Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны хаалтын өдөр. МАХН өчигдөр орой сонгуулийн сурталчилгааныхаа хаалтыг хийсэн бол12 цагт сонгуулийн штабаас нь мэдээлэл хийв. Мэдээллийн эхэнд Монгол Улсын Шадар сайд асан Ц.Оюунбаатар “Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилааны үеэр нийгмийг хагалан бутаргасан, гүтгэлгийн шинж чанартай мэдээллүүд гарч байна. Сурталчилааны үеэр Сонгуулийн тухай хууль, Үндсэн хууль зөрчсөн үйлдлүүдийг МАН, АН-аас гаргаж байгаа. Хамгийн горл нь МАНАН-гийн удирдлагууд МАХН-аас нэр дэвшигч, эх оронч С.Ганбаатарын нэрийг татсан мэтээр худал мэдээлэл түгээж байна. Түүнчлэн түүний сонгуулийн сурталчилгаанд саад тээг тавих, цагдаа явуулж сэтгэлзүйн дарамт учруулах үйлдэл удаа дараа гарч байна” гэв. Нэр дэвшигч С.Ганбаатарыг Дархан-Уул аймгийн Хонгор суманд иргэдтэй уулзаж байхад цагдаа нар хүчээр дайран орж ирж уулзалт хийлгээгүй гэнэ. Мөн Дундговь аймагт ажиллаж буй ухуулагч нараас цагдаа нар байцаалт авсан юм байна. Орон нутгийн сурталчилгааны сүүлчийн уулзалтөө Хөвсгөл аймагт хийхээр явахад Улаанбаатараас энгийн хувцастай цагдаа дагаж, тагнаж, чагнасан үйлдлүүд гарсныг баримтжуулсан гэдгийг хэллээ. Эрх баригчид ийнхүү эрх мэдлээ урвуулан ашиглаж байгааг эсэргүүцэж байгаа юм байна. Энэ балмад үйл ажиллагаагаа зогсоохыг шаардсан юм. Мөн иргэдийн сонгох эрхэнд халдаж 50 мянган төгрөг тараах, насны хишиг олгох замаар саналыг чинь худалдаж авч байгаа тул сонголтоо зөв хийхийг уриалав. Түүнчлэн гадаадын иргэнийг сонгуульд татан оролцуулж хандив өгсөн мэтээр ташаа мэдээлэл цацсан гэлээ. Сонгуулийн Ерөнхий хороо энэ талаар дуугарахгүй байна гэв.
Э.ЭНХ