ШӨХТГ арилжааны банкууд ипотекийн зээл олгохдоо зээл олгох явцад гаргасан зардалд нэг хувийн шимтгэл авна гэж тогтоосон нь хууль зөрчсөн гэж үзсэн. Тиймээс энэхүү нэг хувийн шимтгэлийг буцаан олгох шүүхийн шийдвэр гараад байгаа. Энэ талаар уг маргаанд ШӨХТГ–аас хуульчаар ажилласан өмгөөлөгч С.Ялалттай ярилцлаа.
-Ипотекийн зээлийн нэг хувийг буцаан олгох шийдвэрийг Д э э д шүүх хэлэлцэхээс татгалзсан тул шийдвэр хэвээр батлагдсан. Энэ шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг та эхлээд тайлбарлаж өгөөч?
-ШӨХТГ-аас гаргасан албан шаардлагын дагуух маргаан л өрнөөд я в ж байгаа. Ипотекийн зээлийн шимтгэлийн нэг хувийг зардалд гаргуулан авах нь үндэслэлгүй, буруу тогтоосон, хууль зөрчсөн гэж ШӨХТГ үзсэн. Үүнийг зардалтай нь уялдуулж тогтоох ёстой. Зардалтай нь уялдуулж тооцоогүй учраас зөрчил байна хэмээн үзээд Зөрчлийн хуулиар арга хэмжээ авсан. Арга хэмжээ авахдаа банкуудыг тус бүрд нь 20 сая төгрөгөөр торгоод, гурван шаардлага гаргаж тавьсан.
Нэгдүгээрт, шимтгэлийн хувь хэмжээг зардалтай нь уялдуулж зөв тогтоо. Хоёрдугаарт, зээлийн гэрээндээ өөрчлөлт оруул. Гуравдугаарт, Зөрчлийн үр дагаврыг арилга гэсэн гурван үндсэн шаардлага тавьсан. 2021-2022 онд банкуудад шалгалт явсан. Өмнө нь олгосон бүх зээлийн шимтгэлийн хувь хэмжээг бүгдийг нь эргүүлэн олгох эрх зүйн үндэслэл шууд үүсэхгүй. Тодорхой хэмжээний зээлийн үйл ажиллагаа явуулахад гаргасан зардлыг шимтгэлд шингээж авах эрх банкуудад бий. Хүмүүс нэг хувийн шимтгэлээ бүгдийг нь буцаан авна гэж ойлгоод байх шиг. Харин тэр шимтгэлээс зардалд зарцуулсан мөнгөний зөрүү үүсч болно. Өөрөөр хэлбэл, ипотекийн зээл олгохдоо банк 1 сая төгрөгийн шимтгэл авсан байж болно. Яг зээл олгох үйлчилгээ явуулахад гаргасан зардал нь 200 мянга, 500 мянга болсон байж болно. тэгэхэд үнийн зөрүү үүсч таарна. Тэрхүү зөрүүг эргүүлэн авах эрх зүйн орчин бүрдсэн. Арилжааны банкууд эргүүлэн өгөх ёстой болчихсон. Үүнийг энгийнээр тайлбарлавал, ШӨХТГ шалгалт хийгээд, зөрчил илрүүлсэн. Зөрчил нь ипотекийн зээл олгохдоо үйлчилгээ үзүүлсэн зардлыг тухайн зээлийн нэг хувь гэж тогтоосон зөрчилтэй байна гэдгийг илрүүлсэн. Тэгэхээр тодорхой хугацаанд энэ үйлчилгээг үзүүлэхдээ зардлаасаа илүү шимтгэл авсныг илрүүлсэн болж таарч байгаа. Цаашдаа банкууд зөвхөн зээлийн үйлчилгээ үзүүлэхдээ гаргасан зардлаа л авах нөхцөл байдал үүсч байгаа.
-Ипотекийн зээл авсан иргэд “Банк надад зээл олгохдоо нэг хувийн шимтгэлд тэдэн төгрөг авсан” гэдгээ баримтаар нотлоод очвол үнийн зөрүүг эргүүлэн авч болох уу?
-Түүн дээр маргаантай байгаа. Жишээлбэл, ШӨХТГ албан шаардлагынхаа үр нөлөөг арилгуулах шаардлага тавьж, шийдвэр гүйцэтгэлийн журмаар ч юмуу хандаад явахаар арилжааны банкууд нэг хувийн шимтгэлд 500 мянган төгрөг авсан. Үүнээс 400 мянган төгрөгийн зардал гарсан гэдэг ч юмуу, бодит байдал дээр нөгөөх нь 200 мянга байсан байж болно. Тэгэхээр зөрүү олгох мөнгө нь их багын маргаан үүсчихээд байгаа. Түүнийг нарийн сайн ойлгохгүй бол нэг хувийг бүхэлд нь буцаан олгоно гэсэн шийдвэр огт гараагүй. Үндэслэлгүй, илүү авсан хэсгээ буцааж олгох ёстой гэсэн үр дагавар л үүсээд байгаа.
-Ипотекийн зээл авсан иргэд зээл авахдаа урьдчилж төлсөн нэг хувийн шимтгэлээ буцааж авах юм байна гээд ойлгочихсон байгаа шүү дээ. Тэгвэл би ипотекийн зээл авсан гэж бодъё. Надаас нэг хувийн шимтгэл авчихлаа. Тэр нь бодит зардалтай нийцсэн эсэхийг хэн тогтоож өгөх вэ?
-ШӨХТГ зөрчлийг арилгуулах албан шаардлагын хүрээнд явж тогтоох ёстой. Яг бодитой зардлуудыг арилжааны банкуудаас гаргуулж авдаг ч юмуу, тухайн хугацааны туршид зээл тус бүр дээр зардлын хэмжээг тогтоож шимтгэл авсан үнийн дүнгийн зөрүүг тогтоодог ч юмуу, тэр ажлыг уг нь ШӨХТГ албан шаардлага тавьчихсан учир түүгээр авах ёстой. Гэтэл тэр нөхцөл байдлыг арилжааны банкууд бүрдүүлж өгөхгүй байна. Яагаад гэвэл бид гаргасан зардлын тооцоог нь авъя гэхээр гаргаж өгөхгүй байгаа. Тиймэрхүү шийдвэрлэхэд төвөгтэй нөхцөл байдлыг үүсгэчихээд байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Энэ асуудал яригдахгүй л байна. Арилжааны банкууд зардлыг тооцоод өөрсдөө л гаргаж өгөх ёстой. Түүнээс ШӨХТГ иргэн Дорж, Дулмаагийн зээлийн зардлыг гаргаж чадахгүй шүү дээ.
-Тэгэхээр тухайн мөнгөний зөрүүгээ авах хүсэлтэй байгаа иргэд хаана хандах вэ?
-ШӨХТГ нэгэнт энэ асуудлыг хөндсөнөөрөө өөрсдөө л дуусгах ёстой байх гэж би хувьдаа үзэж байгаа. Үүн дээр нь миний зүгээс анхнаасаа хууль эрх зүйн асуудлаар хамтарсан учраас үргэлжлүүлэн оролцоно. Өмнөх ажлууд шүүхийн шийдвэр нь гараад дуусчихсан. Дахин Захиргааны шийдвэр гүйцэтгэлийн ажил дээр нь үргэлжлүүлж ажиллая гэсэн саналаа тавих гээд л байж байна.
-Хэрэв үндэслэлгүйгээр илүү мөнгө авсан бол иргэдэд зөрүү мөнгийг нь банк буцаан олгох нь зөв биз дээ?
-Зөв. Жишээ нь, ипотекийн зээлийн нэг хувийн шимтгэл төлсөн иргэдэд зөрүү үүсэх нь тодорхой. Түүнийг иргэд нэхсэн нэхээгүй буцаан олгох үүрэг нь үүссэн.
-Банк буцаан олгох үүргээ хүлээхгүй бол яах вэ?
-Түүнийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гаргуулах ажиллагаа хийх байх. Түүн дээр нэлээд том маргаан үүснэ гэж харагдаж байгаа. Үүнд их хугацаа л орох байх. Саяхан Монголын банкуудын холбоо мэдэгдэл хийсэн. Түүнээс харахад банкууд сайн дураараа тэрхүү зөрүүг буцаан олгохгүй байдлаар хандаж байна лээ. Тэгэхээр хуулийнх нь журмаар тултал явж эцэслэн шийдвэрлүүлэх байх гэсэн хуульч хүний үзэл баримтлалтай л байна даа.
One reply on “Өмгөөлөгч С.Ялалт: Ипотекийн зээл авсан иргэдийн шимтгэлээс зардалд зарцуулсан мөнгөний зөрүү үүсч болно. Тэр зөрүүг банкууд эргүүлэн олгох ёстой DNN.mn”
Монголын банкууд дээрэм хийдэг юм байна гэж Европын 1 орны банкны хүн гайхаж хэлсэн байдаг. Энэ үнэн байна.