Categories
мэдээ цаг-үе

М.Нургул: Чоно руу дайрч байхдаа нөхрөө л бодож байсан

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Улаанчулуу багийн малчин И.Серикболын хот руу энэ сарын 23-нд галзуурсан чоно дайрч, эхнэр нөхөр хоёр аюулгүй болгосон тухай мэдээ улс даяар түгэж байна. Баян-Өлгий аймгийн Мал эмнэлгийн шинжилгээний анхан шатны хариу гарч, малчин руу дайрсан чоно галзуурсан байсан нь тогтоогдсон гэнэ.

Нөхөр И.Серикбол халз тулж, эхнэр М.Нургул гурилын элдүүр модоор цохиж нам болгожээ. И.Серикбол гартаа шарх авсан бөгөөд эмчилгээний үр дүнд биеийн байдал нь сайн байгаа ажээ.

“НӨХӨР МААНЬ НАМАЙГ “БИТГИЙ АЙ” ГЭЭД ӨӨРӨӨ ТАЙВАН БАЙХ ШИГ БАЙСАН Ч ДАРАА НЬ ХАМАГ БИЕ ХӨШЧИХСӨН БАЙСАН”

Үйл явдал хэрхэн өрнөсөн талаар эхнэр М.Нургултай ярилцлаа.


-Юуны өмнө танд баяр хүргэе. Болсон үйл явдлын талаар ярьж өгөөч?

-Энэ сарын 23-ны өглөө 5:30 цагийн үед гадаа манай гөлөг хуцаад байлаа. Нөхөр гөлгийг үхэр мөргөчихөв үү дээ гээд босоод гарсан. Гэтэл удалгүй нөхөр муухай орилоод унасан. Би ч сандарсандаа орноосоо үсэрч босоод гарлаа. Тэр үед чинь гэгээ ороогүй, харуй бүрий шүү дээ. “Юу болов оо” гээд гэрээсээ орилтол “Энд цагаан юм байна” гэчихээд удалгүй “Чоно барьчихлаа, туслаарай. Цохих юм олоод ир” гэлээ. Буцаад гэртээ гүйж ороод хамгийн түрүүнд гурилын элдүүр санаанд орж шүүрээд гарсан. Нөхөр дээрээ яваад очтол намайг “Толгой руу нь цохь” гээд орилж байлаа. Би цохисон. Нэг цохилоо, хоёр цохилоо. Элдүүрийн мод маань хугараад өгсөн.

-Та сандарсан уу?

-Сандралгүй яах вэ. Нөхөр “Алчихаар өөр юм олоод ир” гээд орилж байна. Түлээний сүх санаанд орлоо, гүйж очоод аваад иртэл нөхөр маань “Битгий ай. Би сайн барьчихсан байгаа. Толгой руу нь цохь” гэж байна. Тэр ёсоор нь болгоод хэд, хэд цохисон чинь хамраас нь цус гараад муужраад унаад өгсөн. Нөхөр ч дараа нь хэд хэд сүхээр цохиод авсан. Чоно үхсэний дараа хувцас хунараа янзлаад гэртээ орж иртэл цаг 07:00 болж байсан. Тэгээд л эмнэлэг рүү ярьж тусламж дуудсан даа.

-Хэр том чоно байсан бэ. Нөхөр тань чоныг яаж барьсан байв?

-Чонын том жижгийг харах сөхөө байгаагүй. Серикбол чонын хоёр чихнээс нь чанга атгаж эргүүлээд дээр нь дараад суучихсан байсан. Тиймээс намайг хамар руу нь цохь гээд байсан. Алсныхаа дараа харахад их л том чоно харагдана лээ.

-Нөхөр тань их л тайван байж дээ?

-Намайг тайвшруулахын тулд л “Битгий ай” гэж байсан юм билээ. Чоно муужирч унасны дараа Серикбол чихнээс гараа авах гэж багагүй юм болсон. Бүх бие нь хөшчихсөн, чихийг нь тас атгаад бас хөшчихсөн. Салгах гэж бөөн юм болсон.

-И.Серикбол барилддаг уу. Чоныг чихдэж унагаана гэдэг их бяр шүү дээ?

-Яг өөрөө бол барилддаггүй. Гэхдээ авгынх нь талд барилддаг хүн бий. Өөрөө ч бие томтой, хүч бяртай залуу.

-Харин таны сандрал хэзээ арилав. Нөхөр тань чонотой ноцолдож байх үед юу бодогдох юм?

-Би бүр сандарсандаа дотуур хувцастайгаа гараад оччихсон байсан. Надад нөхөр маань л бодогдож байсан. Нөхрөө яаж аврах вэ л гэж бодсон. Түүний тулд чоныг алахаас өөр аргагүй л гэдэг бодол санаанаас гараагүй. Нэг мэдэхэд л бүх юм болоод өнгөрсөн байсан.

-Танай эргэн тойронд айл байгаагүй хэрэг үү?

-Хамгийн ойрхон айл км орчимд байсан. Юун тэднээс тусламж гуйх манатай, маш хурдан болоод өнгөрсөн явдал шүү дээ. Бүх юм дууссаны дараа саахалт айлууд руугаа залгатал бүгд утас нь холбогдоогүй.

-Нөхөр тань гартаа хазуулсан гэв үү?

-Зүүн гарынх нь нэг хуруун дээр нэг см орчим соёоны мөр орсон байна гэж эмч нар хэлсэн. Тиймээс сумын эмнэлэг рүү аваад явсан. Одоо бол биеийн байдал нь маш сайн байгаа.

-Танайх руу чоно дайрч байсан тохиолдол бий юү?

-Өнгөрсөн арванхоёрдугаар сард мал руу чоно дайрсан тохиолдол гарсан. Тэр үед Серикбол мотоциклоор малаа хариулж явсан. Мал руу нь чоно дайраад хоёр ямаа идээд, нэг ямааг шархдуулсан. Ганцаараа явсан болохоор яаж ч чадаагүй гэж байсан.

-Та хоёр гэр бүл болоод хэр удаж байна вэ?

-Бид хоёр 2002 онд гэрлэсэн. Хоёр охин, нэг хүүтэй. Хүүхдүүд маань 6-15 насныхан.

-Мал дээр гараад удаж байна уу?

-Таван жил болж байна уу даа. Манайх айлын малыг хөлсөөр малладаг.

-Галзуу чонын өөдөөс эмэгтэй хүн гурилын модтой дайраад аюулгүй болгосон гээд өөрийг тань нутаг орон даяар шагшиж байна. Танд ямар санагдаж байна?

-Бодох юм алга даа. Гэр бүлээрээ элэг бүтэн үлдсэндээ л баяртай байна.

-Эрүүл энхийг хүсье.

-Баярлалаа.

К.ХУАНЫШ: ЧОНЫГАЮУЛГҮЙ БОЛГОЖ АМЬ НАСАА ХАМГААЛСАНЗАЛУУСАА АЛДАРШУУЛНА

И.Серикболынх руу чоно дайрсны дараа сумын Засаг даргын Тамгын газраас шуурхай арга хэмжээ авч ажилласан байна. Энэ талаар Ногооннуур сумын Засаг дарга К.Хуаныштай ярилцлаа.

-Чоно малчны хот руу дайрсан, малчид чоныг аюулгүй болгосон талаарх дуудлага суманд анх хэзээ ирэв. Та бүхэн хамгийн түрүүнд ямар арга хэмжээ авсан бэ?

-Малчин И.Серикболынх сумын төвөөс 30 км-т алслагдсан багт өвөлжиж байгаа өрх. 23-ны өглөө чоно хотон дээр нь ирж И.Серикбол руу дайрахад эхнэр нь гурилын модоор цохиж, дараа нь сүхдэж аюулгүй болгосны дараа багийн эмч рүү дуудлага өгсөн байдаг. Багийн эмч нь сумын төвийн эмнэлэг рүү дуудлага өгсөн. Сумын төвийн Эрүүл мэндийн нэгдлийн ерөнхий эмч дуудлага авангуут надад утсаар мэдэгдсэн. Тэр даруй эмчтэй дагалдуулж хоёр хүнийг түргэний машинаар И.Серикболынх руу явуулсан. Тэд очиход багийн эмч түрүүлж ирээд чонотой ноцолдсон гэрийн эзэнд анхан шатны тусламж үзүүлэн, вакцины эхний тунг тарьсан юм билээ. Ингээд хүнээ сумын төвийн эмнэлэгт хүргэж ирсэн.

-Чоно галзуурсан байсан гэв үү?

-Сумын Мал эмнэлгийн ажилтнууд очиж малд нь үзлэг хийсэн. Чоно тухайн үед мал руу халдаагүй байж. Тиймээс мал, хотыг ариутгаад ирсэн. Аймгийн Мал эмнэлэг рүү энэ талаар мэдэгдэхэд чоныг авч ирэх шаардлагатай. Шинжилгээ хийнэ гэсэн учраас чоныг аймагт хүргүүлсэн. Анхан шатны шинжилгээний хариу гарч, тухайн чоно галзуурсан гэсэн дүгнэлт гарсан. Албан ёсны шинжилгээний хариу гараагүй байгаа. Сумын зүгээс албан ёсны хариуг шаардаж байгаа.

И.Серикболын зүүн гар чонод хазуулсан хэдий ч сумын төв дээр эмчилгээгээ хийлгэн биеийн байдал нь маш сайн байгаа. Эмнэлгээс гарсны дараа аймгийн төвд аваачин Нэгдсэн эмнэлэг дээр бүрэн шинжилгээнд оруулахаар ярилцаж байгаа.

-Танай нутагт галзуу чоно хоттой мал руу, малчин руу дайрсан ийм тохиолдол өмнө нь гарч байв уу?

-Манай сум бол газар нутаг, хүн амынхаа хэмжээгээр аймагтаа дөрөвт ордог томоохон сум. 6300 хүн амтай, 1576 өрхтэй. Энэ жил 212.000 толгой мал өвөлжиж байгаа. Ер нь манайх чоно элбэгтэй. Гэхдээ галзуу чоно ингэж малчид руу дайрч байсан тохиолдол тун ховор. Миний ажиллаж байсан хугацаанд ийм тохиолдол гараагүй. Хэдий тийм ч манайд анчин залуус олон бий.

-Хүн рүү дайрсан чоныг хөнөөж байсан тохиолдол их ховор. Гэтэл танай нутгийн эмэгтэй ийм эрэлхэг үйл хийсэн нь олон хүнд шагшигдаж байна. Танайх руу аймгаас, бусад газраас хэр холбогдож байна?

-Мэдээж сонин, сайхан байлгүй яахав. Казах эмэгтэй эр зориг гаргаж галзуу чонотой улаан гараараа үзэлцсэн явдлыг бид ч гайхаад барахгүй байна. Нөхөр нь ч тэр, маш их зоригтой, авхаалж самбаатай ажиллаж чадсан байна шүү дээ.

Аймгийн ЗДТГ-аас холбогдсон. Бид ч энэ явдлыг орхиж болохгүй. Эрэлхэг зоригтой гэр бүлийг алдаршуулах үүрэгтэй. Эхний ээлжинд малчин маань эрүүл саруул болог. Түүний дараа тэдний үйл хэргийг алдаршуулах талаар хөөцөлдөнө. Улаанбаатар хотод Анчдын холбоо байдаг гэсэн. Тэр байгууллагатай холбогдоно гэж төлөвлөж байна гэлээ.

Б.ЭНХЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *