Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлэг цэцийн даргыг чөлөөлөх асуудлаар дахин завсарлага авлаа

Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татах талаарх Улсын дээд шүүхийн санал буюу ҮХЦ-ийн дарга Ж.Амарсанааг чөлөөлөх асуудалд МАН дахин завсарлага авлаа.

Өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдаанаар МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага аваад байсан бөгөөд УИХ-ын чуулганы өнөөдрийн чуулганаар уг асуудлыг хэлэлцэх байсан. Гэвч МАН-ын бүлгээс дахин хойшлуулах хүсэлтийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт гаргалаа.

Тэрээр: “ҮХЦ-ийн гишүүнийг эгүүлэн татах асуудлаар манай бүлэг 5 хоногийн завсарлага аваад дуусч байна. УИХ Төрийн эрх барих дээд байгууллага. ҮХЦ-ийг Үндсэн хуулиа сайн манаж, хэн нэг этгээдийг Үндсэн хуулиа зөрчихгүй байлгах зорилготой тавьсан. Хоттой хонио сайн манаарай гэж хоточ банхрыг уядаг. Гэтэл хоттой хонио сайн манасны төлөө хоточ банхраа эзэн нь нядлах гээд байна. Тиймээс энэ асуудлаа хойшлуулж өгөөч ээ. УИХ-ын Тамгын газрын дарга аливаа этгээдийг хууль зөрчсөнийг тогтоодог хуулийн этгээд биш. Энэ асуудалд Цэцийн дүгнэлт гараагүй байна. Мөн Дээд шүүх бүрэлдэхүүнээ хуралдаж, саналаа ирүүлээгүй байгаа. Энэ мэтчилэн олон хууль зөрчсөнийг зөвхөн МАН-ын гишүүд биш ҮХЦ-ийн 8 гишүүн, хуульчид, улс төрийн намууд мэдэгдэл гаргасан. Үндсэн хууль зөрчсөн үйлдлийг төрийн эрх барих дээд байгууллага хийж болохгүй. Тийм болохоор энэ асуудлыг хойшлуулж, завсарлагааны хугацааг сунгаж өгнө үү. Хүч түрэн хууль зөрчиж болохгүй” гэж байв.

Энэхүү хүсэлтийн улмаас УИХ-ын дарга МАН-д нэмэлт гурван хоногийн завсарлага өглөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *