“Тоонууд яагаад сайхан гэж? Энэ нь яагаад Бетховений есдүгээр симфони сайхан бэ гэж асуусантай адил юм. Хэрэв тоо сайхан биш бол өөр юу ч тийм сайхан биш” хэмээн нэгэн агуу математикч хэлж байжээ. Үүнийг бяцхан сурагчдадаа ойлгуулж чадсан Монгол Улсын гавьяат багш Д.Доржготовын шавь нарыг энэ удаад “Нэг ангийнхан” буландаа онцолж байна.
Гал морин жилд төрж, 1982 онд Сүхбаатар аймгийн нэгдүгээр арван жилийн 9Г ангид цугласан 27 эмэгтэй, 26 эрэгтэй сурагчид математик, физикийн багш Д.Доржготовоор хичээл заалгах аз тохиожээ. Д.Доржготов багш нь шинийг санаачлагч, математик, техник сэтгэлгээгээрээ аймагтаа нэгдүгээрт орох нэр хүндтэй багш байсан юм. Анх 1980-аад оны үед л богино долгионы утасгүй холбооны хэрэгсэл буюу одооны гар утсыг хийж туршиж байсан гэж бодохоор дэлхийн хэмжээний багш байсныг нь гэрчлээд өгнө.
“10Г” ангийн бахархал бол 1984 онд Прага хотноо болсон Олон улсын математикийн олимпиадаас хүрэл медаль хүртсэн Ц.Энхболд шавь нь юм. Энэ үйл явдал нь аймгийн түүхэнд анхных байсан бөгөөд мөн анх удаа орон нутгийн хүүхэд олон улсын олимпиадад орж, медаль авч байжээ. Түүнээс хойш олон улсын чанартай олимпиадаас медаль авсан тохиолдол одоо ч үгүй. Математикийн гоо сайхныг ойлгож, хичээллэж эхэлсэн тухайгаа Ц.Энхболд “Д.Доржготов багш минь надад “Тоонууд яагаад сайхан болохыг ойлгуулж өгсөн нь миний амьдралд тохиосон том аз байлаа. Бид олимпиадын бэлтгэлийг бүтэн жилийн турш хийнэ. “Математика в школе”, “Квант” сэтгүүлд гарсан бодлого болон Оросын математикийн олимпиадын бодлогуудыг боддог байлаа. Надад алгебр, абстракт алгебр, алгебрлаг геометр, логик, тооны онол, олонлогийн онол, тригонометрийн бодлогууд таалагддаг байсан. Нэг сарын дотор хоёр тавын дэвтэр дуустал тоо бодно. Одоо ч гэсэн миний бодож чадаагүй сэтгэлд хоногшсон бодлогууд байдаг. Бодлого бодохын хажуугаар олон уран бодлого зохиодог байлаа. Бодлого зохиох нь бодлого бодохоос дутуугүй таашаал өгдөг” хэмээн ярьсан юм.
Ангийн нөхөд нь түүгээр бахархаж “Математик сэтгэлгээг хөгжүүлэх Ц.Энхболд сан”-г 2002 онд байгуулсан юм. Ангийн дарга Ү.Эрдэнэбаяр, ангийн багш Д.Доржготов нарын гардан зохион байгуулсан математикийн олимпиад арван жил үргэлжилж, зүүн гурван аймгийн таваас 11 дүгээр ангийн сурагчдын оюунд бодитой хувь нэмэр оруулжээ.
Үүнээс гадна “10Г” ангийнхан сурлага, сахилга бат, дэг журмаар тэргүүний анги байсан гэдэг. Цонхтой цаг эсвэл завсарлагаанаар нэг ширээн дээр гурвуул, дөрвүүлээ суучихсан шинэ гарсан дууг нэг нь зааж, бусад нь дагаж зөөлөн аялаад сууж байна. Үгүй бол хоёул гурвуулаа хичээл ярилцаад сууж байдаг тухай нь Д.Доржготов багш дурссан юм. Мөн тэрбээр, “манай ангийн сурлага хүмүүжлийн бүхий л ажлыг ангийн дарга Ү.Эрдэнэбаяр, эвлэлийн үүрийн дарга Д.Эрдэнэчимэг хоёр л хийдэг байсан. Нэг удаа сургуулийн удирдлагууд бүх ангиудыг хуваан авч шалгасан юм. Манай ангийг захирал Б.Сүхбаатар шалгахаар таарчээ.Би “Д.Эрдэнэчимэгийг ажлаа танилцуул” гээд яваад өгсөн юм. Маргааш нь дүнгийн хурал дээр захирал маань “10Г” ангийн Д.Эрдэнэчимэг шиг ажлаа мэддэг, танилцуулдаг хүүхэд бүү хэл багш энэ сургуульд байхгүй гэж хэлж байсныг би одоо ч тод санаж байна” гэж ярив.
Ангийн багш нь математик , физикийн багш байсан болохоор тэр ч юм уу, математикийн хичээлдээ сайн олон хүүхэд байсныг дурдвал, Д.Эрдэнэчимэг, Ү.Эрдэнэбаяр, О.Жаргал, Б.Лэгзиймаа, Г.Чимэддорж, Ж.Ганхуяг нарыг ангийн дарга Ү.Эрдэнэбаяр онцолсон юм. Мөн арван жилийн төгсөгчдийн сурлагын дүнг жагсаахад Ц.Энхболд, Д.Эрдэнэчимэг нар нэг, хоёрдугаар байрт жагсаж байжээ.
Алдрай насны ариун үерхлээ амьдрал болгосон гурван хос “10Г” ангиас төрсөн нь энэ хамт олны бас нэг бахархал юм. Үүнд, ангийн багш Д.Доржготовын гэр бүлтэйгээ харилцах хандлага, үлгэр дуурайлтай байсан нь нөлөөлжээ. Өдгөө “Болд цонх” ХХК-ийн захирлаар ажиллаж буй Н.Оюунбаатар гэргий П.Юмжавын хамт гурван хүүхдийн эцэг эх бололцож Улаанбаатар хотод аж төрж байна. Мөн “АМГЛА” ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Энхболд нь гэргий Д.Эрдэнэчимэг нар зургаадугаар ангиасаа үерхэж, хожим хоёр хүүхдийн ээж аав болжээ. Ангиас төрсөн гурав дахь хосууд болох Ч.Ганхүү, Ц. Чулуунбор нарын хувьд есдүгээр ангиасаа үерхэж эхэлсэн бөгөөд одоо Баруун-Урт хотод хоёр хүүхдийнхээ хамт амьдарч байгаа ажээ. Мөн “10Г” ангийн Ц.Чулуунбор, “10Б”-ийн Ц.Наранцэцэгтэй ихэр байсан бөгөөд манай ангийн Ч.Ганхүү, Ж.Ганхуяг нар тэднийг эхнэрээ болгосон сонин тохиолдол гарч байсныг ангийн эвлэлийн үүрийн дарга Д.Эрдэнэчимэг онцолж байв.
Эдний ангийн сурагчид даруухан, дөлгөөн, өөрт оногдсон ажил үүргээ амжилттай сайн гүйцэтгэдэг, багш нарынхаа итгэлийг дааж чадсан, биеэ даасан, эвсэг хамт олон байсан юм. Багш нар ч “10Г” ангид хичээл заах гэж булаацалддаг байжээ. Ийм болоход цэрэгжлийн хичээлийн сургалт сайнаар нөлөөлжээ. Ангийн хөвгүүд “цэргийн тангараг” цээжилж, өөрсдийгөө эх орноо хамгаалсан цэрэг болсон юм шиг санаж, хичээл дээр болсон хөгтэй явдлаа ярилцан инээлддэг байсан тухай мөрдэст анд Ж.Одгэрэл нь дурссан юм.
Хоёрхон жилийн хугацаанд ээнэгшин дассан нэг ангийнхандаа “Манлай шарга” компанийн захирал Э.Үржинбадам дурсамжийн дэвтэр аялуулжээ. Тэгэхэд ангийн найз Д.Энхтулга нь “Хорин жилийн дараа танайд хормой дүүрэн баавгайтай чихэртэй очно. Тэр үед танайх гурван хүүхэдтэй байна гэж бичсэн” нь хожим биелснийг хөгжилдөн дурсацгаадаг гэнэ.
“10Г” ангийнхан Баруун-Уртын хойхон байдаг Гүнбулаг гэдэг газарт зусч байсан хөдөлмөрийн баатар Шарбанди гуайнд очиж ажил хөдөлмөрт нь тусалсан байна. Тэр үед тохиолдсон олон хөгжилтэй явдал нэг ангийнхны сэтгэлд тод дурсамж үлдээжээ. Нэг удаа ангийн найз Д.Сүхбаатар нь адууны хар цагаан сүүлээр нүүрээ таглаж, хөлдөө тампуу углаад чөтгөр болж саваагүйтэж байгаад ангийн охин Д.Мөнгөнцэцэгийг ухаан алдуулсныг Ч.Ганхүү дурсан ярив.
Ангийн хамт олноос аравдугаар ангиа төгсөөд гадаадын их сургуульд элсэн суралцсан цөөнгүй сурагч бий. Тэднийг дурдвал, Г.Гангармаа ОХУ-ын Казань хотын багшийн дээд сургуульд, Б.Лэгзиймаа ЗХУ-ын Кемерова хотын НААҮБ техникум, Ц.Энхболд Украйны Киев хотын Политехникийн сургууль, Д.Эрдэнэчимэг Эрхүү хотын их сургуульд, Д.Оюунаа А.С.Пушкины нэрэмжит орос хэлний институт, Г.Арслан ХБНГУ-ын Дунбайсын их сургууль, О.Жаргал ЮНЕСКО-ийн тэтгэлгээр Москва хотын Геодези, зурагзүйн дээд сургуульд тус бүр элсэн суралцжээ.
“10Г” ангиас инженер арав, эмч дөрөв, багш долоо, жолооч гурав, эрх зүйч нэг, малчин гурав, нягтлан бодогч нэг, тогооч, зураач нэг, сувилагч хоёр, үйлчилгээний ажилтан найм, холбоочин нэг тус тус төгсөж улс эх орондоо нэр хүндтэй, ажил хэрэгчээр ажиллаж, төр засгаар хөдөлмөрөө үнэлүүлж, цол тэмдэг гавьяа шагнал авсан байна. Манай ангиас Хөдөлмөрийн хүндэт медалиар Р.Саранцэцэг, Г.Саруул, Эрүүлийг хамгаалах Тэргүүний ажилтан тэмдгээр Б.Болормаа, Г.Саруул, Д.Туяацогт, Г.Чимэддорж, Г.Энхцэцэг, Боловсролын Тэргүүний ажилтан тэмдгээр Ц.Энхболд, П.Юмжав, С.Оюунчимэг, Эдийн засгийн Тэргүүний ажилтан тэмдгээр Ц.Энхболд, Д.Эрдэнэчимэг, Санхүүгийн Тэргүүний ажилтан тэмдгээр Д.Эрдэнэчимэг, Ү.Эрдэнэбаяр, Уул, Уурхайн Тэргүүний ажилтнаар Ч.Ганхүү, Онц тээвэрчнээр Ж.Одгэрэл, Д.Энхтулга мянгат малчин, Д.Буянцогт “Тэргүүний тариаланч” алтан медаль, С.Оюун-Эрдэнэ “Хүүхэд эрдэнэ” алтан медаль, Л.Сугаррагчаа “Дорнод аймгийн тэргүүний ажилтан”, Г.Саруул АШУҮИС “Эрдэнийн очир” медалиар тус тус шагнагдаж байжээ. “10Г” ангийн охидууд эрийн түшиг, гэрийн чимэг болж олон сайхан үрсээ өсгөж хүмүүжүүлснийг төр засаг үнэлж “Алдарт эх”-ийн одонгоор энгэрийг нь мялаасан юм. Тухайлбал, А.Адьяа, С.Оюунцэцэг, Х.Амарсанаа, Д.Мөнгөнцэцэг, Ж.Мижгээ, Д.Туяацогт, Г.Чимэддорж, Г.Энхцэцэг нар энэ эрхэм алдрыг хүртсэн байна.
Мөн бага боловсролын магистр, клиник профессор, тэргүүлэх зэрэгтэй багш П.Юмжав нь “Сурагчийн лавлах”, “Хүүхдийн хүмүүжилд эцэг эхчүүдийн гүйцэтгэх үүрэг”, “Зугаатай дасгал” гэсэн гурван номыг боловсруулж, нийтийн хүртээл болгожээ. Оюун ухааны дундаршгүй байдал нь бодож, сэтгэж, хөдөлмөрлөхдөө байдгийг хамгийн сайн ойлгосон “10Г” ангийнхан оройгүй эрдэмд шамдсаар, улс, аймаг, орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтэд өөрсдийн хувь нэмрийг оруулсаар явна.