2022 оны эхний хагас жилийн мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтаар 114 шалгуулагч Монголын мэргэшсэн нягтлан бодогчийн эрхийг шинээр авч, мэргэжлийн ёс зүйг дээдэлж ажиллахаа батлан тангараг өргөлөө.
Мэргэшсэн нягтлан бодогч нь мэргэжлийн ур чадвартай, өндөр ёс зүйтэй, ахисан түвшний мэдлэг бүхий нягтлан бодох бүртгэл, санхүүгийн зөвлөх бөгөөд мэргэшсэн нягтлан бодогчийн эрэлт хэрэгцээ нийгэмд улам нэмэгдсээр байна.
“Мэргэшсэн нягтлан бодогч” болсноор нягтлан бодогч, санхүүчид Монголын төдийгүй олон улсын мэргэжлийн байгууллагад элсэж, нэр хүндээ өсгөх, сурч хөгжих, удирдах албан тушаал эрхлэх, үнэ цэнээ нэмэгдүүлэх зэрэг боломжтой.
Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт /ММНБИ/ нь Дэлхийн Нягтлан Бодогчдын Холбооны жинхэнэ гишүүн, Ази Номхон Далайн Нягтлан Бодогчдын Холбооны гишүүн, Ази, номхон далайн стандарт тогтоогчдын бүлгийн гишүүн бөгөөд Монгол улсын 21 аймаг, нийслэл дүүрэгт нийт 30 салбартай, 5000 гаруй гишүүн, 150 хараат бус аудитын компанийг эгнээндээ нэгтгэсэн мэргэжлийн байгууллага юм.
Тус институт мэргэшсэн нягтлан бодогчийн эрхийг олгохоос гадна төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудтай нягт хамтран ажиллаж цар хүрээг өргөжүүлэх, хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, арга зүйн удирдлагаар хангах, ёс зүйг мөрдүүлэхээс гадна мэргэжлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг.
ММНБИ нь мэргэшсэн нягтлан бодогч бэлтгэх хөтөлбөрийн 6 дахь удаагийн шинэчлэлийг хийж, удахгүй хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэхүү хөтөлбөр нь нийгэм, цаг үе, олон улсын хөгжлийн чиг хандлагыг дагаад мэргэшсэн нягтлан бодогчид байвал зохих мэргэжлийн чадамжийн хүрээг тодорхойлсны үндсэн дээр боловсруулагдсанаараа давуу талтай.