Categories
мэдээ нийгэм

Монгол, Казахстаны хоорондох шууд нислэгийг сэргээнэ

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын комиссын VI хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар хотноо боллоо.  

Хуралдаанд оролцсон Монголын төлөөлөгчдийг Монгол Улсын Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, ЗГХК-ын Монголын хэсгийн дарга С.Эрдэнэ, Казахстаны төлөөлөгчдийг БНКазУ-ын Хөдөлмөр, хүн амын нийгмийн хамгааллын сайд, ЗГХК-ын Казахстаны хэсгийн дарга Тамара Дуйсенова нар тэргүүлэв. Хоёр улсын холбогдох яам, газар, аймаг, мужийн төлөөлөгчид болон Монгол Улсаас БНКазУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Сүхээ, БНКазУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд К.И.Кобландин нар оролцов.      

Хуралдааны явцад манай хоёр орны хооронд 2016 он хүртэл монгол-казахстаны харилцаа, хамын ажиллагааг хөгжүүлэх чухал чиглэлүүд, тодорхой арга хэмжээг хэлэлцэв. Тухайлбал, хөрөнгө оруулалт, бизнесийн салбар, хөдөө аж ахуй, зам тээвэр, уул уурхай, бүс нутгийн хамтын ажиллагаа, байгаль орчин, соёл боловсрол зэрэг салбарт хамтран ажиллах, хэрэгжүүлэх ажил, арга хэмжээг тодорхойллоо. Түүнчлэн Монгол Улс, БНКазУ-ын хооронд хамтын ажиллагааны дунд хугацааны  хөтөлбөр боловсруулж, байгуулахаар хоёр тал санал нэгдэв. Хоёр улсын хооронд шууд нислэг сэргээх талаар хэлэлцэн тохиролцлоо.

Мөн хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бэхжүүлэхэд чиглэсэн нэлээд төрлийн баримт бичгийг эцэслэн тохиролцох, байгуулах ажлыг түргэтгэх талаар шийдвэрлэв.

Эдгээр чиглэл, арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлж эхлэх ажлыг зохион байгуулахад ЗГХК, хоёр улсын холбогдох яам, газрууд, аймаг, мужууд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг сайд нар онцлов.

Хуралдааны дүнгээр Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын VI хуралдааны протоколд Монгол Улсын Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, комиссын Монголын хэсгийн дарга С.Эрдэнэ, Бүгд Найрамдах Казахстан Улсын Хөдөлмөр, хүн амын нийгмийн хамгааллын сайд, комиссын Казахстаны хэсгийн дарга Тамара Дуйсеновна нар гарын үсэг зурлаа.

Мөн Монгол Улс, БНКазУ-ын иргэний агаарын байгууллагуудын хоорондын Санамж бичигт монголын талаас Иргэний нисэхийн ерөнхий газрын дэд захирал Ч.Нямсайхан, казахстаны талаас Иргэний нисэхийн хорооны орлогч дарга Талгат Тлеубекович Ластаев нар гарын үсэг зурав.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг БНКазУ-ын Хөдөлмөр, хүн амын нийгмийн хамгааллын сайд, ЗГХК-ын Казахстаны хэсгийн дарга  Тамара Дуйсенова тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Монгол,Казахстаны ЗГХК-ын дараачийн хуралдааныг 2016 онд Астана хотноо зохион байгуулахаар тогтов.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *