Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол, Хятадын барилгын салбарынхан Бээжинд уулзжээ

Монгол, Хятадын барилгын салбарын ажил хэргийн хоёр дахь удаагийн уулзалт 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Бээжин хотноо болж өндөрлөв. Энэхүү уулзалтын анхныхыг Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ, БХБЯ хамтран 2014 оны нэгдүгээр сард зохион байгуулж байжээ. Уг арга хэмжээ жил бүр тогтмол зохион байгуулагдах юм.

Энэ удаагийн уулзалтад Монгол Улсын Барилга, хот байгуулатын дэд сайд Г.Байгалмаа тэргүүтэй төр засаг, бизнесийн салбарын 50 орчим байгууллагын 80 гаруй төлөөлөгч, БНХАУ-ын 75 байгууллагын 140 гаруй төлөөлөгч оролцов. Уулзалтыг нээж Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар, Монгол Улсын Барилга, хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаа, Нийслэлийн засаг даргын орлогч С.Очирбат, БНХАУ-ын Олон Улсын худалдааны танхимын Гишүүнчлэлийн газрын дарга Ван Чуньрун, Худалдааг дэмжих нийгэмлэгийн Барилгын материалын дэд хорооны дэд дарга Жоу Жижоу нарын албаны хүмүүс үг хэлсэн байна. Энэ удаагийн уулзалтад БНХАУ-ын ӨМӨЗО, Ляонин муж, Тянжин, Фужан, Жанси мужийн Ардын Засгийн газрын төлөөлөгчид ирж оролцсон аж. Уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газраас барилгын салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон төсөл, хөтөлбөрүүд, хөрөнгө оруулалтын орчны талаар танилцуулав. Уг арга хэмжээний хүрээнд хоёр талын бизнес уулзалт болж, Монгол Улсын барилгын салбарт хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төслүүдтэй Хятадын хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжүүд танилцаж, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *