Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Буянбадрах: Уран гэдэг чухал ашигт малтмалаа улсынхаа хөгжилд ашиглах цаг болсон DNN.mn

Монголын хүнд үйлдвэрийн эрдэс холбоо” ГҮТББ-ын Гүйцэтгэх захирал М.Буянбадрахтай ярилцлаа.


-Ураны төсөл 27 жилийн турш яригдаж, одоо хэрэгжих гэж байна. Энэ нь бидний хувьд цөмийн эрчим хүч ашиглаж, эдийн засгаа тэтгэх нэг боломж. Эндээс хоёулаа ярилцъя?

-Энэ “аманд орсон шар тос”-оо бид одоо түлхчихмээргүй байна. Бид ер нь маш их боломжийг алдсаар ирсэн нь үнэн. Ашигт малтмалаа баяжуулж, боловсруулахгүй, ихэнхийг түүхийгээр нь экспортолсоор ирсэн. Ураны хувьд 192 мянган тонн нөөцтэй, арваад орд, 100 гаруй илэрцтэй маш олон эрдэсжсэн цэг байдаг гэдэг. Бид энэ чухал ашигт малтмалаа улсынхаа хөгжилд ашиглах цаг болсон. Казахстан ураны салбарт маш том тоглогч болж, дэлхийд манлайлж байна. Бид тэдний туршлагаас сайн судалж, алдсан алдааг давтахгүй байх хэрэгтэй.

-Цөмийн энергийн хуулийг баталснаар атомын цахилгаан станц барих, түүнд зориулсан бүтээгдэхүүнийг экспортлох боломж бүрдсэн. Энэ хуульд оруулсан гол өөрчлөлт салбарынхны хүссэн хүлээлтэд хүрсэн болов уу?

-Энэ хуулийг УИХ-ын шинэ бүрэлдэхүүн нэлээд сайн хэлэлцэж байж баталлаа. “Оюу толгой”-н гэрээн дээр гаргасан алдаануудыг засч чадсан Хөрөнгө оруулалтын сайн гэрээ байгуулагдаасай гэж хүсч байна.

-Хуулийн төсөл санаачлагчид өсөн нэмэгдэх АМНАТ-ийг 19 хувьд хүргэсэндээ сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн. Та энэ талаар юу хэлэх вэ?

-Шуудхан хэлэхэд, АМНАТ-ийн хувь хэмжээний хувьд бусад орнуудтай харьцуулахад муугүй болсон. Өөрөөр хэлбэл, суурь АМНАТ таван хувь, тусгай АМНАТ таван хувь, өсөн нэмэгдэх АМНАТ есөн хувь буюу нийт 19 хувийн АМНАТ-тай байхаар баталлаа. Үр дүнг цаг хугацаа харуулна даа.

-Хэрвээ бид 27 жилийн тэртээгээс уранаа ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулсан бол эдийн засаг илүү сайжрах байсан болов уу. Энэ хугацааны эдийн засгийн алдагдсан боломжийг тооцвол?

-Ураны хувьд алдагдсан боломжийг ярихаасаа илүү цаашдын хамтын ажиллагаа харилцан үр ашигтай байгаасай. Энэ гэрээ хэрэгжсэнээр дараа дараагийн Хөрөнгө оруулалтын гэрээнүүд амжилттай байгуулагдах байх.

-Засгийн газар өнөөдөр ураны Зөөвч-Овоо төслийн Хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-д өргөн барина. Та Хөрөнгө оруулалтын гэрээтэй танилцсан уу. Анхаарал хандуулах, нэмж тусгах ямар зүйл заалт, санал байна вэ?

-Танилцаж амжаагүй байна. Том гэрээний үг, үсэг бүрийг маш сайн нягталж шалгах хэрэгтэй. Ураны шар нунтаг буюу баяжмал үйлдвэрлэхдээ байгаль орчинд тавих хяналтад онцгой анхаарах хэрэгтэй. Орчин үеийн технологийг нь ашиглуулах хэрэгтэй.

-Цөмийн эрчим хүч ашигласнаар Монгол Улсад ирэх эдийн засгийн үр өгөөжийн тухай ярихгүй юу?

-Зургаан тонн нүүрс шатаахад гарах энергийг нэг грамм уранаас гаргаж авна гэхэд л өгөөж маш өндөр. Үүнийгээ дагаад эрсдэл ч өндөр. Дэлхий дээр өнөөгийн байдлаар цөмийн эрчим хүчийг голдуу аж үйлдвэр өндөр хөгжсөн орнууд цахилгаан станцдаа ашиглаж байна. Өнөөдөр дэлхий дээр уран ашигладаг цөмийн цахилгаан станц олон зуугаараа шинээр баригдаж байна. АНУ тэргүүлж байгаа бол Франц улс удаалж байна. Хятад улс маш олон станц барьж эхэлсэн. Ураны үнэ, хэрэглээ нэмэгдэж зах зээлийн хувьд эерэг таатай нөхцөл бүрдэж байна. Үүнийг бид ашиглах ёстой. Салбарын мэргэжилтнүүд, санхүүчид ураны ханшийг одоогийн ханшаасаа 4-5 дахин өснө гэж таамаглаж байна. Манай улсын хувьд цөмийн эрчим хүчийг ашиглахад маш их хугацаа, бэлтгэл ажил шаардлагатай.

Д.ЭРДЭНЭТУЯА

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *