Categories
мэдээ

Мал бүртгэлжүүлэх ажил явагдаж байна

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас энэ жил мал бүртгэлжүүлэлтийн ажлыг эрчимжүүлэхээр аян зарласан. Аяны хүрээнд зохион байгуулагдаж буй ажлын талаар тус яамны Малын генетик нөөцийн хэлтсийн дарга Д.Батсүрэн мэдээлэл өглөө.

Тэрээр “ХХААХҮЯ-наас 2021 оныг малыг ялган тэмдэглэж бүртгэлжүүлэх, бүртгэл мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх аян болгон зарлаж, мал бүртгэлжүүлэлтийн ажлыг эрчимжүүлээд байна. Аяны хүрээнд мал сүргийг үе шаттайгаар бүртгэлжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Эхний ээлжид үржилд ашиглаж байгаа хээлтүүлэгчээ хавар, намрын технологит хугацаанд бүртгэлжүүлж байна. Малын үржүүлэг технологийн ажил, үйлчилгээний технологит хугацаа хавар гуравдугаар сарын 20-ноос тавдугаар сарын 25-ныг хүртэл, намар есдүгээр сарын 10-наас арванэгдүгээр сарын 10-ныг хүртэл байдаг. Намрын технологит хугацаанд цөм болон үржлийн сүргийн шаардлага хангасан мал сүргийг бүртгэлжүүлэх ажил ид өрнөж байна.

БНХАУ, ОХУ-тай хил залгаа аймаг, сумдын бод малыг бүртгэлжүүлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Хил нэвтрэх, нэвтэрсэн тохиолдолд хилийн байгууллага малыг ялгаж, танихад бүртгэлжүүлэлт маш чухал байдаг. Ээмэгнийх нь дугаараар аль аймаг, сум, багийн мал гэдгийг мөрдөн мөшгөж тогтоох боломжтой. Малчид малаа танихдаа зүсийг нь эсвэл им тамгыг нь хардаг. Монгол малын зүс ихэвчлэн ойролцоо байдаг учраас андуурах асуудал гардаг. Тийм учраас тухайн малын ээмэгний дугаар, бүртгэлээр дамжуулж олж таньдаг. Малыг бүртгэхдээ ялган тэмдэглэх хэрэгсэл гэж нэрлэдэг ээмэг болон чипийг ашигладаг. Чипийг адуунд, ээмгийг үхэр, тэмээ, хонь, ямаанд хэрэглэж байна. Ээмэг, чипэн дээр 12 оронтой код байдаг. Үүний эхний хоёр орон нь аймгийнх, дараагийн хоёр нь сумынх, дараагийн хоёр нь багийн код юм. Үлдсэн 6 орон нь тухайн малд дахин давтагдахгүйгээр олгогдсон хувийн дугаар юм. Жишээ нь, хар халзан зүсмийн бух байлаа гэхэд Хэнтий аймгийн Хэрлэн сумын гуравдугаар багийн ийм хувийн дугаартай бух байна гээд бүртгэл мэдээллийн нэгдсэн санд мэдээлэл нь орчихсон байдаг” гэсэн юм.

Түүнчлэн малыг ялган тэмдэглэж бүртгэлжүүлснээр малчид, мал бүхий иргэдэд тодорхой боломжууд бий болдог байна. Тухайлбал, мал сүргийг гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх, малаа алдсан тохиолдолд бүртгэлийн дугаараар мөрдөн мөшгөж олох боломжтой. Мөн малаа бүртгэл мэдээллийн нэгдсэн санд хамруулсан малчныг төрөөс олгож буй урамшуулалд хамруулдаг байх зарчимд шилжиж байгааг хэллээ. Түүнчлэн малаа барьцаалж банкнаас зээл авах, даатгалд хамруулахад бүртгэлтэй эсэхийг харгалзан, хөнгөлөлт үзүүлэх боломжтой болох ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *