Спортын шилдгүүдийг тодруулдаг “Бөртэ Чоно”-наадмын 2017 оны шилдэг дасгалжуулагчаар тодорсон хүндийг өргөлтийн ДАШТ-ийн хүрэл медальт “Алтан охин” хэмээх М.Анхцэцэгийн багш, дасгалжуулагч Цэнхэржавын Хосбаярынд өнжлөө. Өнжих хүсэлтэй байгаагаа хэлэхэд өдөр бүр, өглөө оройгүй бэлтгэлтэй байдаг, бямба гаригийн өдөр 12:00 цагт бэлтгэлээ тарна, үдээс хойш ирээрэй гэв. Биднийг очиход тэрбээр “Ёстой салдаггүй муухай ханиад байна” хэмээн дусал залгуулчихсан том өрөөнийхөө буйдан дээр сууж байна. Түүний бага хүү таван настай Х.Баянмөнх хүүхэлдэйн кино үзэж, аав, ээжийнхээ утсаар тоглоод л жаргалтай нь аргагүй маадгар хэвтэх. “Та нарыг ирэхийн өмнөхөн гэр бүлийнхээ зургийг зурж, ааваараа жаргалтай гэр бүл гэж тайлбар бичүүлээд, ханандаа наачихсан. Баримлын шавраар штанг өргөж байгаа хүн хийгээд, ёлкон дээрээ тавьчихлаа, гарын дүйтэй хүү шүү” гээд аав нь бидэнд хүүгийнхээ бүтээлийг үзүүллээ. Харин гэрийн эзэгтэй Н.Мөнхцэцэг цай хоол, идээ будаа бэлтгэх гээд тун завгүй байв. Ц.Хосбаяр дасгалжуулагч эхээс наймуулаа бөгөөд нэг ах нь Хүндийн өргөлтийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Хасбаатар юм байна. “Хасаа ахын маань эхнэр Ч.Долгоржав надад дусал хийж өгөхөөр ирсэн байна. “Гоо-Үжин” гээд нүүрний иогийн төвтэй, хүүхнүүдийг нүүрний иогоор гоё болгодог, энэ чиглэлээр японд сураад ирсэн хүн. Манай генсекийн эхнэр шүү дээ” хэмээн бидэнд танилцуулаад, Доки наашаа суугаад, цай уугаарай хоол идээрэй гэх аж.
Гэрийн эзэгтэйн жигнэсэн буузыг идэнгээ буузны тухай яриа өрнөлөө. Долгоржав “Эдний бууз том, том байдаг юм. Цагаан сарынх нь бууз бүр кофены аяга шиг шүү дээ. Хосоогийн шавь нар гээд хүндийн өргөлтийн шигшээ багийн эмэгтэй тамирчид ирж бууз хийнэ. Тэд нар чинь бүр л том, том бууз хийчихдэг юм” гэв. Хосоо дасгалжуулагч “Манай спортынхон чинь сайн иддэг хүмүүс, бусад айлынх шиг жижиг бууз хийхээр нэг л болдоггүй юм. Тамирчид голдуу ирээд иднэ, бууз том байвал арай барьцтай” гэж байлаа. Хүндийн өргөлтийн үндэсний эмэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаярынх ийнхүү хотын төвд байх “Хурд”-ын байранд эгэл даруухан, энгүүн сайхан аж төрдөг ажээ. Эднийх таван хүүхэдтэй бөгөөд ихэнх нь тусдаа гарсан, гадаад, дотоодын их дээд сургуульд сурч, ажиллаж хөдөлмөрлөж буй учир хамгийн бага хүүгээс бусад нь эзгүй байлаа.
Түүний аав Цэнхэржав нь Дорнод аймгийн уугуул бол ээж нь Увс аймгийн гаралтай хүн байжээ. Аав, ээж хоёр нь насаараа “Махкомбинат”-д ажилласан, хөдөлмөрч хүмүүс байсан гэнэ. Аав нь 96 наслаад хоёр жилийн өмнө өөд болсон бол ээж нь 80 гаруй наслаад бурхан болжээ. Аав нь хүүхдүүдээ багаас нь байшин барих, мод бэлтгэх зэрэг бүх л ажил хөдөлмөрт үлгэрлэн сургаж, буруу хийхэд ер зэмлэдэггүй, зөв болгож, зааж сургаад, уйгагүй хөдөлмөрлөх ёстой, хүн залхуу байж болохгүй, зүгээр суух хэрэггүй хэмээх философиор хүмүүжүүлжээ. Тиймдээ ч Хосоо дасгалжуулагч аливааг хүн гуйхгүй, өөрөө хийчих хүсэлтэй, зуслангийнхаа байшинг ч хүртэл өөрөө барьчихсан гэнэ. Мөн аавынх нь хөдөлмөрч байх ёстой гэдэг хүмүүжил тэдний үзэл бодол, үйл хэрэгт нь өвлөгдсөн аж. Тэрбээр “Авьяас дээр хөдөлмөрийг нэмэхэд аварга болно” гэх үг санаанаас гардаггүй. Ямар ч хүнд хоолоо олж идэх ёстой төрөлхийн авьяас байдаг. Гэхдээ авьяастай байлаа гээд олигтой хөдөлмөрлөж, тухайн ажилдаа, спортдоо дурлахгүй бол амжилт олохгүй, цагийн гарз болно. Бэлтгэлээс их хоцордог, спортдоо дурлаагүй хүүхдүүдийг чи хэрэггүй, боль өөр юм хий гээд шуудхан хэлчихдэг юм. Дуртай зүйлдээ л хүн амжилт гаргана, хэн ч байсан маш их хөдөлмөрлөх хэрэгтэй” гэж байв.
Ингээд “алтан охин” хэмээх М.Анхцэцэгийн тухай яриандаа орлоо. Танай шигшээ багийн охидоос М.Анхцэцэгийн амжилтанд хүрэх хүүхэд байгаа биз дээ. Анхаагийн амжилтын онцлог юунд байна вэ гэхэд Хосоо багш “Манай үндэсний шигшээ багийн охидын дундаж нас 18.7. Анхаа багийнхан дотроо том эгч нь, он гараад 21 хүрнэ. Би охиддоо хэлдэг юм. Та нар Анхаатай яг адилхан, хөл гар бие хаа байна дутах юм юу ч байхгүй, адилхан бэлтгэл хийж байна. Анхаагийн толгой нь л арай илүү ажиллаад байна. Та нар бөндгөрөө л сайн ажиллуул гэж хэлдэг. Мөн сэтгэлзүйгээ бэлдэж, төвлөрч, дотоод сэтгэлээрээ ялж чаддаг байх нь чухал. Дэлхийн аваргын тайзан дээр гарахынх нь өмнө “Анхаа одоо л чи ялах хэрэгтэй. Өргөж чадах юм бол медаль авна. Чадахгүй бол ямар ч нэмэргүй, 15 байр хойшоо ухарна мэдэж байгаа биз” гэхэд нүд нь асаад л ирсэн. Анхаагийн нүд их сонин, асчихдаг, амьтан барьж идэх гэж байгаа чонын нүд шиг болно. Ассан чигээрээ гарсан. Би ч за барих юм байна гэж бодсон, барьсан, хүрэл медалийн болзол хангасан тийм хүчирхэг охин байгаа юм. Багш, шавь хоёр бие биеийнхээ нүдийг хараад л ойлгодог болчихдог юм байна. Ер нь манайд хүндийн өргөлт хөгжиж байна. Маш их ирээдүй бий. Энэ ирээдүйн буухиаг Анхаа маань өнгөллөө. Анхааг дэлхийн аваргаас медаль авснаас хойш энэ спортыг сонирхох хүүхэд залуусын тоо маш ихээр нэмэгдсэн. Тамирчдад илүү их итгэл төрсөн хэмээн ярилаа.
Хүндийн өргөлтийн үндэсний шигшээ багийн тамирчид долоо хоногийн зургаан өдөр өглөө 08.00 цагаас оройны 20.00 цаг хүртэл бэлтгэлтэй байдаг аж. Өдөр нь завсарлаж, гэртээ ирж цай ундаа уугаад орой дахин бэлтгэлдээ явдаг байна. Амрах ёстой нэг өдрөө багш нь тамирчин охидтойгоо ууланд алхаад өнждөг аж. Томоохон тэмцээнд орж медаль авсан үедээ л хоёр, гурван өдөр амрах завшаан олдоно. Он гараад улсын аварга болох учраас бэлтгэлээ эрчимжүүлчихээд байгаа . Оны эхэнд томоохон тэмцээнүүдээ хийчихвэл ирэх жилдээ олон медаль авч, ургац ихтэй, амжилт арвинтай байдаг гэж бэлгэшээдэг гэнэ.
Ц.Хосбаяр дасгалжуулагч анх хүндийг өргөлтийн спортод орж байсан үеэ дурсахдаа “Манай ах Хасбаатар өөрөө штанг өргөж байсан хүн. 1984 оны нэг л өдөр намайг 10 настай байхад дагуулаад, хүндийн өргөлтөд оруулж байлаа. Ингээд Самбуу багшийнхаа шавь болж байсан юм. Багшийн маань хүү Үенбаатар гэж манай холбооны дэд ерөнхийлөгч залуу бий. Бид хоёр өнөөдрийг хүртэл 34 жил нөхөрлөж, энэ спортдоо үнэнч явна. Анхандаа ч шантрах, буцах үе зөндөө л байсан. 1996 оны олимпод очоод хоёр өвдөгнийхөө шөрмөсийг тасалчихаад сууж байлаа. Тухайн үед за одоо ёстой больё гэж бодож байлаа. Батзориг, Үенбаатар бид нар одоо ярьдаг юм. Бид 90-ээд оны картын барааны үеийн тамирчид. Нөхөд минь тийм хүнд үед том амжилт гаргасан. Манай холбооны шавыг 1956 онд Гунгаа гэж ахмад багш тавьж байсан юм. Ингээд нэгэн жаран өнгөрсөн ч аваагүй байсан дэлхийн медалийг 61 дэх жилд нь буюу хоёр дахь жарны эхний жилдээ М.Анхцэцэг маань авлаа. Цаашид олон залуус медаль авах байх гэж найдаж байна. Монгол хүн дэлхийн аваргаас медаль авч болдог юм байна гэдгийг их олон хүнд харуулсан гэдэг утгаараа, энэ охины амжилт үнэ цэнэтэй юм. Ер нь сүүлийн үеийн охид маш дайчин, хүчирхэг болж байна. Харин эрчүүд л шантарчих гээд байх юм.
Анхцэцэгийг хараад, энэ спортыг сонирхох ойлгох хүмүүс ч олон болсон. Аав, ээж нар нь хадаг бариад охиноо, хүүгээ хүндийн өргөлтийн тамирчин болгоё гэж ирдэг болсон байна. Хүндийн өргөлт бол яг л монгол хүний спорт юм шүү дээ. Хөл, гарны нурууны булчин хөгжүүлж байдаг. Хүндийг өргөнө. Хүндийг өргөхийн тулд хүч хэрэгтэй. Монголын захын нэг хүүхдэд тийм хүч бий.
Ц.Хосбаяр багшаас дараахь зүйлсийг тодрууллаа.
-Таны үеийн тамирчид, одоогийн залуу тамирчдын дунд ялгаа байна уу?
-Ахмад тамирчид биднийг залуу байхад, та нарын үе бидний үеийг гүйцэхгүй юм гэдэг байлаа. Тэрийг би одоо хүүхдүүдэд хэлээд байна. Долгионы саармагжилт, ухаалаг гар утас, технологийн хөгжил зэргээс болоод хүүхэд залуус хөдөлгөөн багатай болсон. Бидний багад уулнаас гулсдаг, ус түлээ модонд явдаг. Эсгий гутал дээр тэшүүр баглаад гулгадаг байсан бол одоо цаг өөр болж. Хөдөлгөөний дутагдлаас болоод зүүн талын гар хөл нь муруйлттай болсон байна. Хүний хөдөлгөөнийг удирдаж байдаг тархи ажиллахгүй болохоор ийм гажиг үүсдэг гэж би ойлгоод байгаа. Спортод орохоор ирж буй хүүхдүүд бүгд муруйлттай байна. Утаа, агаарын бохирдол зэрэг орчны хүнд нөхцөлүүд ч ирээдүйн том, том тамирчид төрөхөд маш их саад болж байна.
-Хүүхдийг хэдэн наснаас нь хүндийн өргөлтөөр хичээллүүлбэл зүгээр вэ?
-Хятадад найм, есөн наснаас нь, европт 11 наснаас нь хичээлүүлж байна. Монголд долоо, найман нас, 18, 20-тойгоос ч эхэлж л байна.
-Хүндийг өргөхөд нас хамаатай юу. Анхаа хэдэн нас хүртлээ өргөх боломжтой вэ?
-Харьцангуй ойлголт. Анхаагийн жинд түрүүлсэн эмэгтэй гэхэд л гурван хүүхэдтэй, 39 настай эмэгтэй шүү дээ. Энэ спортод нас бол тоо. Тамирчин хүний хамгийн том зовлон бэртэл. Анхаад гурван ч олимпийн цикль байна.
-Бяртай байх ёстой юу. Хүндийн өргөлтийн тамирчин болоход юу чухал вэ?
-Энэ бол сэтгэлгээний спорт. Нэг л айдастай гарвал чадахгүй. Өөрөө, өөрийгөө ялдаг спорт. Айдсыг гаргаж хаячихаад ялна. Бөх барилдах, тулааны спорт зэрэг хүнтэй харьцдаг спортын төрөл бол өөр. Нэгдүгээрт сэтгэлзүй. Хоёрт техник, гуравдугаарт хүч хэрэгтэй. Хувь хүний сэтгэлзүй, өөрийгөө авч явах чадвар гээд их юм хэрэгтэй спорт. Намайг залууд манай багш наадах төмөр чинь ээжийг чинь дараад алчихсан гэж бодоорой, тэгээд наад төмрөө ялаарай чи гэж хэлдэг байсан. Манайд спортын сэтгэлзүйч л дутаад байх шиг.
20 настай тамирчин Ц.Хосбаяр
Ц.Хосбаяр дасгалжуулагч энэ спортоосоо хөндийрөөд, ахтайгаа нийлэн уул уурхайд ажиллаж байгаад, хожим 2012 онд эргэн ирсэн байна. Түүний гараас анх улсын цолонд хүрсэн хүн нь Бүрэнбаатар начин аж. Бүрэнбаатарыгаа жоншны хажууд дагуулаад л, бэлтгэлийг нь хийлгэдэг байлаа гэж байв. Мөн тэрбээр ханийнхаа тухай ярихдаа “Миний хань даруухан, дуу цөөтэй хүн. Амжилттай яваа эр хүний ард ухаалаг эмэгтэй байдаг гэдэг үнэн үг шүү. Тамирчид маань манай хүнийг өндөр ээж гэдэг юм. Надаас илүү л тэдний төлөө санаагаа чилээж, тусалж дэмжиж, хоол цайг нь хүртэл бэлдэнэ дээ” гэж байлаа.
Эднийд маш олон төрлийн архи, вискиний цуглуулга байх ажээ. Ихэнхийг нь шавь нар болон спортынхон нь өгчээ. Тухайлбал, М.Анхцэцэгийн залуучуудын дэлхийн аваргаас ирэхдээ өгсөн виски, Г.Эрхэмбаяр аваргын аварга болдог жилээ өгсөн архи, Н.Түвшинбаяр аварга Азийн аварга болчихоод ирэхдээ бэлэглэсэн, Мөнхзаяа, Сумьяа болон шавь улсын арслан Оюунболдынх нь өгсөн архи гэх мэт байх аж. Хамгийн сүүлд Жаргалбаяр зааны авчирч өгсөн идээний дээж байна гэж байлаа. Мөн Өмнөдмонголын Цагаанзаан аваргын өгсөн монгол бичигтэй архи ч байх жишээний. Цуглуулгын сайн чанарын, ховор нандин архи вискинүүдээ жижиг, том өрөөнийхөө шкап, тавиур бүрээр өрчихжээ.
Мөн түүний шавь Оюунболд арслангийн туг тойрч буй зураг, М.Анхцэцэг Асашёорюү Д.Дагвадорж хоёрын зураг, Түвшинбаяр аварга болон үндэсний бөхийн аваргуудтай авахуулсан зураг, өөрийнх нь улсын рекорд эвдэж байсан, туйвар өргөж буй 20 настай үеийнх нь түүхэн зураг гэх мэт зургууд хүндтэй байрыг эзэлжээ. Мөн түүний залуудаа авч байсан медалиуд болон багийнх нь амжилтыг илтгэх шагнал цомууд, дунд хүү Очирхүүгийнх нь өргөдөг байсан үеийн шагналууд гээд ханаар нь дүүрэн медаль, шагнал урамшууллууд байх ажээ.
Цэцэрлэгийн багш мэргэжилтэй ч бага хүүхдээ хараад гэртээ байгаа түүний хань Н.Мөнхцэцэгтэй цөөн хором ярилцахад “Спортын хүний гэргий байх анхандаа хэцүү байлаа. Одоо ч бие биеэ ойлгоод, нэгэндээ дассан байна. Нэгэнт л энэ хүн чинь спортдоо дуртай, амьдралынх нь гол зүйл болчихсон тул ойлгохоос өөр аргагүй шүү дээ. Хосоог тэмцээнд явчихсан үед нь үлдсэн тамирчдыг нь би хариуцна. Төр хурахад тамирчдынхаа бэлтгэлийг хийлгээд, хоолыг нь хийж өгөөд л байж байна. Бороотой байсан ч шүхэр бариад суучихдаг, бэлтгэл хийхээр гараад л ирдэг юм гээд намайг заримдаа охид шоолно” гэж байлаа.
Ц.Хосбаяр дасгалжуулагч “Өдрийн сонин”-ы Ж.Пүрэвсүрэн, Ж. Гангаа гэж ах дүү хоёр намайг хүндийн өргөлтийн залуу тамирчин байхад их дэмжинэ. Хааяа 20, 20 мянган төгрөг өгдөг. Түүнд нь би их баярладаг байлаа. 90-ээд оны 20 мянган төгрөг гэдэг чинь их мөнгө шүү дээ. Пүүжий ах надтай адилхан шар юм гээд л намайг өхөөрдөнө. Тэд чинь хүндийн өргөлтийн нэртэй тамирчид шүү дээ. Сайхан хүмүүс байсан” хэмээн дурслаа.
Мөн Аса аварга Д.Дагвадорж, Анхаад маань зөндөө л мөнгө төгрөг өгч тусалж, дэмждэг юм. Ерөнхийлөгч Х.Баттулга хүртэл биднийг дэмждэг. Спортод сэтгэлээ өгсөн хүн. Монголын хүндийн өргөлтийн холбооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн нарын олон хүн энэ спортод их зүйлийг хийж байна. Сэлэнгийн нутгийн зөвлөл, “Масс” агентлагийн дарга Ч.Даваабаяр гээд тусалж дэмждэг маш олон хүн бий. Би мартчихаад бүгдийг нь нэрлэж чаддаггүй юм. Манай Анхаа бол бүгдийг нь шүлэг шиг уншина шүү дээ гэж байлаа.
Ц.Хосбаяр багш 10 настайдаа хүндийн өргөлтийн спортоор хичээллэж эхэлсэн ба спортын мастер цолыг 18 настайдаа, 19 настайдаа ОУХМ цол хүртсэн аж. Монгол Улсын 1993 оны “Шилдэг тамирчин”. Өсвөр үеийн улсын дөрвөн удаагийн аварга, залуучуудын дөрөв, Насанд хүрэгчдийн долоо, спартакиадын нэг удаагийн аварга болжээ. Мөн Монголын хүндийн өргөгчдөөс Азийн анхны аварга цолыг хүртсэн хүн юм байна. Азийн АШТ-ээс нэг алт, дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл медаль зүүсэн, улсдаа нэг номерын тамирчин байсан юм билээ.
Ц.Хосбаяр, шавь М.Анхцэцэг
2012 онд хүндийн өргөлтийн спортод зүтгэж явсан нэгэн үеийн хэдэн залуус болох О.Батсайхан Ч.Дашзэвэг, Ч.Даваадорж, С.Үенбаатар, Г.Даваадорж, Ц.Хосбаяр нар цугларч хайртай спортоо аврахын төлөө хамтран ажиллахаар тохиролцож зүтгэж эхэлсэн юм байна. Тэд Монголын хүндийн өргөлтийн загалмайлсан эцэг Т.Самбуу багшийн захисан ёсоор Ч.Даваадорж холбооны ерөнхий нарийн бичгийн дарга болж, Ц.Хосбаяр дасгалжуулагчийн албанд зүтгэснээр энэ спорт дахин сэргэх эхлэл нь тавигдсан ажээ. Мөн холбооны Удирдах зөвлөлд дэвшин хамтран ажилласан Ч.Даваабаяр, Ц.Хасбаатар зэрэг олон олон хүний хичээл зүтгэл их гэнэ.
Ц.Хосбаяр Хүндийн өргөлтөөс гадна чөлөөт бөхөөр 73 дугаар сургуульд дасгалжуулагчаар ажиллаж, 2012 оноос “Хасу мега старс” клубын тамирчидтай, 2015 оноос Үндэсний шигшээ багтай, 2015 оны арванхоёрдугаар сард жүдогийн тамирчидтай ажилласаар иржээ. Үндэсний бөхөөр улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан Э.Оюунболд, улсын заан Н.Жаргалбаяр нарын 18 улсын цолтой бөх, аймгийн цолтой 50 гаруй бөхчүүдийг бэлдсэн байна. Тэрбээр энэ спортод оруулсан Т.Самбуу, Б.Гансүх багш нартаа ихэд баярлаж явдаг гэнэ.
Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН