Дэлхийн бүх орон мөрөөдөлтэй. Америк
мөрөөдөл лав хүн төрөлхтний хувьд жишиг загвар, хэлц үг болчихсон. Си даргын яриад
байгаа хятад мөрөөдөл ямрыг мэдэхгүй. Ямартай ч америк мөрөөдлөөс хэлбэр, агуулгаараа
тэс өөр гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ сайхны төлөө тэмүүлсэн болоод л “хятад мөрөөдөл”
гэсэн хоёр үгийг бодлогодоо тусгасан байж таарна. За тэгээд орос мөрөөдөл энэ тэр
гээд яривал мөрөөдлөө зурчихаад яваа өчнөөн улс байдаг биз.
Америк мөрөөдлийн хялбаршуулсан
бэлгэ тэмдэг нь хоёр давхар хаус, хоёроос доошгүй хүүхэд, дажгүй цалин, хэрэглээндээ
уначих аятайхан жийп. Ийм зургийг америкчууд жаалуудынхаа ой тойнд тултал зураад
өгчихдөг. Өөртөө итгэл дүүрэн алхах ч америк мөрөөдөл. Тэнд танил тал хэрэггүй.
Чадвартай бол төрийн албанд ажиллах асуудал биш. Даатгал нь хөгжчихсөн учраас ядахдаа
л эмнэлэгт очихдоо танил эмч энэ тэр гэхгүй. Ор сулрахыг хүлээж өчнөөн өдөр болохгүй.
Арын хаалгадаад Ерөнхийлөгч болохгүй. Нэг нь бусдаас илүү нийгмийн халамж хүртэнэ
гэж үгүй. Ер нь тэгээд сайхан амьдрах гэдэг тийм өндөр хэмжүүртэй эд биш л дээ.
Өвчин зовлонгүй эрүүл бие, тохитой, дулаахан сууц, жаргалтай үрс, дажгүй орлого
өөр юу хэрэгтэй гэж. АНУ энэ боломжийг иргэддээ тэгш олгосон учраас л америк мөрөөдөл
гэдэг хоёр үг хүн төрөлхтөд гоё сонсогддог. Мэдээж америк мөрөөдлийн хязгаар энэ
хүрээд зогсохгүй. Хүсвэл улсын Ерөнхийлөгч, дэлхийн тэрбумтан гээд цаашлах боломжийг
иргэн бүрдээ цэлийтэл нээгээд өгчихсөн улс. Боломжийг тэгш бүрдүүлж өгнө гэдэг чинь
л мөрөөдлийн хамгийн том хөшүүрэг.
Тэгвэл монгол мөрөөдөл ямар байхыг
хамтдаа зураглаад үзье. Бид мөрөөдлөө яаж харах ёстой юм бол гээд харахаар ядаж
л хоёр өрөө тохилог сууц, хэрэглээндээ уначих машин, тогтмол дажгүй орлого, мэдээж
эрүүл амьдрах зөв орчин хэрэгтэй. Орон сууцныхаа зээлд өнөөдрийнх шиг олдог мөнгөнийхөө
талаас илүүг биш, арваас хорин хувийг нь зардаг болчихвол монгол мөрөөдлийн нэг
мөчир цэцэглээд ирнэ. Орлогоосоо байрныхаа зээлийг өгөөд үлдсэн мөнгөөрөө супермаркетаас
хүссэн хүнсээ, их дэлгүүрээс сонирхсон хувцсаа авч, хүүхдийнхээ сургалтын төлбөрийг
түүртэлгүй хийчихээд амьдрахыг монгол хүн бүр хүсдэг. За тэгээд зун нь сумынхаа
ойд хувийнхаа машинаар сүнгэнүүлж, бултаараа хүссэн газартаа аялаад амраад ирдэг
болчихвол тэрэн шиг жаргал үгүй. Монгол хүн бүр л ингэж мөрөөддөг.
Дээр нь нэмээд хэлэхэд бизнес хийхэд
төрийн дарамтгүй, чадвартай бол төрд ажиллахад асуудалгүй, эмнэлэгт хэвтэхэд ор
хүлээхгүй үйлчлүүлдэг болчиход илүүг хүсэх хэрэг юун. Энэ дундаас хамгийн чухал
нь эрүүл амьдрал. Хавдар тусчихаад бүтэн сар эмнэлэг хүлээх, диализийн аппарат хүрэлцэхгүй
гэсэн шалтгаанаар амьдралаас явах өдрөө тоолж суух хүсэхээр мэдрэмж биш. Өвчин туслаа
л бол эмнэлэг нь хүлээгээд авчихдаг орчин байхад л монгол мөрөөдөл биеллээ гэсэн
үг. Айхтар өвчин туссан мөнгөгүй нэгэн хоногоо тоолохоос аргагүйд хүрдэг өнөөдрийн
гунигтай төрхөд баяртай гээд хэлчихвэл монгол мөрөөдөл гэдэг үг амьдрал дээр утгаа
олно. Даатгалаар бүхнийг шийдсэн бэлэн жишээ дэлхийд өчнөөн бий.
Төрийн үйлчилгээг сайн байлгах хоёр
л гарц байгаа. Хуулиа биелүүлдэг иргэд, төрийн чадварлаг ажилтан байхад шийдэгдэх
асуудал. Шударга байх ёстой энэ тэр гээд ярьдаг л даа. Хатуухан хэлэхэд бид шударга
гэдэг хаана ч байхгүй ойлголтыг бөндгөртөө зохиомлоо, хүчээр хийчихсэн ард түмэн.
Нийгмийн дунд амьдардаг хэн ч шударга байж чаддаггүй. Дор бүрнээ л ямар нэг ажлыг
нуугаад хийцгээдэг. Хувиа бодлоо гэж жийрхэн ярьцгаадаг ард түмний нэг нь мөн л
бид. Хувиа бодох юу нь буруу гэж. Өөртөө ашигтай, амьдралдаа нэмэртэй гэсэн алхмыг
өөрийнхөө, гэр бүлийнхээ төлөө хүн бүр л хийдэг. Гагцхүү хэмжээнээсээ хэтрэхгүй
гэсэн алтан зарчмаас хазайж болохгүй. Тэр хязгаарыг нь улс орнууд хуулиар хашаад
өгчихдөг. Хуулиа биелүүлдэг иргэн, чадварлаг төрийн албан хаагч хэрэгтэй гээд байгаагийн
учир энэ.
Ингээд зураглахаар монгол мөрөөдлийг
хэн бий болгох вэ, яаж бүтээх вэ гэдэг асуулт гарч ирнэ. “Эдийн засгийн форум-2016”
нэг салбар хуралдаанаа “монгол мөрөөдөл”-д ориулсан нь ч тохиолдлын хэрэг биш. Энэ
хуралдаанаас “Монгол HD” телевизийн гүйцэтгэх захирал Ч.Номингийн “Ижилхэн боломжтой
нийгэмд чадлаараа цойлж гарч ирэх боломжийг хүүхдүүддээ олгох нь монгол мөрөөдөл
болов уу” гэсэн үг содон дуулдсан. Америк мөрөөдөл дэлхийд загвар болж чадсан гол
нууц нь энэ л дээ. Тэгэхээр тэгш боломжийг яаж бий болгох вэ гэдэг асуулт тавигдаж
таарна.
Монгол мөрөөдлийг биелүүлэхэд, гарааны
тэгш боломжийг бий болгоход хэдэн тэрбум ам.доллар хэрэггүй. Ганц төгрөг ч зарахгүйгээр
мөрөөдөлдөө хүрэх боломж бидэнд байна. Хамгийн түрүүнд хийх алхам маань ааш авираа
засах. Үл тэвчих ааш авираа. Биенээ үгүйсгэсэн авираа тэвчиж чадвал их олон асуудал
цэгцрээд ирнэ. Адаглаад л гудамжаар нэг хөмсгөө зангидан алхах хүмүүсийн тоо эрс
цөөрнө. Замын түгжрээ арилна. Сигнал тачигнуулсан жолооч нар соёлжоод ирнэ. Замын
ослоор жил бүр төчнөөн хүн амь үрэгдлээ гэсэн гашуудам мэдээ цацагдахгүй. Дараагийн
хийх алхам маань хуулиа сахих. Наад зах нь аль чадвартай нь төрд ажиллаад ирнэ.
Цаад зах нь хэнд ч дийлддэггүй, гэм хор нь их, мафижсан бүлэглэлүүд алга болно.
Мөрөөдөлдөө хүрэх дараагийн гишгүүр маань хөлсний амт. Хөдөлмөрт дурласан ард түмэн
хөгждөгийг дэлхийн түүх бэлхнээ гэрчилнэ. Хөдөлмөрлөсөн үндэстэн мөнгөждөг, мөнгөтэй
бол юуг ч бүтээнэ. Тэгэхээр ааш зөв, хуулиа дагадаг, хөдөлмөрлөснийхөө хэрээр хөлсөө
авдаг монгол иргэн л монгол мөрөөдлийг бүтээх хүч байж таарлаа.