Олны анхаарлыг татаж буй хэд хэдэн хууль, хуулийн төслийг ойрын үед УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ. Тэдгээр хуулийн нэг нь УИХ-ын сонгуулийн тухай хууль. Энэ хуульд оруулах маш чухал заалт байна аа.
Орчин үеийн сонгууль тэр чигээрээ фэйсбүүк, твиттерээр явдаг болсон. Сүүлийн хэд хэдэн сонгуулийг ажиглахад сонгуультай жил, сонгуультай зун монголчууд фэйсбүүк, твиттерт сонгуулиар амьсгалж, буцалж, талцаж, муудаж, доллар төлж нэгнийгээ харлуулж, нэрээ гаргах гэж гадагшаа төгрөгөө урсгадаг ажилтай болчихсон. Гэтэл эдгээр харилцааны платформууд нь Монголын харьяаных биш. Тодруулбал, АНУ-ынх. Дэлхийн нөлөө бүхий компанийн аппликейшн төдий шүү дээ. Урьд урьдын сонгууль шиг энэ аппликейшнүүдээр монгол төрийг байгуулмааргүй байна. Өөрсдөө мэдэж, өөрсдийнхөө төрийг байгуулах асуудлаа нутаг дэвсгэр дээрээ, дотроо ярьж хэлэлцмээр байна.
Ингэж зохион байгуулах техникийн шийдэл орчин үед бүрэн байгаа. Сонгуулийн сурталчилгаа 17 хоног байхаар яригдаж байна. Энэ хугацаанд сонгуульд өрсөлдөхөөр нэр дэвшсэн хэнбугайн ч нэр, овог орсон пост, жиргээ зэргийг шууд хаадаг, хориглодог хуулийн зохицуулалтыг хийх ёстой юм. Гэхдээ үүн дээр ялгамжаатай, анхаарууштай юм бий. Шууд бүгдийг гэж туйлширч ойлгож болохгүй. “Зөвхөн нэр дэвшигчийн овог, нэрийг багтаасан пост, жиргээ, сэтгэгдэл зэргийг сонгуулийн сурталчилгааны хугацаанд бүрэн хориглоно” гэх утгатай заалт оруулахад л болоод явчихна.
Бид гадны платформ дээр улс төрийн болоод төрөө байгуулалцах чухал асуудлаа хэлэлцэх нь гэрийн асуудлаа гадны хүний дэргэд ярьж байгаатай агаар нэг. Сонгуулийн сурталчилгааны хугацаанд гадны платформууд дээр тодорхой хязгаарлалтыг ингэж хийж чадвал нэгдүгээрт, монголчууд бид өөрсдөө төрөө байгуулж буй хэрэг болно. Гадаадын ямар ч оролцоогүйгээр гэсэн үг. Хоёрдугаарт, Монголд байгаа үндэсний хэвлэл мэдээллийн байгууллагуудын орлого тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ. Улстөрчид 2020 оны сонгуулиас хойш сошиалд бараг нэг тэрбум төгрөгийг төлж өөрсдийгөө сурталчилсан байсан. Сонгуульгүй үед шүү дээ. Гэтэл сонгуультай жил энэ тоогоо хэд дахин нугалахыг таашгүй. Тэр их долларыг гадагшаа урсгахгүй сонгуулийн сурталчилгааны зардлаа дотооддоо шингээчихвэл хичнээн телевиз, сайт, сонин, тэдгээрийн хэдэн мянган ажилтан орлоготой болох вэ…хичнээн нь НДШ, татвар руу орж монголчуудын амь амьжиргаанд нэмэр болох билээ…гээд бод. Сонгуулиар гадагш урсдаг долларын сувгийг дотогшоогоо татсанаар үүнийг дагаад маш олон эерэг өөрчлөлт гарах нь мэдээж.
Гэхдээ энэ зохицуулалтын хамгийн гол зорилго бол монголчууд гадны оролцоо, хяналт, ажиглалтгүй өөрсдөө өөрсдийнхөө хүссэн төрөө хараат бусаар байгуулна. Хэн нэгэн гуравдагч орны хүслийн төр биш бид өөрсдөө хүссэн төрөө байгуулна. Үүнийг Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд бүгд дэмжих хэрэгтэй байна. Энэ уриалга, санал санаачилгыг эрх баригчид, УИХ-ын эрхэм гишүүд дэмжих хэрэгтэй.
Твиттер,фэйсбүүк, бот, троллын арми Монголын нийгмийг яаж талцуулж, ямар ч ажлыг хялбар нурааж, бүтээн байгуулалт, хөгжил дэвшил болгоныг гутаан доромжилж, хэнийг ч хамаагүй үгээр “шон”-д өлгөж нийгмийн сэтгэлзүйг савлуулж байгааг бид өдөр бүр харж байна. Энэ бүгдийг цэгцлэх эхний алхам бол УИХ-ын сонгуулийн тухай хуульд дээрх зохицуулалтыг тусгах. Тиймээс энэ заалтад холбогдох хүмүүс нь анхаарал хандуулж, хуульд тусгаж өгнө үү. Хэвлэл мэдээллийн бусад байгууллагууд, мэргэжлийн редакциудад хандахад манай энэ нийтлэлийг дэмжиж ажиллана гэдэгт найдаж байна.
Энэ тал дээр Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Телевизүүдийн холбоо, Сайтуудын холбоод, Өдөр тутмын сонинуудын холбоо нэгдэн ажиллаж, төр засагт саналаа хүргүүлэх нь чухал байна.