БНСУ-ын Сөүл хотноо Самбо бөхийн өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Тэмцээний хоёр дахь өдөр буюу өчигдөр дэвжээнд гарсан манай тамирчдаас өсвөр үеийн эмэгтэйчүүдийн 44 кг-ын жинд хүч үзсэн н.Отгонцэцэг хүрэл медаль хүртсэн бол 70 кг-д барилдсан н.Хулан алтан медаль хүртэж самбо бөхийн өсвөр үеийн дэлхийн аварга боллоо.
Мөн залуучуудын төрөлд барилдсан эмэгтэй бөхчүүдээс 48 кг-д хүч үзсэн н.Бадмаа хүрэл медаль зүүлээ. Харин залуучуудын аваргад хүч сорьсон эрэгтэй бөхчүүдээс 55 кг-д н.Батбаяр, 68 кг-ын жинд н.Баяртүвшин мөнгөн медаль хүртэж, +90 кг-д хүч үзсэн н.Пүрэвбаатар хүрэл меадлийн тавцанд зогслоо.
Ийнхүү тэмцээний эхний өдөр зургаан медаль хүртсэн манай баг тамирчид дахин зургаан медаль энгэртээ гялалзуулж, эх орны төрийн дууллаа эгшиглүүлэн, алтан соёмбот далбаагаа мандуулсан байна.
Тэмцээнд амжилттай оролцож буй баг тамирчиддаа амжилт хүсье.
Гэрэл зургийг “Mongolian sambo” хуудаснаас ашиглав.