Categories
мэдээ цаг-үе

Мэргэжлийн сумогийн их аварга, хөдөлмөрийн баатар Хакухо М.Даваажаргал: Олимпийн нээлтэд аваргын ёслолоор мэндчилж Монгол Улсаа сурталчлах хүсэлтэй байгаа

Хэдхэн хоногийн өмнө мэргэжлийн сумогийн есдүгээр сарын тэмцээний макуучи зиндаанд 15 давж 41 дэх түрүүгээ хүртсэн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргалтай ярилцлаа.


-Таны аав хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин дархан аварга Ж.Мөнхбат 1992 онд байгуулж байсан “Их шавь”-ийн дээд сургуулийн өргөтгөл “Их шавь” спорт сургалтын төв нээлтээ хийж байна. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Миний аав 1992 онд спортын зүтгэлтнүүдтэй хамтарч “Их шавь”-ийн дээд сургуулийг үүсгэн байгуулж байсан түүхтэй. Их аавынхаа бүтээн байгуулсан сургуулийн дэргэд “Их шавь” спорт сургалтын төвийн нээлтийн үйл ажиллагааг намрын дунд сарын шинийн 17-ны Балжинням, Дашням давхацсан билэгт сайн өдөр хийж байна. Сэтгэл хөдлөөд аавынхаа хөдөлмөрийн баатарынх нь тэмдгийг зүүгээд ирлээ.

“Их шавь” сургуульд дархан аварга Г.Өсөхбаяр, гарьд И.Доржсамбуу нараар ахлуулсан олон алдар цуутнууд суралцаж спортын замналаа эхлүүлж байсан. Билэгт сайн өдөр нээлтийн туузаа хайчилсан “Их шавь” спорт сургалтын төвөөс ч олимп дэлхийд Монголын нэрийг дуурсгасан олон зуун алдартнууд төрж гарна гэдэгт эргэлзэхгүй байна. Их аварга аавынхаа хүсэл, зорилгыг бид үргэлжлүүлэн авч явна даа.

-Аавынхаа сургуулийн нээлтэд та олз омог дүүрэн ирлээ?

-Нээлтийн үйл ажиллагаанд “Их шавь” сургуульд суралцаж байсан үе үеийн төгсөгчид нь иржээ. Удаан уулзаагүй олон жил болсон ах нартайгаа уулзаад сайхан байна. Дээр нь мэргэжлийн сумогийн дээд зиндаанд 41 дэх түрүүгээ уналгүй 15 даваатайгаар авч олз омог дүүрэн ирлээ. Нээлтийн үйл ажиллагаанд нь ч нүүр бардам үг хэллээ.

-Башё өндөрлөсний маргааш л “Их аварга Хакухо М.Даваажаргал Чингис хаан нисэх буудалд буулаа” гэж дуулдаж байсан. Нутаг руугаа яарав уу?

-Яаралгүй яах вэ. Энэ их ачаалалтай бэлтгэл сургуулилтын завсар зайгаар тэр бүр нутагтаа ирээд байж амжихгүй юм. Монголдоо цөөхөн хоног ажиллаад буцна даа.

-Ирэхэд тань Улсын их хурлын дарга М.Энхболд хүлээн авч уулзаж байсан. Энэ үеэр өмссөн чононы хатгамалтай кимоно тань олны анхаарал татаж байлаа. Энэ хувцасныхаа талаар ярихгүй юу?

-“Бөртэ чоно” гэж ярьдаг шүү дээ. Тийм ч учраас чононд дуртай. Японд 100 жилийн өмнө чоно устаж үгүй болсон байдаг. Тиймээс энэ хийморьлог амьтанг Японы ард түмэн таньж мэдээсэй гэж хүсдэг юм. Надад сая өмссөнөөс гадна саран дээр ульж буй чонын зурагтай ногоон кимоно байдаг. Өнгөрсөн сарын башё миний хувьд унах эрхгүй чухал хариуцлагатай байсан л даа. Тэмцээний эхний долоо хоногт цагааныгаа, шийдвэрлэх хагаст нь ногооныгоо өмсөөд л барилдааны өмнөх бие халаалтын өрөө рүү яваад ороход бөхчүүд хараад гайхаж сүрдэнэ шүү дээ. Өрсөлдөгчийнхөө сэтгэл зүйд нөлөөлж байгаа нэг арга хэлбэр юм даа.

-Мэргэжлийн сумод таны эвдээгүй амжилт үлдэв үү. Одоо та юунд зорьж бэлтгэл сургуулилтаа базааж байна?

-Мэргэжлийн сумод 19 настайгаас хойш авсан даваа минь 1001 давлаа. 22 настайдаа мэргэжлийн сумогийн аварга болсноос хойш авсан даваа минь 800 хүрчээ. Монгол хүн хичээгээд, сэтгэл гаргаад зүтгэвэл оргилд нь гардгийг дэлхийн нийтэд харуулсандаа туйлын их баяртай байна. Одоо надад эвдээгүй дээд амжилт тун цөөхөн үлдсэн шүү. Ватабаяама аварга мэргэжлийн сумогийн дээд зиндаанд 69 дараалж давсан байдаг. Би 63 дараалж даваад ялагдал хүлээсэн юм. Ойр дотны хүмүүс, сумо сонирхогчдод хандаж би “Ватабаяама аварга 69 дараалж давсан, Харин би 69 дэх аваргаар тодорсон. Ийм сайхан тооны бэлгэдэлтэй байхад үлдсэн барилдаанууддаа хичээж барилдана аа” гэж хэлдэг.

-Та 2020 он хүртэл барилдана гэж амлаж байсан. Хэдий болтол барилдах төлөвлөгөөтэй байна?

-Би өнгөрсөн тавдугаар сард Монголд ирэхэд нэг залуу “Та 2020 он хүртэл барилдана гэж битгий яриарай” гэдэг юм. “Юу гэсэн үг билээ” гээд асуухад “Ардын хувьсгалын 100 жилийн ой ойрхон байгаа шүү” гэж хэлж байсан. Сонин сайхан янз бүрийн юм тохиолдоно.

-Цаашдаа та юу хийх вэ. Мэргэжлийн сумод үлдэж ажиллах уу, эсвэл өөр ямар нэгэн ажил эрхлэх үү?

– /Инээв/…

-Та Монгол хүн гэж дэлхийд танигдсан. Дэлхий монгол хүн гэдийг ч мэднэ. Иргэншил солих болоход манай сумо сонирхогчид таагүй хүлээж авах хандлага ажиглагдаж байсан. Энэ талаар таны бодол?

-Эх дэлхийн хүмүүс бүгдээрээ ижилхэн шүү дээ. Энэ асуудал дээр эмзэглээд байх хэрэг байхгүй гэж бодож явдаг. Удахгүй хоёр жил орчмын дараа Японы нийслэл Токио хотод зуны олимпийн их наадам болно. Токиогийн олимпт би Монголын талаас олимпийн хорооны элч төлөөлөгчийн тэмдгийг авсан байгаа.

-Танд олимпийн наадмын нээлтийн үйл ажиллагаанд оролцох боломж байгаа юу. Монгол түмэн үүнийг хүлээж байгаа…

-Японы үндэсний спорт сумо олимпийн хөтөлбөрт багтсан байгаа. Ямартаа ч олимпийн наадам, паралимп хоёрын хооронд их хугацаа байдаг. Энэ үед Токиод олимп үзэхээр 200 орчим улсаас иргэд, элч төлөөлөгчид саатна. Тэдэнд мэргэжлийн сумог таниулж хөтөлбөрт аваргын ёслолоор мэндчилнэ. Тэртээ 1964 онд хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг олимпийн их наадам Токиод зохион байгуулагдахад Монгол Улсын баг тамирчид анх удаагаа оролцож байсан түүхтэй. Миний хувьд энэ их наадмын нээлтийн үйл ажиллагаанд аваргын ёсолгоогоор мэндчилж Монгол Улсаа дэлхийд сурталчлах хүсэл эрмэлзэлтэй байгаа.

-Аав тань танд захиж үлдээсэн амьдралдаа хэрэгжүүлж явах зүйлс олон байгаа байх?

-Ойр дотны хүмүүс маань “Үр хүүхэд нь амжилттай гялалзаж явахад эцэг эхийн сэтгэл тэнэгэр байдаг” гэж ярьдаг л даа. “Аавыгаа өвчтэй зовлонтой байлаа, тэнгэрт гарлаа гэж битгий гутраарай, хаа нэгтээгээс харж байгаа гэж бодож ажиллаж амьдраарай” л гэсэн захиас надад үлдээсэн дээ. Тэр захиасыг нь биелүүлж амжилттай яваадаа сэтгэл өег байх юм.

-Тантай нэгэн цагт мэргэжлийн сумогийн дэвжээнд гялалзаж явсан аварга Харумафүжи Д.Бямбадорж сая зодог тайлах шийдвэр гаргасан. Юунаас шалтгаалж зодог тайлсан бол?

-Надтай нэгэн цагт хамт өрсөлдөж, ирлэж хурцалж явсан Харумафүжи Д.Бямбадожийн даахийг үргээх ёслол есдүгээр сарын 30-ны өдөр болно. Сумогийн хүнд, хатуу бэлтгэлийг хатдаа даван туулж байсан учраас их хүндэтгэдэг. Нэгэнт л зодог тайлах шийдвэр гаргасан учраас ажил амьдралд нь амжилтын дээдийг хүсье дээ.

-Монголын сумочдоос дараагийн аварга нь хэн болно гэж итгэл хүлээлгэж байна. Монгол бөхийн олон сайхан аварга, арслангийн хүүхдүүд мэргэжлийн сумог зорьсон шүү дээ?

-Дархан аварга Г.Өсөхбаяр, улсын гарьд Д.Рагчаа гээд олон хүчитнүүдийн хүүхдүүд сумо барилдангаа сурч боловсорч байгаа. Сайхан удам байхад гараад ирэхийг үгүйсгэхгүй л дээ. Миний хувьд олон нэр хэлээд яах вэ. Бүгд л хөлсөө дуслуулаад бэлтгэл сургуулилтаа базааж байгаа. Байгалиас заяасан сайхан бие хаа, хүч тэнхээтэй Ичиножо А.Ичинноров дүү маань өнөөдөр хэнийг ч хаях боломжтой. Аварга болох болов уу гэж харах юм. Мөн нэгэн цагт мэргэжлийн сумогийн дээд зиндаанд гялалзсан амжилт үзүүлж явсан Асашёрюү Д.Дагвадоржийн төрсөн ах Д.Сугаррагчаагийн хүү Б.Бямбасүрэн сайхан барилдаж байгаа.

-Ирэх сарын башёгийн бэлтгэлдээ хэзээ орохоор төлөвлөж байна?

-Дараагийн башёгийн талаар ярихад арай эрт байна. Есдүгээр сарын тэмцээний ядаргаа гүйцэд гараагүй л явж байна даа. Японд очиж сайхан амраад л тойргийн барилдаануудад орно. Дараагаар нь л ирэх сарын тэмцээндээ бэлдэнэ дээ.

-Өнөөгийн нийгмийн залууст хандаж юуг зөвлөх вэ?

-Хүн бүхэн мөрөөдөлтэй байдаг. Би 15-тайдаа сагс тоглохоос өөр юм чадахгүй хүүхэд байлаа. Монгол хүн учраас аварга болно гэсэн мөрөөдөл дотор нуугддаг байсан л даа. Би ердөө 22 насандаа л мөрөөдлөө биелүүлчихсэн. Мөрөөдөлгүй болно гэдэг аюултай юм билээ. Зөвхөн спорт бус, салбарт бүрт ажиллахаар зэхэж буй залуусдаа хандахад “Хүн олон мөрөөдөлтэй байх ёстой шүү”. Өөрөө мөрөөдлөө биелүүлж бартаа саадыг даван туулаад ирсэн болохоор “Заавал, заавал, заавал” гэж гурван удаа өөртөө хэлж сануулж байлаа. Гэхдээ мөрөөдлөө биелүүлэхийн тул хэтэрхий их хичээж өөрийгөө дайчилж болохгүй. Өөрөө биегүй болдог ч юм уу, сэтгэл зүйгээр их унадаг. Сэтгэл зүрхэндээ бодоод явахад биелдэг юм шүү.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *