Монгол Улсын Их Хурал-Европын Парламент хоорондын 10 дугаар зөвлөлдөх уулзалт өнөөдөр /2015.02.17/ Төрийн ордны “Б” танхимд болж байна.
Зөвлөлдөх уулзалтыг нээж Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга, УИХ дахь Монгол-Европын Парламенттай харилцах бүлгийн дарга Б.Болор, Европын Парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дэд дарга Габриэлюс Ландсбергис нар үг хэллээ.
Монгол Улс 2008 онд АСЕМ-ын гишүүн болсон бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч тэргүүтэй төлөөлөгчид 2008, 2010, 2012, 2014 онд болсон АСЕМ-ын дээд түвшний уулзалтуудад оролцсон байдаг. Улсын Их Хурал, Европын Парламентын төлөөлөгчид хоёр 2 жил тутам зөвлөлдөх уулзалт зохион байгуулдаг юм байна.
Монгол Улс нь Европын Холбоог гадаад бодлогын үзэл баримтлалдаа “гуравдагч хөрш” хэмээн тунхагласаны дагуу гишүүн орнуудтай нь харилцаа, хамтын ажиллагаагаа боломжтой бүхий л салбарт эрчимжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллаж байгаа бөгөөд АСЕМ-ийн Дээд хэмжээний уулзалтыг 2016 онд зохион байгуулах орноор Монгол Улс сонгогдоод байгаа билээ.
Энэ удаагийн уулзалтаар Монгол-Европын парламентын төлөөлөгчид Парламент хоорондын харилцаа, цаашдын хөгжлийн төлөв, төлөвлөгдсөн арга хэмжээнүүд, Монгол Улс 2016 онд АСЕМ-ийг зохион байгуулах, Монгол Улсын Их Хурал 2015 оны 9 дүгээр сард ЕАБХАБ-ын намрын хурлыг Улаанбаатар хотод зохион байгуулах тухай зэрэг асуудлаар санал солилцож байна.
Уулзалтад Европын Парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дэд дарга Габриэлюс Ландсбергис тэргүүтэй төлөөлөгчид болон УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Германы парламентын бүлгийн дарга Л.Болд, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейтай харилцах бүлгийн дарга М.Батчимэг, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Литвагийн парламентын бүлгийн дарга С.Дэмбэрэл, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Польш, Монгол-Болгарын парламентын бүлгийн дарга Л.Эрдэнэчимэг, Гадаад хэргийн дэд сайд Н.Оюундарь нар оролцож байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.