Хүндийг өргөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс долоон медаль хүртсэн гавьяат тамирчин М.Анхцэцэг “Монгол” телевизийн “Өнөө өглөө” хөтөлбөрийн зочноор уригдаж, ярилцах үеэрээ их спортоо орхиж байгаагаа ярьсан байна.
Хэдхэн хоногийн өмнө Бахрейны Манама хотод болсон ДАШТ-ээс огцом өргөлтөөр мөнгөн медаль хүртсэн тэрбээр тамирчны 17 жилийнхээ замналд цэг тавьж байгаагаа хэлсэн юм.
М.Анхцэцэг нэвтрүүлгийн төгсгөлд ярихдаа, “Саяхан болж өнгөрсөн ДАШТ бол миний сүүлчийн тэмцээн байлаа. Би 17 жил хүндийг өргөлтийн спортоор хичээллэлээ. Энэ хугацаанд маш их хөдөлмөр, мөн олон зүйлийг золиосолсон. Одоо эрүүл мэнддээ анхаарах цаг болсон байна. Өөрийнхөө эрүүл мэндийн байдлыг мэдэж байсан болохоор сүүлийн Олимп, сүүлийн ДАШТ ихээхэн онцлогтой. Заавал медаль авах ёстой гэж зүтгэсэн. Мөн өөрт төрсөн мэдрэмжүүд маань өөр байсан. Зарим зүйлд сэтгэл хорогдоод, тэмцээнийхээ заалнаас явмааргүй санагдах ч үе байлаа. Өнөөдөр надад тохой, бугуй, өвдөг, мөр, шагай, нуруу гээд бэртэж үзээгүй нэг ч үе байхгүй. 17 жил тасралтгүй үзлээ. Өөрийнхөө хувьд харамсахааргүй, сайхан амжилтууд гаргасан гэж бодож байна. Сүүлийн хоёр жил дексаметазон тариаг асар их тариулсан. Түнх рүүгээ 7 хоногт нэг удаа, эсвэл сард хоёр удаа гээд байнга хүчтэй тариа хийлгэж ирсэн. Тэгэхээр одоо эрүүл мэнддээ, гэр бүлдээ анхаарах цаг ирлээ. Нөхрөө дэмжиж, эцэг эх, үр хүүхдэдээ цаг зарцуулж, амьдарч үзмээр санагдаж байна” хэмээлээ.