Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

​Манай муу хоёр хөрш үүнээс өөр юу хийх вэ?

Бид Орос, Хятадыг мөнхийн хөршөө гэж хөл хөс болж, аргадангуй, бишрэнгүй харцаар ширтэцгээдэг. Тахлын эдийн засаг гурав дахь жил рүүгээ орох гэж буй энэ хүнд цагт ингэж сүйд болдог хөршүүд маань жинхэнэ царай, цаад бодлогоо харуулж байна. Нэг нь хилээ хааж хясах болов. Энэ хавчлага, хясалт ирэх оны хэддүгээр сарын хэдэн хүртэл үргэлжлэхийг хэн ч хэлж мэдэхгүй байдалд улсаараа аж төрж явна. Нөгөө нь буюу хойд хөршийн элдэв дарамт, үзүүлэх аяг ааш хэрээс хэтрэв. Саяхны жишээ гэхэд л ОХУ-ын Шадар сайд эмэгтэй “Танайх Эгийн гол дээр усан цахилгаан станц барихгүй, тэгснээс манайхаас эрчим хүчээ ав, бид нийлүүлээд явна” гэсэн утгатай мэдэгдэл хийгээд явчихлаа. Мэдэгдэл гэхэд зөөлдөх юм байна. Шахаж тулгачихаад явж одов. Хоёр хөрш маань заавал өдийд ингэж хавчиж, хааж боодог нь ямар учиртай юм бол, цаадах шалтгаан нь юу вэ гэсэн асуултыг өөрсдөдөө тавих цаг болчихжээ.

Нэг ийм үг бий. “Орос, Хятад хоёр гар бариад, найрсаж сүжрээд ирвэл бид болгоомжлох ёстой” гэсэн үг. Тэдний харилцаа яг одоо ийм өнгөндөө явж байна. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургуулийн доктор, профессор Д.Уламбаяр өнөө жил манай сонинд өгсөн ярилцлагадаа “Орос-Хятадын харилцааг Өрнөдийн судлаачид бал сардаа явж байна гэж үздэг. Өндөр дээд түвшинд хоёр талын харилцааны хөгжлийн хүрсэн түвшинг маш өндрөөр шагшин магтах болсон. Хэр удаан үргэлжлэхийг түүх харуулах байх. Сүүлийн үед дэлхийн II дайнд нацист Германыг бут цохиход хамгийн ихээр оролцож тусалсан улс нь Хятад, түүний аугаа баатарлаг ард түмэн гэж нотлохыг оролдож, энэ нь орос, хятад цэргүүдийн гүн нөхөрлөлийг харуулж буй мэтээр их ярих болсонтой миний хувьд огт санал нийлэхгүй байгаа. Түүхийг ингэж дахин засварлаж, гуйвуулж болохгүй л дээ” гэж онцолсон удаатай. Тэгэхээр тэдний энэ сүжрэлийн наад өнгө нь манай улсад “Эгийн голын усан цахилгаан станцаа барихгүй шүү” гэх сүрдүүлэг, хил боомтын элдэв хоригоор илэрч байгааг үгүйсгэх аргагүй. Үгүйсгэх аргагүй ч биш юм аа, хойд урд хоёр хөрш хавсайдах бодлого явуулаад эхэлсэн нь энэ мэт цөөнгүй кейсээс тод анзаарагдаад эхэлчихлээ.

Орос, Хятадын удирдагчид өнөө жил цахимаар уулзаж нөхөрлөлийн гэрээгээ сунгасныг энэ дашрамд эргэн сануулмаар байна. ОХУ, БНХАУ- ын хоорондын сайн хөрш, найрсаг хамтын ажиллагааны тухай хэмээх тодотголтой уг гэрээг анх 2001 онд зурж байсан юм. Энэ гэрээг зурахаас яг нэг сарын өмнө Төв Азид Америкийн нөлөөллийг саармагжуулах зорилготой “Шанхайн тав” ШХАБ болон өргөжиж байсан нь санамсаргүй тохиол биш. Хятад ба Орос тэргүүтнүүд, Америк ба барууныхны аль нь хүчтэй нөлөөтэй вэ гэсэн асуулт дор өрнөж буй сөргөлдөөн тахлын эдийн засгийн жилүүдэд хурц, халуун уур амьсгал дунд өрнөсөөр байгаа. Манай хоёр хөрш олон талаараа адилхан. Төр засгийнх нь эрх мэдэл нэг хүний гарт улам бүр төвлөрсөөр ирсэн, авторитар дэглэм эрчээ авсаар байгаа, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, хүний эрх, эрх чөлөөнд тавих хяналт чангарсаар яваа. Цэнхэр гаригт яг одоо өрнөж буй халуун үйл явдал дунд манай хоёр хөрш энэ ижил талаараа нэгдэж, гараа чангаар атгалцаж буй. Америкийн ерөнхийлөгч Жо Байден Орос, Хятадыг “Дүрэм журамд суурилсан олон улсын эмх цэгцтэй харилцаанд хамгийн том аюул” гэж удаа дараа онцолсоор суугаа. Азийн Монголын тухайд бүс нутагтаа ардчиллын баянбүрд гэгддэг. Орос, Хятадын аль алинд манай улсыг өөрсөд шигээ нэг хүчтэй нам, цорын ганц удирдагчтай болгож дэлхийгээс таслах цаад сонирхол бий гэсэн дүгнэлт таамгийг эндээс төвөггүй хийчихэж болно.

Төдийгөөс өдий хүртэл ардчилсан засаглалын хөгжлөөрөө бүс нутагтаа жишиг болсоор ирсэн Монголын ардчилал тахлын хямрал үргэлжилсэн энэ үед илүү хөгжиж батжиж ашиг сонирхол, нөлөө хамаарлаас нь гараад явчих вий гэсэн болгоомжлол манай хөршүүдэд байгаа. Хятад, Оросын аль алинд нь монгол үндэстнүүд аж төрдөг. Монголын ардчилал бэхжиж, эдийн засаг нь бие дааж хөгжих нь монгол үндэстнүүдийг харьяандаа байлгадаг хоёр хөршид тийм таатай зүйл биш л дээ, яаж ч бодсон. Наад зах нь л Монгол Улсын хүчирхэгжил өөрсдийнх нь харьяанд орших монгол үндэстнүүдэд муугаар нөлөөлнө гэсэн болгоомжлол манай хөршүүдэд байсаар ирсэн. Хэнд ч ил, булзах аргагүй үнэн гэвэл энэ.

Хоёр хөршийн бидэнд хандаж буй өнөөдрийн өнгийг анзаарах нь ээ тэд хандаж болох хамаг муу аашаа гаргаж байна. Цахилгаан эрчим хүчээрээ бие даана гэсэн ойлголт байхгүй шүү, том юм ярилгүй манайхаас эрчим хүчээ аваад яв гэж хэлж байгааг дарамт, хавчлагын эцсийн цэг гэж харахаас аргагүй. Экспорт, импортын бүрэн хамааралтай улсын орох гарах урсгалыг хааж байгаа нь ч хавчлага, хяхалтын хурц хэлбэр. Үүнээс доор орно гэж юу байхав. Одоогийнх шигээ дуугүй дүмбийж, идэвхгүй суугаад байвал Монгол гэдэг улсын тусгаар тогтнолд аюул, эрсдэл учирна.

Аргадсан, царайчилсан өнгөөр харилцсаар ирсэн байр сууриа өөрчлөх цаг болжээ гэж харж байна. Монгол Улс НҮБ-ын гишүүн. Дэлхийн банк, Олон улсын валютын сан, Азийн хөгжлийн банкны гишүүн. АНУ, Япон, ХБНГУ зэрэг өрнө, дорнын өндөр хөгжилтэй гүрнүүдийг гуравдагч хөршөө гэж харилцдаг. Эдэнтэй харилцаагаа хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тулгуур багана. Германы монголч эрдэмтэн, доктор, профессор, нийтлэгч Удо Баркман олон жилийн өмнө “Жижигхэн Монголын ард түмэн өнөөдөр ч гэсэн өчигдрийнхөө нэгэн адил дэлхийн улс төрийн бодлогын тээрмийн чулуудын дунд сууж байна. Гэвч улстөрчид нь тээрмийн ийм чулуудын дундуур чамгүй амжилттайгаар бодлого явуулж сурчээ. Олон тулгуурт бодлого эерэг нөлөөгөө үзүүлж эхлээд байна” гэсэн удаатай. Харамсалтай нь өнөөгийн улстөрчдийн байр байдлыг анзаарахад тээрмийн том чулуудын дунд амжилттай бодлого явуулж байгаа царай алга. Нэг л их царайчилсан, аргадсан, болгоомжилсон, дулдуйдсан өнгө аяс л их тод ажиглагдаад удаж байгаа. Одоо урьдынх шигээ алмайрч, ноомойрч суумааргүй байна. НҮБ, Дэлхийн банк, Олон улсын валютын сан, Азийн хөгжлийн банк. АНУ, Япон, ХБНГУ зэрэг гуравдагч хөршүүддээ зоримгоор санаагаа хэлж, учир байдлаа ойлгуулж, ухаалаг гарц шийдэл санал болгож хандах цаг ирчихэж. Хоёр хөршийн харьяан дор аж төрж яваа үндэс нэгтнүүддээ ч уриалга гаргахад болохгүй юмгүй. Тодотгож хэлэхэд Орос, Хятадын ард түмэн бидний дайсан биш. Орос, Хятадын төр засгийг атгагч цөөхөн нөхдийн бий болгосон, алдахыг хүсэхгүй байгаа авторитар дэглэм нь л бидний болгоомжилж явах ёстой том аюул.

Нийтлэлийнхээ төгсгөлд Удо Баркманы нэгэн нийтлэлдээ дурдсан хэсгийг тодотгомоор санагдлаа. Цаг төрийн өнгө хувирсан ерээд онд экспортоос олдог долларынхаа тэн хагасаар Оросын өгнө гэж дуугарсан хэмжээгээр шатахуун царайчилж тэвдсэн монголчуудад гар сунгасан эхний улсууд хэн хэн байсан тухай, тэр үед хөрш маань бидэнд хэрхэн хандаж байсан талаар их тодорхой өгүүлсэн байдаг юм. Германы монголч эрдэмтэн “Өөрөө хямралд орсон ЗХУ-аас ямар ч тусламж дэмжлэг горьдох хэрэггүй болов. Зөвлөлтийн Элчин сайд В.И.Ситников 1990 оны эхээр Монголын хэвлэлд тавлангуй өнгө аясаар “Монголын гадаад эдийн засгийн харилцаанд дангаар зонхилохыг ЗХУ хүсэхгүй байна. Дэлхийн аль ч улс гүрэнтэй БНМАУ хамтын ажиллагаа өрнүүлэхийг бид дэмжиж, туслалцаа үзүүлэхэд бэлэн байна.” гэж мэдэгдэж байв. Гэхдээ Зөвлөлтөөс тусламж авахыг монголчууд өөрсдөө ч хүссэнгүй. Мөн онд Зөвлөлтийн шатрын дэлхийн аварга Г. Каспаров хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа “ЗСБНХУ Монголыг Хятадад худалдах гэж байна” гэж мэдэгдсэн нь монголчуудын хуучин айдас хүйдсийг сэрээж, тэд хэдэн мянгаараа Улаанбаатар дахь ЗСБНХУ-ын Элчин сайдын яаманд эсэргүүцлийн бичиг өргөсөн байдаг. Нөхцөл байдал ийнхүү эрүүл саруулаар сэтгэхийг шаардаж, үндсэрхэх үзлийн цаг зуурын давалгаа, сэтгэлийн хөөрлөөр улс орон цааш хол явахгүй болохыг хоромхон зуур мэдрүүлсэн юм. Гадны тусламж харин ч санаснаас хурдан ирж, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ж. Бейкер 1990 оны наймдугаар сарын 2-5-ны хооронд Монголд албан ёсны айлчлал хийхдээ тус орон дахь шинэчлэлийн үйл явцад дэмжлэг үзүүлэхээ амлав. 1991 оны наймдугаар сарын 13-нд Японы ерөнхий сайд Т. Кайфу Монголд айлчилсан бөгөөд тэгэхдээ 1990 онд Хьюстон (АНУ), 1991 онд Лондон хотод тус тус болсон Их долоогийн уулзалтад Монголын асуудлыг хөндөн ярьж, Монголд эдийн засгийн дэмжлэг үзүүлэх хүсэлт тавьснаа ярилаа. Ж. Бейкер энэ талаар урьдчилан мэдэгдсэн хэдий ч Япон улс үүний анхлан санаачлагч гэдгийг сануулахаа мартсан байжээ. Японы санаачилгаар бүр 1991 оны наймдугаар сард Токио хотноо Монголд хандивлагч орнуудын Бага хурал хуралдахад Япон, АНУ-аас гадна бас Герман улс ч идэвхтэй оролцлоо. Тус Бага хурлаас Монголд 150 сая америк долларын шууд тусламж олгохоор шийдвэрлэсний 50 саяыг нь Япон улс дангаараа гаргахаар болов. Герман улс Монголыг бүр анхнаас нь л тууштай дэмжиж, хуучин БНАГУ-ын үед хэрэгжүүлж асан хөгжлийн тусламжийн төслүүдийг хэвээр үргэлжлүүлсэн ба 1992 оны наймдугаар сарын байдлаар Германы зүгээс олгосон хөнгөлөлттэй зээл, тусламжийн нийт хэмжээ 34 сая америк долларт хүрээд байлаа” хэмээн онцолж байв.

Герман эрдэмтний нийтлэлийн хэсгийг эргэн сануулсан нь цаанаа учиртай. Дэлхий нийтээрээ цар тахлын хөлд хоёр жил талхигдаж, авторитар дэглэмтэй улсууд коронагийн дор засаглалаа уламж бэхжүүлж яваа энэ хэцүү цагт бүс нутагтаа ардчиллын баянбүрд гэгддэг Монголд тэр үеийнх шиг тус дэм хэрэгтэй болчихсон гэхэд хэтрүүлэг болохгүй. Эцэст нь хэлэхэд “Бидэнд яг ийм тусламж хэрэгтэй байна” гэж хандах учиртай хүмүүс нь эрх баригчид. Бурханы хөшөөхнөөс болтугай мөнгө завшихаар өөр зуураа хэмлэлдэж суухын оронд улсаа бодсон энэ мэт том, ухаалаг шийдэл гаргамаар байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *