Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Малын тэжээл үйлдвэрлэх нь Монголд хамгийн ашигтай бизнес баймаар юм DNN.mn

Зуд турхантай, нийт нутгийн 60 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй байна. Өвсний үнэ тэнгэрт хадаж эхэллээ. Хаврын хаварт болдог энэ мэт зовлон бэрхшээл эхнээсээ дуулдаж, хөдөөгүүр нөхцөл байдал хүндэрч, энэ сарын 16-ны мэдээгээр улсын хэмжээнд 284.8 мянган мал зүй бусаар хорогдоод байна. Анх удаа ингэж байгаа юм биш л дээ. Малчдыг өвлийн бэлтгэлээ сайн базаагаагүй, өвс тэжээлээ хангалттай бэлдээгүй гэж буруутгахаар өөдөөс “Гантай байгаад чадсангүй. Өвс хадлан муу гарсан” гэж ам тагладаг. Эсвэл “Сүхбаатар, Дорнод гэсэн хадлан гайгүй гарсан газарт очоод өвс хадаж байгаад түймэр тавьчихлаа” гэх зэрэг юм чих дэлсэж, өвс хадланг дагасан хэл ам намар, өвөл, хаваржингаа үргэлжилдэг.

Дүн өвөл, урт хаврын өдрүүдэд нов ногоон өвс олно гэдэг хэцүү л дээ. Хүн малын зоо тэнийтэл дахиад хэдэн сар бий. Тэр хүртэл малаа юугаар тэжээх вэ гэхээр малын тэжээл л аминд орно.

Малын уурагт тэжээл гэж сайхан юм байна. Найрлагад нь шар буурцаг, рапсын шахдас, хивэг, өвс, буудай, хужир, шохойн чулуу оржээ. Саалийн үнээ, бог, бод малд өгөх заавар нь шуудайны бөөрөн дээр нь хадаатай байна. Энэ тэжээлийг малд өгөхөд жишээ нь моринд өдөрт 100-150 грамм л хангалттай. Хөдөө аж ахуйн их сургуулийн хийсэн туршилтаар өдөрт 7 литр сүү өгдөг саалийн үнээг “Уурагт тэжээл”-ээр тэжээхэд сүүний гарц нь 21-25 литр болдог юм байна. Өдөрт 20-30 грамм уурагт тэжээлээр тэжээсэн хоёр сартай хурга биеэрээ бэлчээрийн маллагаатай төлөгтэй эн чацуу байна гээд бод доо. Туршилтаар батлагдсан бодит үр дүн энэ шүү.

40 кг-аар савласан нэг шуудай уурагт тэжээл таван кг-аар савласан 6.4 шуудай хивэг, 11 боодол өвстэй тэнцэхүйц чанартай байна гэхээр малын тэжээл ямар их зардал хэмнэсэн инновацийн бүтээгдэхүүн болохыг хэн ч ойлгохоор. Дээр дурдсан орцуудыг буталж, нунтаглаад нунтаг, хорголжин болгож гаргахад уг нь айхавтар олон шат дамжлага, үйлдвэрлэлийн өндөр хүчин чадал шаардахгүй. Бүр энгийнээр хэлэхэд, ганц цахилгаан мотор асаагаад хоёр булан дундуур орцуудаа гүйлгэж бутлаад гаргаж ирээд шуудайлчих үйл явц. Ийм амархан. Малын тэжээл бэлддэг ийм үйлдвэр, цехүүдийг аймаг, сум болгонд бий болгох хэрэгтэй. Үүний дараа үйлдвэр, цехүүдээсээ гаргасан уурагт тэжээлүүдээ малчдад хүргэдэг, малчны хотонд ойртуулдаг, малчдыг байнгын хэрэглэгч болгох дадалд сургах ажил бол хамгийн чухал шүү.

Хургыг уурагт тэжээлээр өдөрт 20-30 грамм өгч тэжээхэд хоёр сарын дараа төлөгний дайтай болж томорч байгаа гэхээр 40 кг-ын шуудайтай ганц тэжээлээр 40 гаруй хургыг сар тэжээчихэж болох нь. Хэрвээ 40 хургыг өвөл, хаваржингаа өвсөөр тэжээе гэвэл хэдэн сая төгрөг зарцуулах вэ. Хонинд өдөрт 50-70 грамм л хангалттай учир 1000 хоньтой айл өвлийг өнтэй, мал бүтэн онд мэнд оръё гэвэл 50 шуудай уурагт тэжээлтэй байхад л болох нь байна. Бүх юм ийм энгийн байхад яагаад өдийд өвсний асуудал босдог вэ гэхээр малчдад малаа тэжээлээр тэжээж, бордох тухай ойлголт огт байдаггүйтэй холбоотой. Малдаа тэжээл өгдөг, өвөл, хаврын үед хонь малдаа эрдэс бодис, хэрэгтэй шим тэжээлийг өгдөг шүү гэдгийг малчдад танин мэдүүлж, бүр хэвшүүлэх хэрэгтэй. Ингэхийн урьд малын тэжээлийг олон сонголттойгоор үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлэх ёстой. Хаашаа л харна, малын тэжээл элбэг байх тийм хэмжээнд энэ чиглэлийн үйлдвэрлэлийг улсаас дэмжих нь зөв. Малын тэжээлийг элбэг болгоно гэдэг нь гаднаас импортоор оруулж ирэх тухай ойлголт огтоос биш шүү. Өөрсдийнхөө малын уурагт тэжээлээ дотооддоо, сум болгондоо үйлдвэрлэх тухай юм.

Ийм үйлдвэрүүдийг бий.

Мал жил бүр өсдөг ч хавар нь зуднаар хэдэн зуун мянгаар хорогдлоо гэдэг мэдээг жирийн, энгийн мэт л хүлээж авдаг. Угаасаа тэвээрэг муутай нь үхэх ёстой гэдэг хоцрогдсон ойлголттой. Мал хавартаа хорогдоод байдгийн том шалтгаанууд байдаг. Нэгдүгээрт, монгол мал хавар өлсөөд өлдөөд үхчихдэг юм. Хоёрдугаарт, өвөл нь хөлдөөд, жиндээд үхчихдэг. Малаа дааруулдаггүй, жиндээдэггүй дулаан сав, байр ховор. Энэ асуудал цаашилбал цөлжилттэй тэмцэх үндэсний хэмжээний ажил болж хувирна л даа. Бараг 100 сая малтай, бэлчээрийн даац хэдийнэ хэтэрчихлээ гэцгээдэг.

Хэрэвзээ малын уурагт тэжээлийн үйлдвэрүүдийг аймаг, сум бүрд байгуулчихвал малчдын эдийн засагт хэмнэлт гарч, малын тоо толгой хорогдохгүй болж, цаашлаад цөлжилт багасах боломжтой. Яваандаа нөгөө хүсээд байгаа фермерийн, суурин мал аж ахуй гэдэг юм чинь суман дахь тэжээлийн үйлдвэрүүдээ тойроод хүссэн хүсээгүй бий болно гэсэн үг.

Хамгийн их хэрэглэгчтэй бизнес хамгийн ашигтай. Эдийн засгийн хэллэгээр бол эрэлтээ дагаж нийлүүлэлт өсдөг учир хөрөнгө оруулагчид эрэлт ихтэй буюу хэрэглэгч олонтой салбарт хөрөнгө оруулах сонирхолтой байдаг. Зах зээлд шилжээд 30-аад жил болсон монголчууд үүнийг хэнээр ч заалгахгүй мэднэ. Гүйлгээ сайтай бараа л ашиг авчирдаг. Тэгвэл энэ 90, 100 сая малыг тэжээхэд хэрэгтэй уурагт тэжээлийг үйлдвэрлэхээс өөр ашиг өгөх ямар бизнес байгаа юм бэ. Үүнийг яагаад хийхгүй байгаа юм бэ. Энэ чиглэлийн бизнес, үйлдвэрлэлийг бизнес эрхлэгчид, харьяа яам нь анхаарч хөдөлбөл ашгаа өгөх бүхэл бүтэн том орон зай гэж харж байна.

Оросын тэжээлийн үйлдвэр гэж том үйлдвэр байсан даа. Бүтээгдэхүүний орц нь юу байсан юм гэхээр, сүрэл, будаа, давс. Сүрлээ жижиглэж хэрчээд, будаагаа няцлаад, давсаа хутгаад л малын тэжээл нь бэлэн болдог байв. Долоон давхар өндөртэй том үйлдвэр байсныг зарим хүмүүс санаж л байгаа байх. Ганц мотор ажиллаад л орцуудаа буталж, нэг бункерээр асгаж түүнийгээ канвераар урсгаад шуудайлчихдаг байсан даг. Одооны үйлдвэрүүдтэй харьцуулахад үгүй ээ мөн хялбархан шат дамжлагатай байж шүү.

Өнөөдөр малын тэжээл үйлдвэрлэе, уурагт тэжээл хийе гэвэл орц, найрлага нь хангалттай, техник, технологи нь ч бэлэн байна. Одоогийн байдлаар малын уурагт тэжээл үйлдвэрлэдэг цөөн газрууд нь эрэлтээ хангаж дийлдэггүй бололтой юм билээ шүү. Монголдоо үйлдвэрлэсэн уурагт тэжээлээ эрсэн, сурсан малчид, хувь хүмүүс олон байгаа харагдана.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *