Categories
мэдээ эдийн-засаг

Монгол банк 3.8 их наяд төгрөгийн ипотекийн зээлийг 85 мянган зээлдэгчид олгожээ

Монголбанк жилийн таван хувийн хүүтэй орон сууцны зээл олгох санхүүжилтийг зогсоолоо. Харин жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг санхүүжүүлнэ. Тэгэхдээ уг зээлийн эх үүсвэр нь зээлийн эргэн төлөлт юм. Өөрөөр хэлбэл ипотекийн зээлийн эргэн төлөлт сайн байх тусам олгох зээл нь нэмэгдэнэ гэсэн үг. Монголбанкны ипотекийн зээлийн тайлангаас үзвэл энэ оны эхний долоон сарын байдлаар 3.8 их наяд төгрөгийн зээлийг 85622 зээлдэгчид олгожээ. Тэгвэл хугацаа хэтэрсэн зээл нийт зээлийн 3.4, чанаргүй нь 1.2 хувийг тус тус эзэлж байна. Монголбанк, “Тэнхлэг зууч” компанитай хамтарч энэ оны наймдугаар сарын орон сууцны үнийн индексийг гаргав. Үүнд тухайн сард зах зээлд нийлүүлэгдсэн 4908 шинэ, хуучин орон сууцыг хамруулан тооцлоо. Уг судалгаанаас үзвэл орон сууцны үнийн бууралт үргэлжилсээр. Үнийн индексийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 9.2 хувиар буурсан аж. Улаанбаатар хотод шинэ орон сууцны нэг ам метр талбайн дундаж үнэ хоёр сая 30 мянган төгрөг байна. Энэ нь өнгөрсөн оныхоос 2.4 хувиар буурсаныг илтгэнэ. Тэгвэл хуучин хоёр өрөө орон сууцны дундаж үнэ 77 сая 16 мянган төгрөг болов. Үүнийг өнгөрсөн оныхтой харьцуулбал 14.8 хувиар буурсан тооцоо хийлээ. Орон сууцны үнийн индексийг 2013 оны эхнээс тооцож байгаа. Харин орон сууцны үнийн бууралт 2014 оны арванхоёрдугаар сараас эхэлсэн бөгөөд өнөөг хүртэл үргэлжилж байгаа судалгаа гараад байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *