Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсээс 2016 оны 07 дугаар сарын 29-ны өдөр Монгол Улсын иргэн Т, Б, С, Г нар нь бүлэглэн мансууруулах бодисын төрөлд орох ICE буюу Мөсийг бусдад зарж борлуулах зорилгоор авч явж байсныг илрүүлэн эрүүгийн хуулийн тусгай ангийн 192-192.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Шалгалтын явцад дээрхи этгээдүүдийн 3 нь давтан гэмт хэрэгт холбогдсон байна.
Мөн 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын иргэн П нь мансууруулах үйлчилгээтэй ургамлын төрөлд орох каннабисыг их хэмжээгээр түүж бэлтгэн, бусдад зарж борлуулах зорилгоор авч явж байсныг илрүүлэн эрүүгийн хуулийн тусгай ангийн 192-192.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Дээрх хэргүүдийн сэжигтэн П, Т, Б нарыг ШШГЕГ-ын хорих 0461-р ангид сэжигтэнээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Энэ оны 7, 8 дугаар сард хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 23 холбогчтой 10 гэмт хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаагийн ихэнх хувь нь мансууруулах үйлчилгээтэй ургамлын төрөлд орох каннабисыг түүж, бэлтгэн, боловсруулж, бусдад зарж борлуулсан гэмт хэрэг эзэлж байна.
Эх сурвалж: ЦЕГ