1989 оны 12 дугаар сарын 10 бол Монголын ардчилсан холбооны анхны цуглаан болсон түүхэн өдөр. Энэ цуглаан бол Монгол Улс хойд хөрш Оросын нөлөөнөөс гарах, Монголд ардчиллыг хөгжүүлэх, ард түмэн иргэний эрх, эрх чөлөөгөө эдлэхийн төлөөх маш том зоримог үйл явдал байсан. Энэ өдрийн цуглаан нь шинэ түүхийн эхлэл болсон.
1206 онд Их Монгол улс байгуулагдсан нь монголчуудын хувьд алтаар тэмдэглэх өдөр яалт ч үгүй мөн билээ. Түүнээс өмнөх Хүннү Сүннүгийн үеийн талаар гэхээсээ илүүтэй Их Монгол улс байгуулагдсаныг онцгойлон авч үздэг. Үүний дараа 1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний арванхоёрдугаар сарын 29-ний өдөр мөн алтаар бичигдэж таарна. Энэ өдрийн ач холбогдлыг юутай ч зүйрлэшгүй. Тэр өдөр монголчууд овсгоо гаргаж хөдлөөгүй бол өнөөдөр Хятадын автономит муж л болчихсон байх байлаа. 1911 оны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу аргын тооллын 1911 оны 12 сарын 29-нд Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгосон. Түүнчлэн монголчууд үндэсний тусгаар тогтнолоо зарлаж, VIII Богдыг Монгол Улсын шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаанд өргөмжилж түүнд төрийн тамга, төрийн далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий Засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэр гарган, тусгаар тогтносон Богд хаант Монгол Улсыг байгуулсан түүхтэй.
Монголын түүхэнд алтаар бичигдэх гурван өдрийн сүүлчийнх нь 1989 оны 12 дугаар сарын 10-нд болсон МоАХ-ны цуглаан юм. Монголын гадаад, дотоодод сурч байсан оюутан, залуус ардчилсан хувьсгалын гол хүчин байсныг түүхэн бичиг, архивт тэмдэглэн үлдээсэн. 1989 оны арваннэгдүгээр сарын 27-28-нд Залуу уран бүтээлчдийн Улсын II зөвлөгөөн болж Ц.Элбэгдорж, Дарь.Сүхбаатар, С.Амарсанаа нар Ардчилсан холбоо байгуулахыг анх санаачилж, улс төрийн нууц бүлгэмүүд нэгдэж улмаар Монголын Ардчилсан Холбоог (МоАХ) байгуулжээ.
1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд Улаанбаатар хотын “Хүүхэд залуучуудын соёлын төв”-ийн гадаа талбайд анхны цуглаанаа хийж Монголд олон намын улс төрийн систем тогтоох, хүний эрхийг дээдлэх, бүх нийтийн сонгуулийг хугацаанаас нь өмнө 1990 оны эхний хагаст багтаан явуулах, улс төрийн хэлмэгдэгсдийг цагаатгах, хэвлэлийн эрх чөлөөг баталгаатай болгох зэрэг 13 зүйлийн шаардлага тавьснаар Монголд Ардчилсан хувьсгал эхэлсэн гэж үздэг. Өөрчлөлт, шинэчлэл, хуучин системийг халах том хувьсгал, Ардчилал эхэлсэн алтан өдөр байгаа биз.
Ардчилсан нам засаг төрд хүзүү хуваах маягтай овоо гайгүй сандал суудал “зулгаасан” үедээ энэ өдрийг дурсдаг байв. Харин МАН дангаар ноёрхож буй жилүүдэд энэ өдрийн талаар огт дурсдаггүй мөртлөө ардчилсан чигийн хүмүүс энэ өдрийн талаар юм дуугараад эхлэх вий гэж болгоомжлохдоо тухайн өдөр элдэв янзын юм, үйл ажиллагаа зохиогоод олон нийтийн анхаарлыг өөр зүгт хандуулчихаа мэддэг. Дөрвөн жилийн өмнө энэ өдрийг угтаад түүхийг гуйвуулсан утгатай тархи угаалтаа сошиал орчноор тарааж байсан сан. Тэр үед Өдрийн сонин “Жамбын Батмөнх ардчилсан хувьсгалыг эхлүүлж Цахиагийн Элбэгдорж ардчилсан хувьсгалыг сүйдэлсэн болж хувирсан уу” гэж бичиж л байлаа. Гэтэл өнөө жил арванхоёрдугаар сарын 10-ны өдрийг манай хүний эрхийн “өндөр” мэдрэмжтэй эрх баригчид маань “Хүний эрхийн өдөр” гээд хүндэтгэлийн чуулган хүртэл хийж, хүний эрхийг гайхалтай хүндэтгэдэг төртэй, түшээдтэй тухайгаа ярьцгаасан нь өнөө л булзайруулах арга нь юм даа.
МАН-ынхан энэ өдрийн тухай хальт яримар аядвал “Аа энэ хэдэн балай юмнуудын өдөр гээд байдаг юм. Ардчиллын партизан гэсэн архинд орчихсон юмнууд байгаа”, “Монголыг балласан юмнуудыг хар даа…Элбэгдорж, Энхсайхан, Бат-Үүл сайхан эх орныг минь яаж балласан билээ” гэсэншүү бэлгэгүй үг шидлэх нь бий.
Ардчилсан хувьсгал, ардчиллын чигийн юу ч байсан бүгдийг нийгмээрээ үзэн ядаж, гутаах давалгаа асар их болсон. Ялангуяа 2020 оны сонгуулиас хойш, ковидын хөл хорионы хоёр жилийг далимдуулж нь эрх баригчид ард түмний мэдэх эрхэнд халдаж, ийм төрлийн контентуудыг сошиалд тролл багаараа “цутгуулсан”. Эрх баригчдын “цутгасан” мэдээллээр тархиа угаалгасан арми, масс бий болчихлоо. Одоо “12 дугаар сарын 10-ны өдөр бол МоАХ-ны өдөр, алтаар бичигдэх өдөр” гэж ам ангайвал ад үзэгдэж, бүр зодуулахаар хэмжээнд хүрчихээд байна. Яагаад ийм болчихов, нийгэм яагаад буруу тал руугаа эргээд байна гэж жаахан юм боддог хүмүүс нь гайхацгаадаг.
Украин-Оросын дайн дэгдсэний дараачаас дэлхийд олон нууц задарсан. Ардчилал, лебирал үзлийг гутааж, үзэн ядах хөдөлгөөн нь бүхэлдээ оросуудын явуулж байсан үзэл бодлын урсгал, зориуд хийж ирсэн хортой ажил гэдэг нь илэрчихсэн.
Оросууд энэ “ажил”-аа дэлхий даяар явуулж, тархи угаалт хийж ирснийг системтэйгээр нь илрүүлж, задалчихаад байна. Энэхүү тархи угаалт хамгийн амжилттай хэрэгжсэн газар нь ганцхан Монгол байсан юм билээ. Бусад улс, тив дэлхийг харахад тэд Оросоос толгой илүү учир тархиа угаалгахыг хүсээгүй, “Аа оросуудын л дэмий яриа шүү дээ” гээд ер тоогоогүй түлхчихсэн юм билээ дээ.
Гэтэл монголчууд тэрэнд нь үнэмшчихсэн, бүр ах аа гэж боддог болчихсон. Одоо ч ах аа гэж “хайрладаг” хүмүүс байдаг гэхээр ямар хүчтэй “угаагдсан” нь харагдаж байна. Одоо Монголын нийгмийн 40-өөд хувь нь ардчилсан хувьсгал, дэлхийн лебирализм, ардчиллыг үзэн яддаг болчихсон, ардчилсан нийгэмд амьдардаг мөртлөө шүү дээ. Дээрээс нь МАН тасралтгүй шахуу гучаад жил төр бариад ард түмнээ ядууруулчихсан байгааг ч хэлэх үү, нийтээрээ баян чинээлэг, баялаг бүтээгч хүмүүсээ үзэж чадахаа байцгаачихсан. Энэ бол монголчууд оросуудаар тархиар угаалгаснаас л болж үлдсэн “эмгэг”.
Арванхоёрдугаар сарын 10-ны өдөр яагаад түүхэн дэх алтан өдөр юм бэ гэж зарим залуус дүү нар асуух байх. Хүн төрөлхтөн “Ардчиллаас өөр амьдрах арга үгүй юм байна. Аль нэг дарангуйлагчийн дор амьдарч болохгүй” гэдгийг ойлгож байгаа, харж байгаа. Ардчилал бол хүн бүрд боломж олгодог, энэ боломжийг эдлэх нь хүн төрөлхтөний ирээдүй мөн. Ийм учраас хүн төрөлхтөн нийтээрээ сонгож орсон замд хөл тавих эхлэлийг тавьж, залуус цуглацгаасан өдрийг түүхэнд алтаар тэмдэглэн үлдээх нь дамжиггүй юм аа.
Д.ГАНСАРУУЛ
One reply on “Монголын түүхэнд алтаар бичигдэх гурван өдрийн нэг нь 12 дугаар сарын 10-ны өдөр DNN.mn”
Ардчилалаа хүндэтгэх, хамгаалах, сэргээх зайлшгүй шаардлага бидэнд тулгараад байна даа. Сэтгүүлчдээ баярлалаа.