Categories
мэдээ нийгэм

Монгол иргэнийг хулхидсан хятадын хэргийг шүүнэ

Хуулийн байгууллагаар эцэслэн шийдэгддэггүй, сунжирсан маргааны багагүй хувийг гадаадын, тэр дундаа урд хөршийн иргэдтэй холбоотой хэргүүд эзэлдэг. Үүний нэгээхэн жишээ бол БНХАУ-ын иргэн Го Ва гэгч нь хуурамч бичиг баримт бүрдүүлэн бусдын эд хөрөнгийг хууль бусаар өөрийн болгохыг завдсан байж болзошгүй гэх хэргийг шүүх, хуулийн байгууллага эцэслэн шийдвэрлэлгүй хэдэн жил өнгөрч байна. Тодруулбал, БНХАУ-ын иргэн “Эс Ти Юу” ХХК-ийн захирал гэх Го Ва нь иргэн Б.Орхонтуулын өмчлөлийн Баянзүрх дүүргийн XIII хороо, Нарны зам дагуу байрлах авто угаалгын газрыг өөрийн болгохоор хуурамч бичиг баримтуудыг үйлдэн, Баянзүрх дүүргийн шүүхэд иргэний нэхэмжлэлийг хэд хэдэн удаа гаргасан гэх хэрэг юм. Энэхүү хэргийн шүүх хурал маргааш Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд болох юм.

Хэргийн талаар эргэн сануулахад,

Шүүхээс шинжээчийн дүгнэлт зэргийг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгодог ч Го Ва-ийн хүсэлтээр хэсэг хугацааны дараа дахин сэргээн шалгаж эхэлдэг байна. Ямар учраас шүүхээс хэдэнтээ хэрэгсэхгүй болгосон хэргийг ийнхүү сэргээн шалгадаг нь хачирхалтай байгаа юм. Дээрх авто угаалгын газрыг эзэмших эрхтэйгээр иргэн Б.Орхонтуулд тухайн үеийн  Баянзүрх дүүргийн  Засаг даргын 2007 оны аравдугаар сарын 09-ны өдрийн 302 тоот захирамжаар олгож, дүүргийн газрын албатай мөн оны арваннэгдүгээр сарын 02-ны өдөр авто угаалга, үйлчилгээ эрхлэх зориулалтаар 1290 м2 талбайг ашиглах 6009/0187 тоот гэрээг байгуулжээ. Гэвч Го Ва нь өөрийн дүү гэх Х.Хүчүнтэй хамтран “Эс Юу Ти” ХХК-ийг өөрийн эзэмшилд мөн л хуурамч бичиг баримт үйлдэн авсанаар энэхүү маргаан эхэлсэн гэдгийг эх сурвалж мэдээлдэг. Энэ хэргийг анх шалгаж эхэлсэн шалтгаан нь 2009 оны есдүгээр сарын 25-нд компанийн эрх шилжүүлэх гэрээ, бэлэглэлийн гэрээ, компанийн дүрэм, гэрээний нэмэлт зэргийг үнэн зөв, МУ-д байхгүй байсан хүмүүсийг байсан хэмээн нотариатч н.Саранцэцэг баталснийг цагдаагийн байгууллага шалгасан байна. Мөн УБЕГ-т бүртгүүлсэн бүртгэлийг хууль бус бөгөөд хүчин төгөлдөр бичиг баримт болж чадахгүйг Баянзүрх дүүргийн шүүхээс гаргасан удаа дараагийн захирамж, Хил хамгаалах ерөнхий газраас ирсэн лавлагаагаар тогтоогдсоор байтал БНХАУ-ын иргэн Го Ван хуулийн байгууллагад хэргийг шалгуулах хүсэлтийг удаа дараа гаргадаг байна. Ийнхүү БНХАУ-ын иргэнд өөрийн эзэмшил газраа алдсан гэх иргэн Б.Орхонтуул “Уг нь Го Ва гэх хятад эмэгтэйгээс “Эс юу Ти” ХХК-ийг хэдэн онд хэрхэн байгуулсан, ямар төрийн үйл ажиллагаа эрхэлж байсан, компанийн гэрээ, дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулахад зөвшөөрөл өгч гарын үсэг зурж байсан эсэх, компанийн гэрээ дүрэмд та гарын үсэг зурсан уу гэсэн асуултуудад хариу авч, шаардлагатай зарим хүнээс гэрчийн мэдүүлэг авахад л  хэрэг эцэслэгдэх боломжтой. Гэвч энэ хэрэг шийдвэрлэгдэлгүй, эргэж буцсаар ийнхүү олон жил өнгөрч байна” гэж мэдээлж байсан билээ.

Маргааш болох шүүх хурлын шийдвэрийг эргэн мэдээлэх болно.