Categories
арын-нүүр булангууд мэдээ

Машка шиг л…

Шинэ оны хонх цохихоос өмнө сонгуулийн хонх тачигнаж эхэллээ. Өмнө нь бол он гараад сонгуулийн ажил эхэлдэг байсан бол энэ удаа хамаагүй эрт эхэлж байна. Их хурлын гишүүд нь чуулгандаа суухгүй ажил гацаан орон нутагт ажиллаж байгааг орон нутгийн иргэд хэлсээр байгаа юм. “Халуун сэтгэл” нэрийн доор хар нүүрс, гурил, цагаан будаа, тараг, сүү, бидон тарааж байна. Тэр бүү хэл сангийн бойпор тарааж байгаа юм билээ. Ард түмэндээ юм тарааж болно л доо. Гэхдээ цагаан будаа, гурил, бидон тараахдаа мань нөхдүүд зургаа татуулан цахим орчинд тавьж сурталчилгаа хийж байгаа нь даанч ард түмэндээ таалагдахгүй байна.

Яахав ээ, ард түмэн өлсч байгааг нь далимдуулан ходоодоор нь сонгуульдах гэж үзэж тарж байх шиг байгаа юм. Нэр дэвших сонирхолтой нөхдүүд орон нутгаар гадаадын жуулчдаас илүүтэй “тэнэж” байх энэ үед орон нутагтаа амьдарч, бизнесийнхээ үр шимийн дээжийг нутгийнхандаа хүртээчихээд дуугүй л сууж байдаг хүмүүс гэж байх. Тийм нэг хүнийг би таньдаг юм. Нутгийнхан нь түүнийг Чүлтэмийн Машбат гэхээсээ илүүтэйгээр “манай Машка” гэж дотночилно. Тэрбээр төрсөн сумандаа жилд 150 гаруй сая төгрөгийн бүтээн байгуулалт хийж, өвчин зовлонтой иргэд, хүүхдүүдийн дунд зохион байгуулагддаг тэмцээн уралдаанд дэмжлэг олгодог. Сумын иргэд нь нутгаасаа сонгогдсон гишүүдээсээ илүү түүнд хандана. Тэрбээр хүүхдийн төлөө бол даанч гар татаж чаддаггүй нэгэн. Гэрийнх нь гадуур яваа хүүхдүүдийг дуудаж авч ирээд чихэр авч идээрэй гээд 20 мянган төгрөг өгөөд явуулна. Гэрийнх нь урдуур яваа настайчуудыг дуудаж ирээд “Сүү авч сүүтэй цайгаа уугаарай” гээд 20 мянган төгрөг өгчихнө. Ийм дүр зурагтай би хэдэнтээ таарсан юм. Та хийсэн ажлаа танилцуулаад ярилцлага өгөөч гэхэд “Би ямар Их хуралд нэр дэвших гэж байгаа биш юүхэв” гээд тэс хөндлөн зүйл яриад явчихдаг. Хийсэн ажлыг нь сумынхан нь мэдэхээс гадныхан мэдэхгүй. Хийсэн ажлаа сурталчлах нь гол биш. Төрсөн нутагтаа “өр”-өө төлөх минь миний үүрэг гээд суучихдаг тийм нэгэн хүн байдаг. Зундаа бороо хур гайгүй орж таван тариа нь ургаж л байвал сэтгэл нь өег байдаг юм билээ. Сонгууль дөхөхөөр нутгаа санадаг суудал горилогчид минь зүгээр Машка шиг л бай л даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *