Categories
мэдээ улс-төр

МАН-ынхан шийдвэрээ эргэн харахыг шаардав

СЕХ-ноос ирүүлсэн сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх үед МАН-ын бүлэг завсарлага авахыг хүссэн ч хуулийн хугацаатай тул боломжгүй гэж үзсэн юм. Гэвч МАН-ын бүлгийн гишүүд хурлыг орхин гарч, Байнгын хорооны хуралдаан МАН-ын гишүүдгүйгээр үргэлжлэн, дээрх тогтоолын төслийг хэлэлцэн, дэмжсэн юм.

Үүний дараа УИХ дахь МАН-ын дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт тэргүүтэй гишүүд УИХ-ын тойрог, мандатыг хуваарилах асуудлыг дэмжсэн асуудалтай холбоотойгоор мэдээлэл хийлээ.

МАН-ын дарга М.Энхболд:

“АН-ынхан зарчимгүй будлиантай үйл ажиллагааг зохион байгууллаа. Сонгуулийн тойрог, мандатыг хуваарилахдаа хүн ам, нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгжийг сайтар харгалзан үзэх ёстой гэж Үндсэн хуульд заасан байдаг. Гэтэл аймаг, орон нутгийн тойргийг өөрчилж, зарчим алдагдуулах, аймгийн төвийг дангаар нь нэг тойрог болгож, бусад сумдыг хомроголон нэг тойрог болгох шийдвэрийг гаргалаа. Үүнийг МАН-ынхан эсэргүүцсэн ч цөөнх учраас гаргасан алдаа дутагдлыг засч залруулж чадсангүй. Иймээс би байнгын хорооны хурлыг орхин гарсан. Тэгээд ч зогсохгүй гаргасан шийдвэрээ эргэн харахыг шаардаж байна” гэсэн юм.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт:

“АН-ынхан айж, ичихээ больжээ. Дөрвөн жилдээ нэг болдог сонгуулийг АН-ын сунгалт болгох гэж байгаад харамсч байна. АН-ын дөрвөн гишүүн буюу Р.Гончигдорж, Н.Батбаяр, Г.Батхүү, Х.Тэмүүжин гэсэн дөрвөн хүний саналаар мандатын тоог хуваарилах зарчмыг эвдэж өөрсдөдөө таалагдсан хувилбараар оруулж ирж байгаад харамсч байна. Жишээ нь Өвөрхангай аймаг. Тус аймгийн 86 хувь нь нэг тойрог болсон. Үүнд нутаг дэвсгэр, хүн ам, засаг засаг захиргааны ижил тэнцүү байдлыг огтхон ч харгалзан үзсэнгүй. Ховд аймаг гэхэд 20, 12 мянган сонгогчтой тойрог байгуулсан нь тэгш бус юм” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *