиж, дээрх хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн хэмээн УИХ-ын гишүүн Н.Амарзаяа танилцуулсан юм.

Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн бөгөөд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *