Categories
мэдээ нийгэм

Монгол Улс авлигын индексээр зургаан байр ухрав DNN.mn

“Транспэрэнси Интернэшнл” олон улсын төрийн бус байгууллагаас жил болгон улс орны төрийн албан дахь авлигын Авлигын төсөөллийн индекс танилцуулдаг.

Ингэхдээ авлигын талаарх шинжээч, бизнес эрхлэгчдийн төсөөлөлд үндэслэдэг бөгөөд өнөөдөр 2022 оны дүнг зарлалаа. Монгол Улс Авлигын төсөөллийн индексээр 2012 оноос хойш 35-39 оноогоор үнэлэгдсэн бөгөөд сүүлийн гурван жил дараалан хамгийн багаар буюу 35 оноотой үнэлэгджээ.

Монгол Улс сүүлийн долоон жилд:

  • 2015 онд 39
  • 2016 онд 38
  • 2017 онд 36
  • 2018 онд 37
  • 2019 онд 35
  • 2020 онд 35
  • 2021 онд 35 оноо тус тус авч байжээ.

Авлигын төсөөллийн индекс нь нэгдмэл аргачлал бүхий бие даасан судалгаа биш, харин дэлхийн 180 гаруй орныг хамруулан АНУ, ХБНГУ, Их Британи, Швейцар, Хонконгт үйл ажиллагаа явуулдаг 13 байгууллагын судалгаа, үнэлгээний авлига болон түүнд холбогдох хэсгийн үзүүлэлтийг сонгон, тодорхой аргачлалаар индексийг тооцон 0-100 онооны хооронд тодорхойлдог. 0 оноо нь өндөр авлигатай, 100 оноо нь цэвэр юм. 30-аас доош оноо авбал маш их авлигажсан, 30-50 оноотой бол авлигын түвшин дундаж, 50-иас дээш бол авлигын түвшин буурч байна гэж үздэг.

Авлигын индексийн судалгааг 16 хөндлөнгийн эх сурвалж дээр суурилж гаргадаг. Манай улсад 1998 онд анхны судалгааг хийж байхад гурван эх сурвалжтай байсан бол энэ удаад найман эх сурвалжтай болсон гэв. Жил өнгөрөх тусам хамрагдах улсын тоо нэмэгддэг ба 2017 оноос хойш тогтвортой өссөөр өдгөө 180 улс хамрагдаж байна.

Сүүлийн таван жилийн авлигын түвшинг харьцуулаад үзэхэд ахиц дэвшил гараагүй, нийт улсын 95 хувьд бага зэрэг буурсан буюу бараг өөрчлөлт гараагүй, зарим улсад авлига бүр ихэссэн үзүүлэлттэй байна.

2022 оны Авлигын индекст зэвсэгт мөргөлдөөн, дайн нь олон улсын хооронд өргөн хүрээний асуудал болж, дэлхий нийтийг хамарсан учраас илүүтэй анхаарал хандуулсан гэв. Тус байгууллагын зүгээс ардчилсан нийгэмд авлигыг уг үндсээр нь арилгахын тулд олон нийт тэмцэх ёстой бөгөөд ингэснээр тайван, аюулгүй байдал, хөгжил дэвшлийг бий болгох уриаг өнөөдрөөс зарлаж байна. Авлигыг бүх шатанд арилгаж байж улс орон хөгжил дэвшилд хүрнэ гэсэн үг. Авлига хэдий чинээ их байна, төдий чинээ ард иргэд ядуу байна. Ардчилсан тогтолцоо нь хангалттай ажиллахгүй, хүний эрхийг доор үздэг улсад авлига их байдаг.

Аюулгүй байдал нь хангагдсан, тайван улс оронд авлига бага байна. Жишээ нь авлига өндөр улсад аюулгүй байдал алдагдсан, нийгмийн дэг журам байхгүй, гэмт хэрэгтэйгээ тэмцэж чаддаггүй, нийтийн сайн сайхны төлөө ажиллах ёстой хууль сахиулах байгууллага нь авлигажиж, зөвхөн мөнгөтэйд нь үйлчилдэг.

2022 онд Монгол Улс анх удаа хоёр оноогоор буурсан үзүүлэлттэй байна. Тодруулбал 33 оноогоор 180 орноос 116 дугаар байрт эрэмбэлэгджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *