Categories
мэдээ нийгэм

Монгол улс дэлхийн худалдааны байгууллагын оюуны өмчийн эрхийн худалдаанд хамаарах асуудлаарх зөвлөлийг даргална

Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ)-ын Ерөнхий зөвлөлийн 2019 оны анхны хуралдаан хоёрдугаар сарын 28-ны өдөр Женев хотноо болж өндөрлөв. Хуралдаанаар гишүүн орнууд Доха-гийн хөгжлийн үе шатны олон талт худалдааны хэлэлцээний явц, ДХБ-ын Сайд нарын түвшний IX /Бали/, X /Найроби/, XI /Буэнос Айрэс/ дүгээр Бага хурлаас баталсан шийдвэрүүдийн хэрэгжилт, жижиг, эмзэг эдийн засагтай орнуудын ажлын хөтөлбөрийн хэрэгжилт, давж заалдах шатны байгууллагын асуудал, олон талт худалдааны тогтолцооны шинэчлэл зэрэг асуудлыг ярилцав.

Хуралдаанаар ДХБ-ын Байнгын зөвлөл, хороодын дарга нарыг сонгон шалгаруулсан ба Монгол Улсаас ДХБ-д суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч Л.Пүрэвсүрэн тус байгууллагын Оюуны өмчийн эрхийн худалдаанд хамаарах асуудлаарх зөвлөл (ОӨЭХХА-аарх зөвлөл)-ийн даргаар сонгогдлоо. ДХБ-ын Байнгын зөвлөл, хороодын дарга нар нэг жилийн хугацаатай сонгогддог бөгөөд ОӨЭХХА-аарх зөвлөл нь тус байгууллагын үндсэн гурван зөвлөлийн нэг нь юм. (Барааны худалдаан зөвлөл, Үйлчилгээний худалдааны зөвлөл)

Монгол Улс 1997 онд ДХБ-д гишүүнээр элссэнээр тус байгууллагын 164 гишүүн оронтой үндэстний нэн тааламжтай нөхцлөөр буюу тарифын хөнгөлөлттэй нөхцөлтэйгээр худалдаа хийх боломжоор хангагдсан. Тус байгууллагад элссэнээс хойшх хугацаанд доотоодын хууль тогтоомжийг ДХБ-ын гэрээ, хэлэлцээрүүдэд нийцүүлж үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчдэд худалдаа, бизнес эрхлэх илүү таатай орчин бүрдүүлэх, элдэв шат дамжлагыг цөөрүүлэх зэрэг арга хэмжээ авсан.

Цаашид ДХБ-ын Сургалт, техникийн хамтын ажиллагааны төвтэй хамтран Улаанбаатар хотноо хөдөө, аж ахуй, цахим худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх, бичил, жижиг, дунд үйлдвэр болон худалдааны хэлэлцээ хийх чадавхыг бэхжүүлэх зэрэг сэдвээр 2019 онд сургалт зохион байгуулахаар тохиролцоод байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *