Categories
мэдээ цаг-үе

Мими гэдэг нунтаг бодис хэрэглэгчдийн тоо өсчээ

Мими гэх бодис нь кафейн буюу сэргээш агуулсан, донтуулах бодис аж. Түүний 90 хувьд агуулагдах кафейн нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын жагсаалтад албан ёсоор ороогүй боловч хүний төв мэдрэлийн системд нөлөөлж, хүнийг нойргүйжүүлэх үйлчилгээтэй юм байна. Уг бодисыг удаан хэрэглэвэл тархины наалданги, булчингийн сулрал үүсгэж, аажмаар үхэлд хүргэдэг гэнэ. Манай улсад уг бодисыг хэрэглэгчийн зах зээл аль хэдийнэ бий болчихжээ. Үүгээр ч зогсохгүй мансуурагчдын тоо өсөх хандлагатай байгаа гэж албаны эх сурвалж мэдээлсэн юм. Тухайлбал, Орон нутгийн эх сурвалжийн мэдээллээр Өмнөговь аймаг дахь Шивээ хүрэн, Гашуунсухайтын боомтоор нүүрсний экспорт хийдэг жолооч нар холын замд ядрах, физиологийн хувьд сульдах үед уг өөрчлөлтүүдээ даван туулахын тулд богино хугацаанд сэргээх үйлчилгээтэй мими мансууруулах төрлийн бодисыг хэрэглэдэг гэв. Гашуунсухайтын боомт орчимд нэг удаагийн хэрэглээний мимиг 2000 төгрөгөөр худалддаг гэх мэдээлэл байна. Мөн Өмнөговь аймгийн зарим айл өрх, гэр гуанзанд хүртэл дээрх бодисыг хямд үнээр худалддаг болсноор багагүй хугацаа өнгөрсөн гэнэ. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Анх энэ бодисыг нүүрс тээвэрлэдэг хятад жолооч нар хэрэглэдэг байсан бол 2008 оноос эхлэн монгол жолооч нар мэр сэр хэрэглэдэг болсон. Эхэндээ Ханбогд, Цогтцэций, Гурвантэсээс нүүрс тээвэрлэдэг жолооч нар хэрэглэдэг байсан. Энэ хэрээр хэрэглээ улам тэлж, тус аймгийн төвийн айлууд дээрх бодисыг худалдаалдаг болжээ. Сүүлийн үед хүүхдүүд хэрэглэх болсон. Тиймээс энэ бодисын хэрэглээг дотооддоо хууль тогтоомжоор зохицуулах хэрэгтэй” хэмээн онцолж байлаа.

Мими хэмээх бодисыг зарж борлуулдаг бүлэглэл бий болжээ

Мими хэмээн нэрлэх нунтаг цагаан бодисыг Өмнөговь, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь аймагт хүн бүр сайн мэддэг, нийслэлд ч их хэрэглэх болсон байна. Уг бодисыг хар тамхины нэг төрөл гэж ойлгож болно. Түүнийг Таван толгойн нүүрс тээвэрлэдэг жолооч нар нэг кг-ыг нь урд хөршөөс найман мянган юаниар худалдан авч дотооддоо оруулж ирээд хоёр граммыг нь таван мянган төгрөгөөр борлуулдаг юм байна. Ийм төрлийн наймаа 2000 оноос анх Өмнөговь аймгийн хилээр орж ирж, тэр цагаас хойш дөрвөн бүлэглэл уг бодисыг оруулж ирэн дамладаг болж. Тухайн үед цагдаагийнхан мэдэхгүй байсан уу, эсвэл мэдэн будилсан уу энэ хэргийн мөрөөр тэр бүр орохгүй байсан аж. Ингээд нутгийн иргэдээс “Залуучууд энэ бодисыг ихээр хэрэглэж, гэртээ хонохгүй, эсвэл хэрэглэсний дараа хэдэн хоногоор унтахгүй” байна хэмээн гомдол гаргаснаар 2012 оноос мими хэмээх бодисын аюул, хор уршиг нь олон нийтэд ил болсон байна. Ганц Өмнөговь ч биш, дээр дурдсан хэд хэдэн аймагт энэ бодисын наймаа газар авах болсон нь Цагдаагийн ерөнхий газар энэ хэргийн мөрөөр мөрдөж эхлэх болсон шалтгаан нь аж. Тухайлбал, Таван толгойн нүүрс тээвэрлэдэг хоёр жолооч оруулж ирж байгааг илрүүлэн шалгаж эхэлсэн. Хэдийгээр хоёр хүн байсан ч ийм төрлийн наймаа эрхлээд багагүй мөнгө олж байгаа 20 орчим монгол, урд хил дээр мими нунтгийг монголчуудад бөөнддөг хэд хэдэн бүлэг хятадууд байгааг иргэдийн ам дамжсан мэдээллээр цагдаагийн алба хаагчид илрүүлжээ. Мими нунтгийг жолооч нар анх дамжуулан хэрэглэж байсан бол өдгөө өсвөр насны охид, хөвгүүд ч хэрэглэх болжээ. Залуус хэрэглэж байгаа тохиолдол Дундговь аймагт мөн бүртгэгдсэн байна. Ямартай ч хар тамхины хэргүүдийн хажуугаар жижиг гарын мими нунтгийн наймаа газар авч байгааг цагдаагийнхан эхнээс нь илрүүлж эхэлсэн гэдгийг эх сурвалж мэдээлсэн юм.

Энэ талаар Улаанбаатар хотын цагдаагийн газрын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн Ё.Лхагвасүрэнгээс тодрууллаа.


-Мими хэмээх нунтаг бодисыг хэрэглэх хэрэглэгчдийн тоо өссөн байна. Энэ асуудал дээр хэрхэн хяналт тавьж байна, шалгаж байгаа юу?

-Цагдаагийн байгууллага хяналт тавьж байгаа. Монгол Улсын хилээр хууль бусаар эм, эмийн бүтээгдэхүүн оруулж ирсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хэрэг үүсгэн хүмүүсийг шалгаж байна. Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газар хяналтдаа авч хууль бус бодис хэрэглэж байгаа болон иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу шалгалт хийсэн. Иргэдээс ирсэн гомдол мэдээллийг баримтжуулан шалгах ажлууд хийгдээд явж байна.

-Мими бодис нь хар тамхины төрөл үү?

-НҮБ, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан жагсаалтад байгаа зүйлсийг мансууруулах бодис гэж үздэг. Тэрхүү бодисын жагсаалтад Мими гэх бодис байдаггүй. ДЭМБ-аас хор хөнөөлийг нь судалж үзээд хүн хэрэглэж болно гэсэн зүйлийг эм гэж нэрлэдэг. Мими бодисыг албан ёсоор зарахыг хүлээн зөвшөөрөөгүй. БНХАУ-д үүнийг мансууруулах бодис гэж үзсэн байдаг. Нэг ёсондоо нойр хүргэдэггүй, ядраадаггүй гэх сэргээшийн төрлийн бэлдмэл юм. Уг бодисыг юунаас гаргаж авсан нь тодорхойгүй, хор хөнөөлийг нь нэг ч эрүүл мэндийн байгууллага судлаагүй байна. Хүмүүс тодорхойгүй ийм бодисыг өөрийнхөө бие дээр туршиж үзээд байх юм. Тиймээс иргэд өөрийнхөө эрүүл мэндийн төлөө бодолтой, ул суурьтай хандах хэрэгтэй. Ойрын ганц, хоёр жилдээ хор уршиг нь мэдэгдэхгүй байж болно. Нас ахихаар хорт хавдар үүсгэнэ гэдгийг сайн бодох хэрэгтэй.

-Цаашид цагдаагийн байгууллагаас энэ тал дээр ямар арга хэмжээ авах вэ?

-Цагдаагийн байгууллага иргэддээ аливаа эрсдэл, гарз хохирлыг амсуулахгүйн тулд байнга урьдчилан сэргийлж, сэрэмжлүүлж, анхааруулж байдаг. Ер нь хувь хүн бүр өөрийнхөө төлөө ухамсартай байх хэрэгтэй. Хамгийн гол нь иргэн хүн бүр эрүүл энх, аюулгүй орчинд амьдрах ёстой шүү дээ. Тиймээс иргэдийгээ амар хялбар зүйлийг ашиглаж битгий эрүүл мэндээрээ хохирооч ээ гэж хэлье гэв.

Допинг, сэргээш болон адил төстэй бэлдмэлийг анхандаа тураал, хэвтэрт орсон, эсвэл хүнд хагалгаа хийлгэсэн хүний биеийг богино хугацаанд сэргээх, тэнхрүүлэх зорилгоор гаргаж авч хэрэглэдэг байсан. Харин одоо хүмүүс их ядарсан үедээ сэргээшийн төрлийн бэлдмэлийг хамаагүй хэрэглэдэг болж. Энэ нь өнөөдөр иргэн та эрүүл байгаа ч, цаашдаа таны эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг гэдгийг сайн бодох хэрэгтэй. Монгол хэлнээ сэргээш хэмээн орчуулагдсан допинг нь түр хугацаанд хүн амьтны эд эсийг сэргээх ч хожим эрүүл мэндэд маш хортой нөлөө үзүүлдэг болох нь батлагдаж, нотлогдсон байдаг.

Б.УРАНЧИМЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *