Categories
мэдээ соёл-урлаг

“Марко Поло” кино “Хүннү” театрт гаргана

Нетфликс компанийн бүтээл “Марко Поло” киноны 1-р бүлгийн 1,2-р ангийг “Хүннү” кино театрт үзүүлэх гэж байна.

Тодруулбал,Монголын эзэнт гүрэн, Хубилай хаан Хятадыг эзэлсэн тухай адал явдлыг 13-р зууны алдарт аялагч Марко Пологийн нүдээр үзүүлсэн “МАРКО ПОЛО” олон ангит киноны эхний бүлгийн 1, 2-р ангийг энэсарын 26-нд шинээр нээгдээд удаагүй байгаа “Хүннү” кино театрт үзүүлэх юм байна. Уг арга хэмжээнд ОАК-ыг бүтээгч, зохиолч Жон Фуско, найруулагч Ден Минахан болон ерөнхий менежер Ричард Шарки нар оролцож, кино хэрхэн бүтсэн тухай танилцуулж, Монголчуудын сонирхсон асуултанд хариулах ажээ.

Киног бүтээгчдийн зүгээс “Марко Поло” ОАК-ын 2-р бүлгийн зураг авалтанд Монгол жүжигчдийг болон Монголчуудыг олны хэсэгт түлхүү оруулахыг хичээж байгаа учраас киноны уран бүтээлчид Холливуудаас Улаанбаатарт ирж, Марко Поло ОАК-г албан ёсоор Монголын ард түмэнд танилцуулах гэж байгаа нь энэ ажээ.

90 сая ам.долларын өртөгөөр Монголын түүхийн алдаа оноо, сэргэн мандалтыг харуулсан “Марко Поло” ОАК-нд оролцон тоглож, Монгол хүний авьяас билэг, өвөрмөц дүр төрхийг дэлхий нийтэд харуулсан жүжигчин Балжинямын Амарсайхан нээлтийн арга хэмжээг Хүннү кино театр, Үндэсний манлай үйлдвэр “Арвайн үндэс”, Скай Лоунж болон Юник Дизайн компаниудтай хамтран зохион байгуулж байна.

Хубилай хааныг Хятад хүн, Монгол бол Хятадын нэг үндэстэн байсан зэргээр Монголын түүхийг гуйвуулдаг, буруу мэдээлэл түгээдэг явдалд “Марко Поло” ОАК Хубилай хаан бол Монгол хүн, Юан гүрэн бол Монголын эзэнт гүрэн юм гэдгийг ойлгомжтойгоор харуулж, тодорхой хариулт өгсөн билээ. Мөн кинонд Монгол хэлээр ардын дуу оруулалт хийж, гадны жүжигчид Монгол нэрийг зөв дуудах зэргээр Монгол хэл ямар байдгийг харуулахаас эхлээд, “Алтан Ураг” хамтлагийн бүтээлийг киноны хөгжимд ашигласан ба Монголын соёл ахуйг урд нь ч ямар гадны бүтээлд үзүүлж байгаагүйгээр зөв тусгасан билээ.

Уг арга хэмжээнд зөвхөн урилгаар улс төр, урлаг соёл, бизнес, хэвлэл мэдээллийн төлөөллүүд оролцох юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *