Categories
мэдээ цаг-үе

Монгол орны цаг уурын салбарын хөгжлийг түүчээлсэн алтан үеийнхэн

Ангийн 40 жилийн уулзалт. 2008.10.24

Одоогоос 50 жилийн өмнө зургадугаар сарын 29-ний энэ өдөр Монгол Улсын цаг уурын салбарын том хөрөнгө оруулалт болох мэргэжлийн боловсон хүчнүүд их сургуулиа төгсч, ромбо дипломоо гардан авч байжээ. МУИС-ийн Физик-математикийн факультетийн Цаг уурын ангийн хоёр дахь төгсөлт болох 27 шижигнэсэн залуу сургуулиа дүүргэж, ажил амьдралынхаа гарааг амжилттай эхлүүлж байсан түүхэн үйл явдал өнөөдөр тохиож байна. Он цаг улиран өнгөрсөн ч оюутан ахуй цагийн гэгээн сайхан дурсамжууд одоо ч энэ ангийнхны сэтгэлд тод бууж байна лээ.Тэртээх 1963 оны наадмын дараахан эх орны өнцөг булан бүрээс МУИС-ийн Физик-математикийн факультетийн Цаг уурын ангид хуваарь авч тэнцсэн 32 хүүхдийг дунд зэргийн нуруутай шовгор залуу хүлээн авч байжээ.

Тэр хүн бол тэнхимийн эрхлэгч Ё.Гира багш байсан гэнэ. Тэрбээр “За та нар цаг уурч инженер болно” гэж уг мэргэжлийн талаар ярьж өгч байжээ. Энэ анги Баян -Өлгийн Казах, Увсын Баяд, Хэнтий, Дорнодын буриад, төв халхынхан зэрэг олон ястны төлөөллөөс бүрдэж байсан аж. Хамгийн ахмад нь Завхан аймагт ажиллаж байгаад ирсэн Ч.Төрхүү, хамгийн отгон нь 1946 онд төрсөн Ж.Цэрэндэлэг нар байжээ. Тухайн үед намрын тариа, ногоо хураалтын ажлыг цэргүүд болон оюутнууд нугалдаг байв. Тэр жишгээр ирээдүйн цаг уурчид маань Жаргалантын сангийн аж ахуйн ногооны VI бригад дээр наймдугаар сарын эхээр хуваарилагджээ. Энэ тухайгаа тэд ярихдаа “Бригадын дарга Манж гуай “Оюутнуудыг усаар хангана, агаараар хангана” гэж хэлж байсныг нь сүүлд хошигнодог сон. Бид сангийн аж ахуйд төмс хураах, үр тариа цайруулах, хонь угаах, хадлан хадах зэргээр тэр намар хоёр сар ажиллаж хүн бүр л 250-300 төг авч байсан нь тэр үедээ их л мөнгө байж дээ. Тэр үеийн манай дээд сургуулийн сургалт ЗХУ-ын их, дээд сургуулиудын хөтөлбөрөөр явдаг байсан учраас сургалт сайн байлаа. Ганц дутагдал нь гэвэл нийгмийн ухааны буюу Олон улсын ажилчны хөдөлгөөний түүхээс эхлээд ЗХУ-ын коммунист намын түүх, МАХН-ын түүх, Улс төр, эдийн засгийн ухаан, Диалактек болон түүхэн матеиализм, Шинжлэх ухааны коммунизмийн онол гэх зэрэг хичээл түлхүү ордог байсан юм. Энэ нь ч тухайн үеийн үзэл сурталжсан нийгэмд аргагүй байсан байх даа. Бас дээр нь зоо мал эмнэлгийн үндэс, этик, эстетик, иргэний хамгаалалт ордог байлаа” гэв.

Ер нь энэ ангийнхан сургуульдаа спорт, урлагаар тэргүүлдэг байжээ. З.Сонгиноо, Г.Батмөнх хоёр нь Их сургуулийн дагшаа найрал хөгжмийн хөгжимчид, Сарантуяа (сүүлд нэг анги ухарч МУИС төгссөн), Ц.Шагдар хоёр нь дуулдаг, жүжиглэдэг, Ш.Цэнд тэшүүрийн спортоор сургуулийн нүүр тахалдаг, Ц.Шагдар, А.Жамбалдорж, Д.Батдэлгэр, Л.Нацагдорж нар шатар шаггүй тоглочихдог сүрхий оюутнууд байсан гэнэ.

Таван жил тохой залган сууж, суралцсан энэ ангиас 27 залуу цаг уурч инженерийн мэргэжлээр сургуулиа төгсч, эх орныхоо өнцөг булан бүрт ажиллахаар томилолт өвөрлөн явцгааж байснаа саяхан мэт дурсан ярив. Төгсөгчдийн 12 нь хотод бусад нь хөдөө орон нутагт томилогджээ. Тэдний тав нь аэрологийн инженер, долоо нь синоптик, хоёр нь хөдөө аж ахуйн цаг уурын инженерээр, арав нь уур амьсгалын инженерээр ажлын гараагаа элүүлсэн. Тодруулбал, З.Сонгиноо, Ц.Шагдар нар Цаг уурын товчооны даргаар, дэд хурандаа Г.Мягмарсүрэн, Х.Хавдрааш, Ц.Эрдэнэтуяа нар цэргийн цаг уурт, хошууч С.Сайзмаа иргэний агаарын тээврийг удирдах ерөнхий газарт хөдөлгөөний тасагт инженер, байцаагчаас гадна Хэнтий аймгийн агаарын тээврийн газрын дарга гээд удирдах ажлыг олон жил идэвх зүтгэлтэй хашжээ. Мөн Ц.Адьяа, Ж.Баасан, Г.Баасанхүү, С.Отгон, А.Ханд, Г.Отгонтуяа, А.Нанжидсүрэн нар аймгуудын уур амьсгалын тойм, Монгол орны уур амьсгал, аэро уур амьсгалтын тодорхойлолт гаргах ажлыг гүйцэтгэхэд идэвхтэй оролцож байсан гэнэ. Х.Цэвэлмээ “Чингис хаан” олон улсын нисэх буудлын алсын барааны минимумыг хотын утааны өтгөрлийн хэмжээнээс шалтгаалан газрын гадаргуу орчмын инверсийн зузааны хэмжээгээр тодорхойлох критерийг тогтоон үүгээрээ графикийн аргыг боловсруулан ашиглах аргачлалыг боловсруулан үйлдвэрлэлд нэвтрүүлсэн байна. Бас А.Жамбалдорж, Д.Зориг, Г.Батмөнх нар намын дээд сургууль, С.Отгон нар ЗХУ-д хэмжил зүйн дээд курс гээд гадаад дотоодод суралцаж төгсчээ. Энэ мэтчилэн төр захиргаа, нам, эвлэл, үйлдвэрчний удирдах ажил хийж байсан хүмүүс ч олон бий. Тэдэн дундаас эрдэм шинжилгээний бүтээл туурвиж, сурах бичиг, гарын авлага олныг гаргаж, эвсэг хамт олныг эв дүйгээрээ удирдан бүрдүүлж, хот хөдөөгийн хөдөлмөрчид, байгууллагуудыг цаг агаарын үнэн зөв мэдээллээр ханган үйлчлэх, ХАА-н болон тээврийн байгууллагуудын аюулгүй ажиллагааг хангах зэрэг ажилд гаршиж мэргэшсэн мэргэжлийн өндөр чадвартай инженерүүд олон төржээ.

“Бид ажиллах хугацаандаа Монгол Улсынхаа ус, цаг уурын албыг хөгжүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэж, улс ардын аж ахуйн бүхий л салбарт хүч чадал, эрдэм мэдлэгээ дайчлан ажиллаж байсан. Бидний алба хаасан үе 1968- 2000-аад онд үндэсний ус цаг уурын албанд техник, технологийн болон боловсон хүчний эрчимтэй шинэчлэл хийгдсэн бөгөөд Ус цаг уурын албаны хөгжлийн нэг оргил үе байсан юм. Үүгээрээ ч бид бахархдаг. Энэ утгаараа олон юмны анхдагч, эхлэл, суурийг тавигчид нь байлаа. Мэдээж энэ үйлст зөвхөн манай ангийнхан төдийгүй одоогийн ахмад болон үе, үеийнхний маань оролцоо хувь нэмэр чухал байсан юм шүү. НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн шугамаар БНМАУ-ын Ус цаг уурын сүлжээг өргөтгөн шинэчлэх хоёр удаагийн төсөл хэрэгжих тэр үед УЦУАУЕГ-ын Шалган зааварлах хэлтсийн дарга байсан Д.Батдэлгэр биечлэн оролцож байлаа. 1968 оны намар Говь-Алтайд орон нутгийн Урьдчилан мэдээлэх товчоо, аэрологийн станц анх байгуулахад гол хүч нь мөн л манай ангийхан байлаа. 1971 онд цаг уурын “МРЛ-2 радиолокатор” суурилуулан ажиллуулахад Х.Хавдрааш, 1976 онд байгаль орчны хяналт шинжилгээний лаборатори байгуулан хөл дээр нь босгож ажлыг нь зүгшрүүлэхэд Ж.Цэрэндэлэг маань, 1986 онд цаг уур, аэрологийн горимын мэдээллийн автоматжуулсан боловсруулалтын систем боловсруулан нэвтрүүлэхэд Ц.Адьяа, Г.Баасанхүү нар идэвхтэй оролцож байсан юм. Байгаль орчныг хамгаалах яам байгуулж байгаль орчны экспертизийн ажил эхлэхэд ахиад л Ж.Цэрэндэлэг хошуучлан оролцож анхны хэлтсийн даргаар нь ажиллаж байлаа. Ерээд оны эхнээс цаг уур, хөдөө аж ахуйн цаг уур, нарны цацраг судлал, аэрологийн горимын мэдээллийн РС-д суурилсан автоматжуулсан боловсруулалтын систем боловсруулан нэвтрүүлэх, синоптикийн практикт “цаасгүй технологи” нэвтрүүлэх, цаг агаарыг урьдчилан мэдээлэх технологийн шинэчлэлийн ажлыг Л.Нацагдоржийн удирдсан УЦУХ амжилттай хэрэгжүүлсэн билээ” гэж тэд нөхдийнхөө үйлсээр бахархсан юм.

Хариуцсан салбараараа овоглон нэршсэн аэрологийн Г.Баасанхүү, уур амьсгалын Ц.Адьяа, багажийн С.Отгон, Хөдөө аж ахуйн цаг уурын шуурхай үйлчилгээний Ч.Төрхүү, нарны Нансалмаа, Завханы З.Сонгино, Өвөрхангайн Шагдар, Говь-Алтайн Бархаа, Алтайн Чүлтэм, Төвийн Жамбалдорж, Баянхонгорын Чунаг, Өмнөговийн Зориг гэх мэт олон нэр төртэй хүмүүс энэ хамт олны чимэг нь ажээ.

Ер нь эдний анги тун онцлогтой хамт олон. Монгол Улсын байгаль орчны гавьяат ажилтан хоёр, доктор (Ph.Д) гурав, байгаль орчны болон ус цаг уурын, иргэний агаарын тээврийн, иргэний хамгаалалтын, худалдааны, барилгын, ХАА-н байгууллагын зэрэг салбарын тэргүүний ажилтнууд гээд төр, нийгэмд үнэлэгдсэн хүмүүс олонтой. Тодруулбал, Л.Нацагдорж, Антарктидад монгол хүний мөрийг анх гаргасан Ж. Цэрэндэлэг нарын улс орондоо хийж бүтээсэн үйлсийг нь төр үнэлж, Байгаль орчны гавьяат ажилтан цол хүртээжээ. Ус цаг уурын болон Байгаль орчны тэргүүний ажилтнаар Г.Баасанхүү, Д.Батдэлгэр, Л.Нацагдорж, А.Ханд, Х.Цэвэлмаа, З.Сонгино нар шагнуулсан байна. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Л.Нацагдорж, Ж.Цэрэндэлэг, Алтан гадас одонг Ц.Шагдар, З.Сонгиноо, С.Бархаа, А.Жамбалдорж, Д.Зориг, Г.Баасанхүү нар хүртжээ. Тэгвэл улс орныхоо хүн амын тоог өсгөхөд үнэтэй хувь нэмэр оруулсан А.Нанжидсүрэн, Ч.Төрхүү, А.Ханд, Х.Цэвэлмаа нар алдарт эхийн одонгоор энгэрээ чимж байжээ. Мөн Хөдөлмөрийн хүндэт медаль хүртсэн хүмүүс гэвэл Д.Чүлтэм, Ц.Шагдар, З.Сонгиноо, С.Бархаа, А.Жамбалдорж, Д.Зориг, С.Отгон, Ц.Адьяа, Ц.Сайзмаа нарыг нэрлэв. Байлдааны гавьаны одонт Г.Мягмарсүрэн, Байлдааны медаль хүртсэн Х.Хавдрааш, Г.Мягмарсүрэн гээд энэ ангийн бахархлыг дурдаад байвал олон.

Тухайлбал, Монголын анхны гэсэн тодотголтой хэд хэдэн хүн бий. МУИС-ийн Сүхбаатарын нэрэмжит цалинт оюутан, УЦУШИ, УЦУХ-ийн захирлын албыг 10 гаруй жил хашсан Монголын үндэсний шинжлэх ухааны академийн гишүүн, Байгаль орчны гавьяат ажилтан, 170 гаруй эрдэм шинжилгээний бүтээл туурвисан доктор Л.Нацагдорж гуай байна. Монголоос анх удаа өмнөд туйл судлах ажилд оролцсон, Монголын Байгаль хамгаалах нийгэмлэгийн ерөнхийлөгч, Чингис хааны академийн академич, Байгаль орчны гавьяат ажилтан, доктор Ж.Цэрэндэлэг, удирдсан байгууллагаа олон жил улсын тэргүүний байгууллага байлгаж, биднээсээ анх удаа Алтан гадас одонгоор шагнуулж байсан Ц.Шагдар, Монгол орны нутаг дэвсгэр дээрх нарны цацрагийн талаар судалгаа хийж олон арван бүтээл тууривсан доктор Д.Батдэлгэр нараараа тун их бахархдаг юм билээ. Харамсалтай нь тэдний дундаас Ж.Цэрэндэлэг, Ц.Шагдар нар хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байна.

Ирж, буцдаг хүний хорвоод энэ ангийн 27 төгсөгчөөс өдгөө ес нь амьд сэрүүн байгаа юм. Төгсөлтийн 50 жилийн ойдоо хүрэлцэн ирж амжилгүй бурхны оронд одсон 18 сайхан андынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэн хань ижил, үр хүүхэд, төрөл төрөгсөд, хамт ажиллаж байсан андуудад нь гүн эмгэнэл илэрхийллээ. Энэ анги арван жил тутамд ойгоороо уулздаг нөхөрсөг хамт олон аж. Өнөө жил хэдийгээр есүүлээ ч гэсэн ирэх наймдугаар сард түүхт 50 жилийнхээ ойн уулзалтыг зохион байгуулж, бурхны оронд одсон ангийнхаа хамт олны гэгээн дурсгалд хүндэтгэл үзүүлнэ гэсэн. Энэ тухай Г.Баасанхүү гуай “Манай ангийнхан удирдах авьяастай хүмүүс байсан. Цаг уурчид мэргэжилдээ тун үнэнч. Эмч, багш нартай хамт цалингаа нэмүүлье гэж хэзээ ч ажил хаяж байгаагүй. Яагаад гэвэл цаана нь асар их уршигтайг ойлгодог юм. Байгаль цаг уурын гамшигт үзэгдэл болох гэж байгааг бид мэдсээр байж ажил хаялт зарлавал тэрнээс ч илүү хохирол ирнэ гэдгийг мэддэг юм. Тиймээс цаг уурчдаараа бахархдаг даа. Бидэн дунд сайхан андууд олон байсан. Жишээлбэл, Х.Ролжин маань байна. Тэрээр Өмнөговь аймгийн Цаг уурын товчоонд ажиллаж байгаад зах зээлийн нийгэмд шилжихэд мал аж ахуй, газар тариалан эрхэлж арвин ургац авч, мал сүргээ өсгөн үржүүлж сүүлдээ туслах малчинтай болж байв” гэлээ. Тэгвэл цаг уурч гэдэг мэргэжил ямар онцлогтой болохыг Л.Нацагдорж гуай “Монгол Улсын нутаг дэвсгэр, хүн амыг бүрэн бүтэн байлгахад эмч нар, хилийн цэрэг, цаг уурчид онцгой үүрэгтэй хүмүүс юм” гэж тодотгов. Х.Цэвэлмаа гуай үргэлжлүүлээд “Манай салбар бол цэвэр шинжлэх ухаан техникийн ололтыг үндэслэдэг. Социализмын үеийн нийгмийн бүтээгдэхүүнүүд бол жинхэнэ бие, сэтгэлээрээ ажилладаг боловсон хүчин байсан. Тиймээс үе үеийн цаг уурын салбар гар хардаггүй, авлига авдаггүй, ашиг сонирхлын зөрчилгүй хүмүүс дээ” гэв.

Цаг уурчдад зориулсан нэгэн сайхан дуу байдаг юм. Н.Болдын шүлэг, Ж.Баатарын ая “Тэнгэр лусын харуул” хэмээх дууны

“Сарьдаг өндрийн мөнгөн тэргүүнд

Сарлаг таших манант өдрийг

Нугас жиндэх ангир даарах

Нуур өрөмтсөн сэрүүн намрыг

Тэнгэрийн аашийг танин мэддэг

Тэнгэр лусын харуулаа бид” гэсэн мөртүүдээс тэдний мэргэжлийн онцлогийг тольдох боломжтой билээ.

Монгол орны цаг уурын салбарын хөгжлийг түүчээлсэн энэхүү алтан үеийнхэн маань “Эрдэм номын эх ундаргыг заасан ачит багш нар, биднийг тосон авч ажил мэргэжилд дадлагажуулан сургасан ахмадууд, дэмжин ажиллаж байсан удирдлагууд болон үе үеийн мэргэжил нэгт та бүхэндээ талархаж явдаг шүү” хэмээн “Нэг ангийнхан булан”-гаар дамжуулан уламжиллаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *