Сүхбаатарчууд 2016 оны Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуулиар Дарьганга суманд үнэмлэхүй ялалт байгуулсан П.Мөнхжаргалын бүрэн эрхийг Сүхбаатар аймгийн МАН хүлээн зөвшөөрөхгүй байгааг эсэргүүцэн, хийсэн сонголтыг нь хүндэтгэн үзэж, баталгаажуулахыг МАН-ын дарга М.Энхболдоос шаардан жагслаа. Энэ удаагийн жагсаалд 2000 орчим хүн Сүхбаатар аймгийн сум тус бүрээс төлөөлөн оролцсон ба тэд сонголтыг нь баталгаажуулах 10 хоногийн хугацааг МАН-д өгч буйгаа мэдэгдлээ.
Энэ хугацаанд сонголтыг нь баталгаажуулаагүй тохиолдолд өнөөдрийн жагсаалын хүчээ 10 дахин нэмж, Улаанбаатар хотод Сүхбаатарын талбайд жагсах гэнэ.
Энэ удаагийн жагсаалд оролцогчид бүгд “М.Энхболд Сүхбаатарчуудын сонголтыг баталгаажуул” лоозонг гартаа барьжээ. Мөн жагсаал зохион байгуулалт эмх цэгцтэй, өндөр түвшинд болж байгааг хүмүүс онцоллоо.