БНСУ-ын
цагдаагийн байгууллагаас Сөүлийн Түндэмүнд байрлах Монголтаунд байрладаг нэгэн
каргод нэгжлэг хийжээ. Энэ үеэр 15 тэрбум вон Монгол руу шилжүүлсэн байсан гэнэ.
Дээрх мөнгө хууль ёсных уу
гэдэг тус улсын хуулийн
байгууллагынхны анхаарлыг татаж байгаа
юм байна. БНСУ-ын Валютын тухай хуулиар
банк бус байгууллагаар гадаад руу мөнгө шилжүүлэг хийхийг хориглодог аж. Гэвч
тус улсад манай иргэд ажиллаж эхэлсэн цагаас эх орон руугаа каргоны газраар
мөнгө шилжүүлж ирсэн. Харин сүүлийн долоон
жилийн хугацаанд манай банкны зарим салбар БНСУ-д нээгдсэнээр мөнгө
гуйвуулахад асуудалгүй болсон билээ. Гэвч каргоны газраар дамжуулж мөнгө
шилжүүлэх явдал байсаар байгаа аж.
Тус улсын
Валютын тухай хуулийг зөрчсөн тохиолдолд 30 сая хүртэлх воноор
торгох хуулийн заалт байдаг гэнэ. Энэ хэрэгт каргоны эзнийг сэжиглэн гадуур
байцааж байгаа бөгөөд мөнгө гуйвуулсан монгол иргэнийг эрэн сурвалжилж эхэлжээ. Монгол руу гуйвуулсан дээрх 15
тэрбум вон нь хууль бус гэж БНСУ-ын цагдаагийнхан үзэж байгаа бөгөөд
энэ хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн мөрдлөг явуулаад байгаа аж. Энэ хэргийг тус улсын Чүнгбүк аймгийн цагдаагийн газар
шалгаж байгаа юм байна. Учир нь каргоны эзэн тус аймагт амьдардаг тул оршин
суугаа газрынх нь хуулийн байгууллага
шалгаж байгаа бөгөөд Монгол Улсын иргэн, тээвэр зуучийн үйл ажиллагаа эрхэлдэг
компанийн захирал 39 настай эмэгтэй Т-г
баривчилжээ. Т нь Сөүл хотын Түндэмүн дүүрэг дэх Монголтаунд байрлах
ачаа тээврийн компаниараа дамжуулан Монгол руу ердөө нэг хувийн хүүтэй мөнгө
илгээж байжээ. 2013 оноос өнөөг хүртэл 8241 удаагийн үйлдлээр 15 тэрбум воныг
илгээж, үйлчилгээний хураамжид 600 сая воны орлого олсон байна. Түүнийг хөдөө орон нутагт зоогийн
газар, ачаа тээврийн компани ажиллуулдаг 21 монгол иргэнтэй хамтран ажиллаж
байсан гэдгийг тогтоожээ. Ингэхдээ бусдын мөнгийг Монголд илгээсэн гэх хэрэгт холбогдоод байгаа юм. Дээрх иргэд
одоогоор гадаад руу мөнгө шилжүүлэхдээ бусдын нэр дээрх банкны дэвтэр
ашигласан, мөнгөн гүйлгээ хийсэн гэж буруутгагдаад байгаа бололтой. Мөн энэ тухайгаа тус хуулийн дагуу Солонгос улсын
Санхүүгийн хороонд мэдэгдээгүй, мөнгө
гуйвуулсан татвараа төлөөгүй зэрэг хэрэгт буруутгагдаж байгаа юм байна.
БНСУ-ын хуулийн
дагуу гадаад руу мөнгө шилжүүлэхэд заавал иргэний үнэмлэхтэйгээ өөрийн биеэр
банкин дээр очиж тодорхой бичиг баримт бөглөсний дараа мөнгөө илгээж, түүнийг
нь 2-3 хоногийн дараа хүлээж авдаг бол Монгол иргэд ямар нэгэн бичиг
баримтгүйгээр 10-хан минутийн дотор, бага хүүтэй мөнгө илгээдэг байсан байна.
Тиймээс үйлчлүүлэгчдийн тоо их бөгөөд тэдний дийлэнх нь тус улсад хууль бусаар
ажиллаж амьдарч байгаа монгол иргэд байжээ. Мэдээж хүү багатай, бичиг баримт шаардахгүй
хурдан шуурхай мөнгө гуйвуулдаг тул
хараар ажилладаг монголчууд тус каргог
сонгож байсан бололтой. Ар гэрийнхэн рүү нь мөнгө гуйвуулж байснаараа харин каргоны
эзэн бурууджээ.
Мөн Монголын хоёр иргэн эгч дүү Б, А нарыг
Сөүл хотын Куру дүүргийн цагдаагийн газар саатуулжээ. Тэд аялал жуулчлалын
визээр БНСУ-д зорчиж явсан гэнэ. Гэмт этгээдүүд дохиоллын систем суулгасан
хувцаснуудыг мэдрэхгүй байхаар зориуд тоноглосон цүнх ашиглан хулгай хийжээ.
Нийт найман удаагийн үйлдлээр 5 сая 620 мянган воны өртөг бүхий бэлэн хувцас,
гутал зэргийг хулгайлсан нь эхний мөрдөн байцаалтаар тогтоогджээ. Хэрэгт
холбогдсон хоёр иргэн 32, 36 настай эмэгтэйчүүд байсан гэдгийг хэргийг шалгаж
буй цагдаа нь мэдэгдсэн байна. Сонирхолтой нь хулгай хийсэн хоёр Монгол эмэгтэйн
тоноглосон цүнх нь дотроо хэдэн ч хувцас хийгээд дэлгүүрээс гарахад дохиоллын
систем нь ажиллахгүй байхыг шалгалтаар тогтоосон гэнэ.
Тэд сүүлийн хоёр
жил БНСУ-д ирж, очдог байжээ. Мөн хулгайлсан эд зүйлээ шуудангаар Монгол руу
илгээдэг байсан гэдгээ хүлээсэн гэнэ. Сөүл хотын цагдаагийн хэлтэс дээрх хоёр
бүсгүйг багагүй хугацаанд эрэн сурвалжилсан бөгөөд Монголтауны орчимд хулгай
хийхдээ ашигладаг цүнхээ авч явж байхад нь баривчилсан байна.
Ийнхүү БНСУ-д
ажиллаж буй монгол иргэд гэмт хэрэгт холбогдох нь буурахгүй байгаа аж. Албаны
хүний мэдээллээр БНСУ гадаадаас ажилчин авах бодлогоо чангатгаж байгаа. Энэ
хүрээнд Монгол Улсаас энэ жилийн хувьд 600 орчим ажиллах хүч авна гэдгээ тус
улсаас мэдэгдээд буй. Түүнээс гадна монголчуудын хувьд гурван сарын визээр тус
улс руу зорчиж, улмаар байнгын визтэй болох боломж олгож байснаа цуцалж
магадгүй гэх мэдээлэл ч бий. Одоогийн байдлаар Монголоос БНСУ-д хууль зөрчин
“харлаж” амьдарч байгаа иргэдийн тоо бусад улстай харьцуулахад хамгийн өндөр нь
гэнэ. 2014 оны аравдугаар сарын байдлаар нийт 23000 иргэн байгаагаас байнга
оршин сууж байгаагийн 30 хувь нь буюу 7000 орчим нь хууль бус аж. “Хараар”
ажиллаж буй иргэдийн тоо өссөнийг дагаад
монголчууд гэмт хэрэгт холбогдох нь ихэсч байгаа учир ЭСЯ-наас гэмт хэрэгт
холбогдож байгаа иргэдийн судалгааг нарийвчлан гаргаж эхэлжээ. Амиа алдсан
иргэдийн тоо, үйлдвэрлэлийн осол, эмнэлэгт өвчнөөр нас барж буй иргэдээс гадна
БНСУ-ын хуулийг зөрчин автомашины осол, архидан согтуурч танхайрах гэмт хэрэгт
холбогдон амь насаа алдаж буй иргэдийн тоо өссөн үзүүлэлт гарчээ.
Үүнтэй холбоотойгоор саяхан тус улсын цагдаагийн байгууллагынхан гадаадын иргэдээс гэмт хэрэгт холбогдсон байдлын судалгаа гаргасан байна. Судалгаагаар
манай улсын иргэд хамгийн их гэмт хэрэгт холбогдсон дүн гарчээ. 2011 онд
гадаадын 100 мянган хүн тутамд оногдох гэмт хэргийн 7064 хэрэгт нь Монголын иргэн холбогдсон байна.
Харин АНУ 6756, Канад 4124, ОХУ 3785 байгаа аж.
Энэхүү судалгааны
хүрээнд 2007-2011 оны хоорондох дүн мэдээг нэгтгэжээ. Үүнээс харахад 2007 онд
4518 гэмт хэрэгт манай иргэд холбогдсон бол АНУ 4300, Канад 3134, ОХУ-ын иргэд
2254 гэмт хэрэг үйлдсэн гэсэн тоо баримт гарчээ. Монголчуудын хамгийн ихээр
үйлддэг гэмт хэрэг нь залилан, хулгай аж. Хамгийн их харамсалтай зүйл нь 2014
оны дөрөвдүгээр улирлын байдлаар БНСУ-ын хууль хяналтын байгууллагаар хэрэг нь
шалгагдаж, хоригдож буй нийт 36 иргэнээс 20 нь ял эдэлж байгаа гэнэ.
Д.Маргад