Улсын Их Хурлын дарга М.Энхболдтой МҮОНТ-ийн сурвалжлагчийн хийсэн ярилцлагыг товчлон хүргэж байна.
-Улсын Их Хурлын дарга М.Энхболдтой цаг үеийн асуудлаар ярилцах гэж байна. Та сайхан өвөлжиж байна уу?
-Налгар сайхан намар боллоо. Өвөл өнтэй болох байх аа. Яагаад гэвэл өвлийн сар сайхан эхэлж байна. Харамсалтай нь улс төр жаахан халуухан нөхцөл байдалтай энэ өвлийг эхлүүлж байна даа.
-Харин тийм. Өвлийн эхэн сар гараад дундаа орсон хэдий ч сүүлийн өдрүүдэд улс төр нэлээд хүнд байдалтай байна. Яригдаж байгаа сэдвүүд дотор таны нэр дурдагдаж байгаа. Иргэд, олон нийт гайхширал, хүлээлтийн байдалтай байх шиг. Яах ёстой вэ. Та үүнд ямар дүгнэлт хийж байна вэ?
-Сүүлийн үед УИХ дээр үйл ажиллагаа нэлээд хүндрэл, бэрхшээлтэй байна. Хэдийгээр УИХ-ын 32 гишүүн гарын үсэг зурж, намайг Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан явдал нь ашиг сонирхлын зөрчлийг бий болгож байна гэж УИХ-ыг удирдахгүй байхыг шаардаж байгаа. Гэсэн ч би энэ гишүүдэд хууль зүйн үндэслэлээр тайлбар өгсөн. Үнэхээр ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байгаа бол Засгийн газрыг огцруулах асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхэд би удирдахгүй байж болно гэдгээ хэлсэн. Гэхдээ УИХ-ын гишүүд ирцээ ямар ч байсан 50-иас дээш хувьд хүргэж, өнгөрсөн өдрүүдэд хэлэлцэх ёстой, нэн ялангуяа хугацаатай хэлэлцэх асуудлуудаа хугацаанд нь багтааж хэлэлцэж чадаж байгаа. УИХ-ын энэ нөхцөл байдал яаж үүсч бий болж байна вэ гэдэгт би тодорхой хэдэн зүйлийг хэлье гэж бодож байна. Монгол Улсын Их Хурал Засгийн газраас өргөн барьсан, ялангуяа улс орны эдийн засаг, нийгэм, иргэдийн амьдралтай шууд холбоотой асуудлаар маш шуурхай ажиллаж байгаа. Нэг ч асуудлыг хойшлуулж буцаалгүйгээр Засгийн газрын өргөн барьсан асуудлыг Байнгын хороо, чуулганаар сайжруулж, баталж ажиллаж байгаа. Харамсалтай нь сүүлийн үед Засгийн газрын тэргүүн, Засгийн газрын гишүүд УИХ-ын үйл ажиллагааг бойкотлож, эсэргүүцэж байгаа үйлдлүүдээс Их Хурлын зарим нэг үйл ажиллагаа тасалдах нөхцөл байдал бий болж байна. Үүнийг би хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаа.
Засгийн газар бол Үндсэн хууль болон бусад хуулийн хэрэгжилтийг хангаж, УИХ-ын өмнө хариуцлага хүлээдэг байгууллага болохоос биш, УИХ-даа бойкот хийгээд хуралдаа орж ирэхгүй, асуудлыг хэлэлцүүлэхгүй хурлыг гацааж байдаг байгууллага биш ээ. Өргөн барьсан сайдыг нь томилоод өгье гэхээр Ерөнхий сайд нь орж ирдэггүй, УИХ-ын гишүүдийн тавьсан асуулгад хариулт авъя гэхээр хариуцаж байгаа сайд нар нь ирдэггүй. Өнөөдөр валютын ханшийн хурдацтай өсөлт, бензин, шатах тослох материал, бараа бүтээгдэхүүний үнийн нэмэгдэл, өвөлжилтийн бэлтгэл гээд шийдвэл зохих олон чухал асуудал байна. Энэ талаар юу хийж байгааг сонсож, шаардлагатай шийдвэрүүдийг гаргахын тулд гишүүд асуулга тавьж мэдээлэл авъя гээд бүтэн хоёр долоо хоног хүлээж байна. Сүүлийн хоёр сарын дотор дизель түлшний үнэ гэхэд 2100-гаас 2380 хүрч өсчихөөд байхад Засгийн газар тодорхой арга хэмжээ авахгүй, нөхцөл байдлаа УИХ дээр ярихгүй, орж ирэхгүй байна. Би үүнийг улс орны хэмжээний тулгамдсан асуудалд Засгийн газар маш хариуцлагагүй хандаж байна гэж үзэж байна. Түүгээр ч зогсохгүй Засгийн газрын зарим гишүүд Байнгын хорооны хуралдааны ирцийг бүрдүүлэхгүй байх талаар гишүүдэд ухуулга ятгалга хийж, Их Хурлын гишүүний эрхэнд ч халдаж байгаа. Засгийн газрын гишүүд нь УИХ-аар томилогдсоныхоо хувьд УИХ-ын өмнө хариуцлага, үүрэг хүлээж, байнга хэзээд бэлэн байх үүрэгтэй. Би энэ байдлыг Монгол Улсын төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллагын дээр улс төрийн нам гарсан, намын шийдвэрээр УИХ-ын үйл ажиллагааг зогсоож байна гэж харж байна. Шуудхан хэлэхэд МАН-ын дарга намынхаа дотоод үйл ажиллагаа, иргэдийнхээ харилцаа, өөрийнхөө хүлээсэн үүргээ бүрэн дүүрэн биелүүлж чадахгүй байна. Үүнээс шалтгаалж УИХ-ын үйл ажиллагаа доголдож байна. Парламентын нэр хүнд бүрэн дүүрэн сайн байгаа гэж би хэлэхгүй ээ. Гишүүд янз бүрийн асуудалд холбогдож байгааг буруушааж байна. Үүнийг хууль хяналтын байгууллагууд нь шалгах ёстой. Гэхдээ парламент үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд тасралтгүй явуулж байх учиртай.
-Гэтэл парламентыг тараах асуудлыг хөндөж байгаа. Бас таныг ажлаа өгөхийг шаардаж байгаа. УИХ тарах нь хэнд ашигтай байж болох вэ?
-Надад хариуцлагаас зугтаад, УИХ-ын даргын албан тушаалд шигдээд, суугаад байя гэсэн бодол байхгүй. Би Монгол Улсын Ерөнхий сайдын албыг хашиж байгаад улс төрийн нөхцөл байдлыг үнэлж, өөрөө өргөдлөө өгч огцорч байсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд хариуцлагагүй оролцсоноо хүлээн зөвшөөрч, МАН-ын даргын албан тушаалыг өгч байсан. Надад төрийн өндөр албан тушаалд шигдэж, суугаад байдаг зан байхгүй. Харин хариуцлага тулгарсан үед ажлаа өгөөд явах нь хариуцлагаас зугтааж байгаа хэрэг гэж боддог. Та бүхэн мэдэж байгаа, Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ыг тараах санаачилга гаргаж, зөвшилцөх бичгийг надад ирүүлсэн. Би энэ бичгийн хариуг өгөхдөө “Таны саналыг хүлээж авах боломжгүй байна” гэдгээ мэдэгдээд, төгсгөлд нь “Та Үндсэн хуулиар улс орны тогтвортой байдал, монголчуудын эв нэгдлийг хангах үүргийг хүлээсэн хүн шүү. Үүнийг анхаарч ажиллаарай” гэж хүссэн.
Дараа нь Монгол Улсын Ерөнхий сайд УИХ-ын чуулганы хуралдаан дээр “Би УИХ-ыг тараах асуудлыг ярина” гэсэн. Нөгөөтэйгүүр Монгол Улсын Ерөнхийлөгч хэвлэл мэдээллийн хэрэгслээр УИХ-ыг тараахыг дэмжих талаар иргэдийг уриалсан дуудсан шинжтэй өлсөж, цангах тэмцлийн хэлбэрийг ярьсан. Үүний дараа Засгийн эрхийг барьж байгаа манай намын байранд иргэдийг олноор нь, зориудаар зохион байгуулан цуглуулж, жагсаал цуглаанд турхирч байгаа үйлдлийг би Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх барих байгууллагын үйл ажиллагааг тасалдуулах оролдлого гэж үзэж байна. Тиймээс миний бие ийм цаг үед энэ ажил албан тушаалыг өгөөд, хариуцлагаас зугтах ёсгүй гэсэн байр суурьтай байгаа юм. Түүгээр ч зогсохгүй Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр миний байр суурь ганцаардах явдал нэг бус удаа гарч байгаа. Гэхдээ би гаргасан санал, хэлсэн үгээ хамгаалж, ҮАБЗ-ийн зөвлөмж шийдвэрт оруулж тусгаж байгаа. Намайг гүтгэж, дайрч, доромжилж болно. Би үүнд тэвчээртэй хандана. Би олон жил төрийн алба хашсан. Энэ хамт олны эв нэгдлийг эрхэмлэж явдаг хүний хувьд, хэрүүл маргаан үүсгэхгүй байх, тэвчээр хүлээцтэй байх нь миний баримталдаг зарчим. Монгол төрийн тогтвортой байдал Засгийн газар тогтвортой байхаас хэд дахин үнэ цэнэтэй юм шүү. Монголын ард түмэн итгэл үзүүлж, энэ парламентыг нэг нам давамгайлсан байдлаар байгуулж өгсөн. Тэр итгэлийг дааж ажиллахын төлөө л бид зүтгэх ёстой болохоос биш талцаж хуваагдаж, хариуцлагаас бултаж, сүржин үг, хоосон лоозогнол хэлж, байдлыг улам хурцатгаж асуудалд хандаж болохгүй гэж би үзэж байгаа.
-МАНАН гэдэг бүлэглэл байна, таныг энэ бүлэглэлийн толгойлогч нь гэж ярих боллоо. Бас шударга бусын хонгил гэдэг зүйлийн талаар зарим улстөрчид ярьдаг. Үнэхээр МАНАН, Шударга бусын хонгил гэж байдаг юм уу. Үүнд та бодитой хариулт өгөөч?
-2004 оноос хойш хэд хэдэн удаа хамтарсан Засаг байгуулагдлаа. Би заримыг нь толгойлж, заримд нь орж ажиллаж явсан. Хамтарсан Засгийн газруудын гаргасан шийдвэр, авч хэрэгжүүлсэн арга хэмжээнд оноотой ч юм бий, алдаатай ч юм бий. Алдаатайг нь ил далд, нууц хулгайн аргаар хамтран хийсэн гэж олон түмэнд итгүүлэх зорилготойгоор зарим хүмүүс улс төрийн бодлого, зорилготойгоор МАНАН гэдэг нэр өгч, ярьдаг. Үнэхээр ийм зүйл бодитой байгаа бол түүнийг шалгах ёстой. Би 2005 онд тухайн үеийн МАХН-ын даргаар сонгогдож, хоёр намын хамтарсан 67-гийн “бүдүүн бүлэг”-ийг тарааж байсан. Би УИХ-ын гишүүнээр сонгогдсоныхоо дараа МАХН, АН-ын хамтарсан бүлэг салах ёстой, байр байрандаа очих ёстой гэж үзээд, АН-ын 23 гишүүнтэй зөвлөлийг байгуулж байсан. Улмаар 67-гийн бүлэг дээр суурилж байгуулагдсан Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулж байсан. Харин өнгөрсөн сонгуулиар парламентад 65 суудалтай болгоод, МАНАН гэдэг нэртэй хамтарсан Засгийн газар байгуулахгүй байх улс төрийн нөхцөл бололцоог бүрдүүлчихээд би МАН-ын даргын албан тушаалыг хүлээлгэж өгсөн. Харин шинэ МАНАН үүсчих вий гэдгээс эмзэглэж байгаа. Шинэ МАНАН үүсч байна уу даа гэж надад ажиглагдаж байгаа.
-Монгол Улсын Ерөнхий сайд мэдээлэл хийхдээ 60 тэрбум бол үнэн, газар зарсан асуудал ч үнэн гэж хэлсэн. Энэ асуудал дээр та ямар хариулт өгөх вэ?
-60 тэрбумын гэдэг асуудал сүүлийн хоёр жил гаруй яригдаж байна. Энэ бол яриа. Энэ бол улс төрийн хэтрүүлэг, дэврүүлэг. Улс төрийн ашиг хонжоо олох гэсэн үйлдэл. Өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд хууль хяналтын байгууллагууд үүнийг нэг бус удаа шалгасан. Шийдвэрүүд нь гарсан. Ийм зүйл байхгүй гэдгийг нь тогтоосон. Ерөнхий сайдын мэдлийн Тагнуулын ерөнхий газар дээр энэ асуудлыг дахин хэрэг үүсгэн, шалгаж байгаа. Би сайн шалгаж, үнэн бодит байдлыг олон түмэнд ил тод, нээлттэй танилцуулах ёстой гэсэн байр суурьтай байгаа.
Газрын наймаа гэдэг бол намайг хотыг даргаар ажиллаж байсантай холбогдуулж өгсөн нэр хоч. Би газар олгож байсан. Гэхдээ газар зарж байгаагүй. Миний олгосон газар дээр Улаанбаатар хотод хичнээн мянган айлын орон сууцны хорооллууд бий болов, хэдэн мянган ажлын байр бий болов, Улаанбаатар хотын өнгө төрх хэрхэн өөрчлөгдөв гээд сайн талаас нь харах юм бол бас ч багагүй зүйлүүд бий. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад газар олгож, бүтээн байгуулалт хийх боломж, нөхцөлийг нь бүрдүүлэх явдал үе үеийн хотын даргын үүрэг. Би Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд ч гэсэн хотын даргаар ажиллаж байхдаа Төрийн ордны хойд талд газар олгож байсан. Тэр газар дээр зургаа, долоон давхар байшин барьж, тэрнийгээ зарж борлуулсан байх. Түүнийгээ өнөөдөр намайг газар зарсан мэтээр андуурч, сольж яриад байгаа юм болов уу гэж бодож байна. Энэ дашрамд томоохон дуулиантай хэргүүдэд Засгийн газар, хууль хяналтын байгууллагууд анхаарал тавьж ажиллах ёстой гэж үзэж байна. Жишээ нь, Оюу толгой, Эрдэнэтийн асуудал байна. Энэ хоёр асуудлыг шалгана, шийднэ гэж хоёр ч Засгийн газар ажиллалаа. Эрдэнэтийн асуудлаар Улсын Их Хурал Үндсэн хуульд нийцсэн тогтоол, шийдвэрээ гаргаж өгсөн. Үүнийг хэрэгжүүлэх үүрэг нь Засгийн газарт байгаа. Гэтэл яагаад Эрдэнэт, Оюу толгойн, төмөр замын 700 тэрбум төгрөгийн, АСЕМ-ийн, ЖДҮХС-гийн зээлийн асуудлыг шалгах асуудлыг зогсоогоод байгаа хүн нь ганцхан хүн, зөвхөн хууль тогтоох байгууллагын удирдлага болж хувирдаг юм. Засгийн газрын харьяа Тагнуул, Цагдаагийн байгууллага ажлаа хийх ёстой. Үнэн зөвөөр нь шалгаж тогтоох ёстой. Чадахгүй, хийхгүй байгаа учраас УИХ зарим нэгэн дээр нь Ажлын хэсэг хүртэл байгуулсан. Энэ Засгийн газрыг байгуулагдсанаас хойш найм, есөн сар хүлээгээд Оюу толгой, Эрдэнэтийн асуудлаар тодорхой шийдвэр гаргахгүй болохоор нь би Д.Тэрбишдагва гишүүнээр ахлуулсан Оюу толгойн ажлын хэсгийг байгуулсан. Гурван сар хэртэй ажиллаад дүнгээ гаргаж байна. Я.Санжмятав гишүүнээр ахлуулаад Эрдэнэтийн асуудлыг шалгах Ажлын хэсэг байгуулсан. Мөн л шалгаад дуусаж байгаа. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх болон Засгийн газрын бусад сангуудын үйл ажиллагааг шалгаж, үнэлэлт дүгнэлт өгөх Түр хороо байгуулах гишүүдийн санаачилгыг хүлээж авсан. Байнгын хороогоор хэлэлцүүлж, ирэх долоо хоног гэхэд Түр хороог байгуулж өгнө гэж бодож байгаа. Энэ мэт асуудлуудыг шалгах, тогтооход анхаарал тавихгүй хэрнээ Засгийн газартай хариуцлага тооцох, огцруулах асуудлыг тавихаар шударга үнэний төлөө тэмцэлд саад болж байна гэж хоосон сүржигнэж болохгүй ээ. Шударга ёсыг бодит ажил хэрэг, үйл ажиллагаагаар тогтоох ёстой.