Categories
мэдээ цаг-үе

Монгол омогшлыг бадраагч “Монгол онгод” хамтлаг

Монголчууд эрт үеэс улбаалан ирсэн агуу ёс заншил, уламжлалтай ард түмэн. Үүнийгээ илэрхийлэх язгуур урлагийн гайхамшигтай орон. Учир юун гэвэл язгуур урлагийн “Хөсөгтөн” хамтлаг энэ жил “Авьяаслаг Азичууд” шоунд оролцож үндэснийхээ язгуур урлагийг дэлхийд таниулсан. Хөдсөн дээл өмсч, хөдөө хээрээр хэсүүчлэн амьдардаг хэмээн монголчуудыг төсөөлдөг гадныхан Монголын урлагийн гайхамшгийг үнэнхүү биширч байсан нь саяхан. Талын Монголын хоолойны цар, талбиж буй хөгжмийн хөг аялгуу сэтгэлийн гүндэх эгшиг утсыг хөндөх нь юутай гайхамшиг болохыг дэлхийн хүмүүс магтан шагшиж байлаа. Тэгвэл язгуур урлагийн гайхамшгийг монголчуудад нэгэн хамтлаг дахин мэдрүүлж омогших сэтгэлийг төрүүлэх боллоо. Энэ бол “Авьяаслаг монголчууд” шоуны оролцогч “Монгол онгод” хамтлаг юм. “Монгол онгод” хамтлаг шоуны шилдэг 32-т шалгарсан боловч үзэгчдийн саналаар финалын шатанд шалгарч чадсангүй. Гэхдээ тэд Монголын язгуур урлагийн гайхамшгийг тайзнаа тамгалан үлдээлээ.

Цагдаагийн “Сүлд” чуулгаар овоглосон “Монгол онгод” хамтлагийнхан шоунаас хасагдсан ч уран бүтээлээ туурвиад, урлагийн тоглолтод оролцоод тун ч завгүй яваа гэсэн. Уран бүтээлээрээ хэдийнэ олны танил болсон “Монгол онгод”-ынхон шоунд оролцсоноор урлаг дахь байр сууриа илүү батжуулж, өөрсдийн өнгө аясаа тодорхойлоод авсан. Учир нь тус хамтлаг анх 2011 онд зургаан гишүүнтэй байгуулсан түүхтэй. Их хуурч Б.Мягмарбүрэнхүү, гитарчин, хөөмийч О.Одбаяр, морин хуурч хөөмийч У.Батбаяр, ёочин хөгжимчин Г.Мижид, Уртын дуучин Н.Ариунцэцэг, цохивор хөгжимчин Г.Отгонбат нарын бүрэлдэхүүнтэй. Эдгээр уран бүтээлчид СУИС-ийг төгссөн мэргэжлийн хөгжимчид гэдгээрээ аргагүй ялгарна. Монголд “Алтан ураг”, “Хөсөгтөн” зэрэг язгуур урлагийн олон хамтлаг бий. “Алтан ураг” фолк рок урсгалаар уран бүтээлээ туурвидаг бол “Хөсөгтөн” хамтлаг этник баллад урсгалыг баримталдаг. Харин “Монгол онгод” пост этник урсгалаар тоглодог. Пост этник урсгалыг хөгжүүлэхийн төлөө үнэтэй хувь нэмэр оруулж буй уран бүтээлчид. Товчхондоо ардын хөгжмийг орчин үеийн хөг-жимтэй хослуулан өөрсдийн гэсэн урсгалыг бий болгохоор ажиллаж байгаа залуус юм. Хамтлагийн өөрсдийн зохиол найруулга, тоглосон уран бүтээлээс дурьдвал “Мандах нар”, “Ардын дууны найруулга”, “Чингисийн аялгуу”, “Морьтон Монгол”, “Анчин”, “Батаар ирлээ”, “Дайчдын өчил”, “Хүрэн толгойн сүүдэр” зэрэг уран бүтээлийг нэрлэж болох юм.

Тэд өнгөрсөн жил “Vol.1” нэртэй цомог гаргасан бөгөөд нийт найман аялгуу багтсан байна. Зөвхөн монгол уран бүтээл гэлтгүй гадаадын зарим шилдэг уран бүтээлчдийн дуу, аяыг cover хийж тоглодог. Тухайлбал та бүхэн сүүлийн үед попын хатан хаан гэгдээд байгаа дуучин Аделийн дууг үндэсний хөгжимтэй хослуулан тоглосныг санаж байгаа байх. Нэг хэсэгтээ л шуугиулсан бүтээл болсон. Хамтлагийн зорилго бол зөвхөн Монголд төдийгүй дэлхийн тавцанд гарах. Тиймээс дэлхийн шилдгүүдийн уран бүтээлийг монгол хэлбэрт оруулж, шинэ соргог болгоныг бүтээхийг эрмэлздэг байна. Энэ бол “Монгол онгод”-ын залуусын туйлын зорилго.

Тус хамтлагийнхны амжилт энэ шоугаар эхэлсэн юм биш. Өмнө нь тэд тив, дэлхийд өөрсдийн уран бүтээлийг хүргэж, эх орноо сурталчилж байсан удаатай. Тодруулбал, 2012 онд ОХУ-ын Буриадын Улан-Үдэ хотноо “Дыхание Земли” Ази-номхон далайн орнуудын олон улсын хөөмэйн дөрөвдүгээр наадмын “Дэд байр”, 2013 онд мөн тус наадмын III байрын шагнал хүртэж байсан аж. Харин анхны бие даасан тоглолтоо 2012 “Монгол онгод” нэртэйгээр толилуулжээ. Түүнчлэн төрийн их баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд оролцож “Алтайн магтаал” туурвиж байсан удааатай.

Мөн хамтлагийн гишүүд болох Одбаяр, Мягмарбүрэнхүү нар 2011 онд хөөмийн олон улсын наадмаас I байр эзэлж байсан ажээ.

Ер нь хамтлагийн гишүүд ганцаарчилсан байдлаар олон тэмцээн уралдаанд оролцож байсан арвин туршлагатай. Тэд цэвэр мэргэжлийн хүмүүс. Байгалиас заяасан бидний хэлдгээр төрчихсөн авьяас энэ залууст бий. Учир нь урлагийн сургуулийг нь дүүргэж, уншиж судлах ёстой хичээл номыг нь үзсэн тэд басхүү урлагийн удамтай гэж байгаа. Хамтлагийн гитарчин, хөөмийч О.Одбаярын нагац ах нь Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн нэрт хөөмийч Б.Одсүрэн юм байна. Тэд өөрсдийн бүтээл болох “Анчин” хэмээн уран бүтээлийг шоуны гуравдугаар шатанд үзэгчдэд толилуулсан юм. Мөн “Авьяаслаг монголчууд” шоуны шүүгч Баярсайхан буюу реппер Rokit Bay “Танай хамтлаг гайхамшигтай тоглолт харууллаа. Гол нь “Монгол онгод”-ын амин сүнс нь уртын дуучин бүсгүй байна шүү” гэж хэлээд авсан. Аргагүй түүний хоолойны чадал үзэгч бүрийг суудлаас нь босгож, ёстой шар үсийг босгосон мэдрэмж төрүүлсэн гэдгийг харсан байх. Монголчууд уртын дуучин ард түмэн. Тиймдээ ч зууны манлай уртын дууч Намжилын Норовбанзадаас эхлээд олон ч гайхамшигтай уртын дуучин Монголыг дэлхийд таниулсан байдаг. Харин шоуны тайзнаа олныг авьяасаараа алмайруулаад авсан уртын дуучин бол Н.Ариунцэцэг хэмээх бүсгүй юм. Тэрээр сургуулиа төгсөөд дөнгөж нэг жил болсон ч хэнээс ч дутахааргүй уртын дуучин гэдгээ харууллаа. Түүнийг дуулахад морин дэл дээр талын салхитай агаар нэгэн исгэрч, хөдөө тайван амгаланг сэрээж буй мэдрэмж төрснийг нуух юун.

Арга ч үгүй биз. Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Чулуунцэцэгийн шавь юм хойно. Хамтлаг “Сүлд” чуулгын харьяа учир уран бүтээлчид цагдаагийн ахлагч цолтой юм байна.

“Монгол онгод” өөрсдийн бүхий л боломжийг эрэлхийж дэлхийд танигдахыг хүсч байна. Үүний илрэл бол хамтлагийн гишүүн гитарчин, хөөмийч О.Одбаяр, цохивор хөгжимчин Г.Отгонбат нар өнгөрсөн долдугаар сард Холливудийн “Netflix”, “Wein­stein” кино компаниудын хийж байгаа “MarcoPolo” олон ангит киноны хоёрдугаар улирлын зураг авалтад оролцсон юм. Энэхүү уран бүтээлд монгол хүн тоглох шанг жүжигчин Амарсайхан татаж байлаа. Харин тэд дараагийн уран бүтээлчдийн төлөөлөл болж уг киноны хөгжим дээр ажилласан байна. Холливудын киноны хөгжмийг Монголын уран бүтээлчид бүтээжээ. Монгол хүний авьяас, ур ухаан дэлхийд хэдийнэ гарчихсны тод жишээ энэ. Мөн сүүлийн үед “Монгол онгод” хамтлагтай хамтарч ажиллах саналыг гадны улс орнуудаас тавих болжээ. Тус хамтлагийн уран бүтээлчид “Морин хуур хөгжим хүний сэтгэлийг хөгөлж, уяраадаг. Чингис хаан хүртэл морин хуурын аялгуунаас тайтгарлыг авдаг байсан гэж түүхэнд тэмдэглэсэн байдаг. Хамтлагт ороод тоглоход морин хуур бусад хөгжмийг дарж, зөөлрүүлдэг онцлогтой. Ер нь хүч хөдөлмөрөө шавхан, сэтгэл зүрхээрээ мэдэрч тоглохыг хичээдэг болохоор л магадгүй тийм сайхан мэдрэмжийг үзэгчдэд төрүүлдэг болов уу” хэмээн даруухан өгүүлсэн. Түүнчлэн “Монгол онгод”-ынхон шоунд оролцсондоо сэтгэл өндөр байгаагаа илэрхийлээд шилдэг найман оролцогчдод амжилт хүсэхийн сацуу цаашдын уран бүтээлээрээ дэлхийд танигдах болно гэдгээ амалсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *