2018 оны нэгдүгээр сарын 1-ний орой тэнгэрт СУПЕР САР мандана. Дэлхийг сар тэгш хэмтэй бус, зууван замаар тойрдог тул дэлхийд хамгийн их ойртох үед ийм сар үзэгддэг. Шинэ оны эхний сар ердийн үеийнхээсээ 14 хувь том, 30 хувь тод харагдана гэж NASA мэдээлжээ.
Ойрын хугацаанд супер сар дэлхийд 3 удаа харагдаж байгааг мэргэжилтнүүд “Супер сарны гурвал” гэж нэрлээд байна. Гурвалын эхнийх нь 12 дугаар сарын 3-нд үзэгдсэн бол хоёр дахь нь нэгдүгээр сарын 1-нд үзэгдэж, сүүлийнх нь 31-нд харагдах юм.
Харин сүүлийн супер сар буюу 31-ний сар онцгой байхыг NASA сануулж байна. Учир нь энэ орой сар бүтэн хиртэнэ.
Дэлхий энэ удаагийн супер сарыг нарны гэрлээс бүрэн халхлах ажээ. Гэхдээ гэрлийн ойлтоос хамаарч супер сар нь харанхуйлахгүй, харин цусан улаан өнгөтэй харагдах гэнэ.
Ийнхүү 2018 оны эхний сарын эхний ба сүүлийн өдрүүдэд хоёр удаа супер сар дэлхийд харагдах гэж байна.