Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг “Монгол бахархлын өдөр” хэмээн төрт ёсны баяр болгон тэмдэглэх болсон. Уг өдөр төрийн эрхэм дээд шагнал “Чингис хаан” одон гардуулах ёслол болж, дараа нь чансаагаараа тэргүүлсэн 128 хүчтэн ир бяраа сорьдог уламжлалтай. Өнөө жилийн баярт хэн түрүүлэх вэ гэдэг асуулт бөх сонирхогчдын анхаарлын төвд орж ирлээ. Саяхан Монголын үндэсний бөхийн холбооноос цагаан сар, наадам болон бусад томоохон барилдаанд үзүүлсэн амжилтаар нь бөхчүүдийн эрэмбийг шинэчлэн тогтоосон байна. Энэ дагуу “Монгол бахархлын өдөр”-ийн барилдаан болно.
Бөхчүүдийн эрэмбийг энэ жилийн наадамд ес даван үзүүрлэж улсын арслан цол шинээр хүртсэн Архангайн Р.Пүрэвдагва тэргүүлж байгаа. Тэрээр наадмын дараа болсон “Хүрээ цам-2016” даншиг наадамд найм даван түрүүлж, даншгийн аварга цол хүртсэн билээ. Г.Эрхэмбаяр аварга эрэмбээрээ хоёрдугаарт бичигдэж байгаа бол улсын харцага Т.Баасанхүү гуравдугаарт бичигдэж байна. Сар шинийн барилдааны түрүү бөх улсын харцага Ц.Содномдорж болон саяхан болсон “Баянзүрх хайрхны хишиг” зэрэг хэд хэдэн дараалсан барилдаанд түрүү үзүүрт шалгараад буй Б.Гончигдамба гарьд нар дөрөв, тавдугаарт бичигджээ.
Их эзэн Чингис хааныхаа мэндэлсэн өдөр, Монголын төрт ёсны баярт төрийн наадмын цол хүртсэн бөхчүүд бүгд хүндэтгэлтэйгээр зодоглох нь мэдээж. Энэ бол тэдний үүрэг юм. Иймийн учир “аварга, арслангууд зодоглох болов уу” гэж горьдож царайчлаад байх шаардлагагүй. Мэдээж төрөө хүндэтгэж, өөрсдийнхөө цолыг хүндэтгэж зодоглоно. Харин хүндэтгэх шалтгаангүйгээр зодоглоогүй, төрт ёсныхоо баярыг үл хүндэтгэсэн бөхчүүдэд хариуцлага хүлээлгэх учиртай. Тэр хариуцлага нь тун амархан. Ердөө л өгсөн цолоо төр буцаагаад авчихна шүү дээ.
Ингээд шигшмэл 128 бөхийн барилдаан хэрхэн өрнөхийг тоймлон хүргэе.
Зүүн жигүүрийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул Монгол Улсын хүчит аварга Гунаажавын Эрхэмбаяр зодоглоно. Баруун жигүүрийг Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат залуу аварга Чимэдрэгзэнгийн Санжаадамба манлайлна. Аваргуудын эрэмбэ наадмын дараа өөрчлөгдсөнийг бөх сонирхогчид сайн мэдэж байгаа. Зүүний дагуур магнайд Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат “Хилчин” спорт хорооны бөх, улсын аварга Сүхбаатарын Мөнхбат зогсоно. Араас нь залгуулаад П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Э.Оюунболд, Р.Пүрэвдагва нарын арслангууд жагсах нь мэдээж.
Бөхийн барилдаан нэгийн даваанаасаа л ширүүн болно. Эрхэмээ аваргатай нэгийн даваанд цолныхоо эрэмбээр цэргийн начин Б.Зоригтбаатар гэж залуу оноолт таарах болов уу. Аварга наадмаас хойш зодоглоогүй байгаа. Нэлээн нухацтай, буурьтай суурьтай тогтож барилдахгүй бол Зоригбаатар нэг л мэдэхэд зүүний магнай аваргыг хэвтүүлчихсэн байхаас сийхгүй. Тэрээр энэ жилийн намрын улирлын нээлтийн барилдаанд Төв аймгийн Баянхангай сумын харьяат улсын заан Б.Батмөнхөөр гурав, өнөө жилийн наадмаар улсын харцага цолны болзол хангасан уран барилдаант Т.Баасанхүүгээр дөрөв, мөн өнөө жилийн наадмаар долоо давж заан цолны болзол хангасан Ховдын Б.Пүрэвсайханаар тав давж их шөвгийн дөрөвт Увсын Н.Батсуурь арсланд өвдөг шороодсон. Ид барилдаж байгаа Пүрэвсайхан, Баасанхүүг өвдөглүүлж байгаа түүний хувьд аваргыг давна л гэж үзнэ дээ. Аварга өнхрөөд унавал үзэгчдийн хөөрөл дээд цэгтээ хүрч, уг барилдаан эхнээсээ л дуулиан шуугиантай болно. Санжаадамба аваргатай аймгийн начин Билгүүдэй гэж Дорнодын залуу оноолт таарч магадгүй. Биеийн галбир төрх сайтай, хийцтэй сүрхий барилддаг түүнийг улсын цолонд алсдаа хүрнэ гэсэн итгэл олон хүнд бий. Тэгэхээр залуу аваргад бас л амархан боорцог биш дээ. Мөнхбат аваргатай эрэмбэ ёсоор аймгийн начин Ө.Дүүрэнбаяр таарах магадлал байна. Дүүрэнбаярын хувьд удамтай бөх. Аав нь улсын начин Өлзийбаяр, аавынх нь ах улсын начин гавьяат тамирчин Лу.Энхбаяр. Өвөө нь улсын заан алдарт Тавхайн Лувсан. Ийм л удамтай бөх тэрээр өнөө жилийн наадамд начин байтугай харцага, заан цолонд элбэгхэн хүрнэ гэж олон түмний итгэл хүлээлгэж байсан аймгийн арслан Оргихын Хангайг хэвтүүлээд өгсөн. Их спортоор залуучуудын дэлхийн аварга болсон түүний хувьд үндэсний бөхийн аваргатай үзнэ л гэнэ. Огтоос айж бэргэхгүй. Ийм л “лай”-тай хэдэн аймгийн начин аваргуудын аманд очно доо. Хоёрын даваа бол бүр сонирхолтой болно.
Аварга, арслан, гарьдуудын аманд шижигнэсэн залуу аймгийн арслангууд очно. Завханы Шархүүгийн Пүрэвгарьд гэж биеэр жижгэвтэр хэрнээ тун уран барилддаг шавилхан залуу бий. Мань эр хоёрын даваанд аваргуудын нэгтэй таарна. Хэнтэй ч таарсан хаяна гээд зүтгэчихнэ. Тэр жилийн наадмаар Мөнхбат аваргатай дөрвийн даваанд оноолт таарч арай л өвдөглүүлээгүй. Бараг л цуг газардаж, наадамчдыг шуугиулж байсан. Энэ удаад дахиад таарвал ёстой нэг “там” болно доо. Мөн Баянхонгор аймгийн Заг сумын харьяат цэргийн арслан Дашдоржийн Цэрэнтогтох гэж сайхан залуу бий. Халхын их аваргатай овог нэр ижил энэ залуу хурдан шуурхай, цацаа цалгитай барилддаг. Хэрвээ нэг даваад гараад ирвэл хоёрын даваанд аварга, арслангуудыг сандаргаж таарна. Архангайн Мягмарын Бадарч, Ховдын Оргихын Хангай, Баян-Өлгийн Бэрдмуратын Серик, мөн Тогтохмэндийн Сайханжаргал, Батсүхийн Уугандаваа гээд “зовлонтой” аймгийн арслангууд бий. Тэд цолныхоо эрэмбээр Бүрэнтөгс, Батсуурь, Оюунболд, Пүрэвдагва, Гончигдамба, Пүрэвсайхан, Содномдорж гээд энэ цаг үед бөхийн өнгө болж яваа хүчтэнүүдтэй тулна. Дээрх аймгийн арслангуудаас гадна Шарын Мөнгөнбаатар, Болдын Эрдэнэхүү, Нацагсүрэнгийн Золбоо, Өрнөхбаярын Сүхбат, Болор-Эрдэнийн Номиндалай нарын аймгийн хурц арслангууд байна. Ёстой нэг хурц хутга шиг иртэй нөхдүүд. Ингээд бодохоор хоёрын даваа бол үнэн халгамаар болно. Зарим хүмүүс “Нэг хоёрын даваа яахав, сүүлийн хэдэн бөхийг л харъя” гэж байдаг. Тэгвэл энэ удаагийн барилдааны хамгийн үзүүштэй, дуулиан шуугиантай нь нэг хоёрын даваа байна. Аварга арслангуудын ихэнх нь шороодчихсон гурвын даваанд тоотой хэд нь зогсож байж ч магад. Үзэгчид эхнээсээ л сэтгэлийн хөөрөлтэй байж, бооцоо мөрийгөө тавьж шударга, шуурхай барилдахыг шаардах ёстой. Монгол бөхөд дутагдаж байгаа нэг зүйл бол бөхийн бооцоо юм. Давна хэмээн дэмжиж буй бөхийнхөө өмнөөс өндөр хэмжээний бооцоо тавьж, түүнийг нь бөх тайлбарлагчид ил цагаан хэлж, бөхийн өргөө үнэнхүү цэнгэл дүүрэн байх ёстой. Одоо чинь бооцоо тавьж шуугиулах боломж бүрэн байгаа. Хуучин цагт бол Бат-Эрдэнэ, Мөнх-Эрдэнэ хоёр үлдэнэ, Бат-Эрдэнэ давах нь мэдээж гээд бооцоо тавих шаардлагагүй байв. Энэ удаагийн барилдаанаас үзэгчид бооцоо тавьж шуугиан шаагиан болгож, бооцоо тавьсан бөхөө үнэнч шударга, цог хийморьтой барилдахыг шаардах хэрэгтэй. Бооцоо тавихад боломжтой барилдаанууд харагдаад байгаа юм.
Наад зах нь Эрхэмбаяр аварга тавын даваанд цолныхоо эрэмбийн дагуу Мөнхбат аваргыг амлаж болно. Наадмаар амласанд нь хорсож амлана гэж байгаа юм биш шүү. Зүгээр л цолны эрэмбэ гэдгээ харуулж амлаж болох юм. Тэгэхэд хоёр аваргад үзэгч олон бооцоо тавина. Мөн Бүрэнтөгс арслан, Пүрэвдагва арслан хоёр их шөвгийн дөрөвт тунах магадлалтай. Хэрвээ тунаж гэмээнэ бөөн шуугиан болох нь дамжиггүй. Шуугиан гэж хэрүүл талцлыг хэлж байгаа юм биш шүү. Бүрэнтөгсөд даагаа нэхэх боломж олдлоо гэсэн үг. Хоёр арслангийн хэн нэгэнд нь бооцоо тавьж, тэр хоёрын тэмцэлдээн жинхэнэ цэнгэл эдлүүлэх байлгүй. Бүрэнтөгс наадмын дараахан болсон Эрдэнэтийн ойд түрүүлсэн. Мөн Маршал Ю.Цэдэнбалын 100 жилийн ойн барилдаанд Мөнхбат аваргыг давж түрүүлээд байгаа. Пүрэвдагвын хувьд “Хүрээ цам” даншгаас хойш зодоглоогүй. Арслан цолны цайллага энээ тэрээ гээд завгүй яваа юм гэсэн. Монгол бахархлын өдөрт тэр хоёр таарвал мөн сайхан даа. Хоорондоо туначихаасай гэж хорхой хүргэж байгаа хоёр нөхөр бас байна аа.
Өнөө жилийн наадмын долоогийн даваанд тунасан Пүрэвсайхан, Содномдорж хоёр. Заан цолны төлөө тэмцэлдээд Пүрэвсайханых нь аз шовойсон. Уул нь Содном нь хаяж яваад уначихсан. Одоо шазуур зууж байгаад даагаа нэхэх байх. Тэр хоёр тавын даваанд тунах боломжтой. Дээшээ цойлоод гараад ирэх маш эвгүй бөх бол Увсын Баасанхүү харцага. Өнгөрөгч цагаан сарын барилдаанд хоёр Дамбыг сарвайтал нь тонгороод шуугиулсан шигээ гараад ирэхийг үгүйсгэх аргагүй. Залуу аварга Санжаадамбыг Баасанхүүд газардчихгүй бол энэ удаагийн барилдаанд өнгөлөх болов уу гэж харж байна. 2012 онд Чингис хааныхаа мэндэлсэн өдрийг албан ёсоор төрт ёсны баяр болгон тэмдэглэж, 256 бөх барилдахад Ч.Санжаадамба заан цолтой түрүүлж, харцага Ц.Содномдорж үзүүрлэж байсан. Энэ удаад мөн ялгаагүй ийм дүр зураг харагдаж болох л юм. Гэхдээ цаана чинь Бүрэнтөгс, Пүрэвдагва, Пүрэвсайхан гээд таавар будлиулдаг нөхөд байгаа. Ямар чиг л байсан шигшмэл бөхчүүдийн барилдаан үзүүштэй сайхан болох нь дамжиггүй биз ээ.
Ш.ГОМБОСҮРЭН